ОБЕГ: Иргэд усанд осолдсон дуудлага ирсээр байна


ОБЕГ: Иргэд усанд осолдсон дуудлага ирсээр байна 

Сүүлийн 24 цагт ОБЕГ усны осолтой холбоотой дараах дуудлагыг хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагаа явуулжээ.      

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн "Их-Агт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотын харьяат 7 хүн "Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б/39 настай, эрэгтэй/-ыг 08.02-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 

1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн "Их-Агт” гэдэг газраас "Хар бухын гол”, "Туул гол нийлсэн бэлчир” гэдэг газар хүртэл 40 км-т завиар, 3 метрийн гүнд 5 удаа  шумбалт хийж, 
2 дугаар бүлэг: Их-Агт газраас Уухай гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, 
3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас Уухай гэдэг газар хүртэл голын хойд эргээр 10 км-т явганаар, 
4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас Уухай гэдэг газар хүртэл голын урд эргээр 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн  20:40 цагт түр зогсоосон. 
Өнөө өглөө 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт очиж хоносон.       

Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн "Булган булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 1 км-т/ Иргэн Б тогтоол усанд унаж живсэн тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 95 км замыг туулан 14:00 цагт очиход Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн Б /19 настай, эрэгтэй/-ын цогцсыг тогтоол усны баруун хойд эргээс 3 метр, 4 метрийн гүнээс гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.