Эрдэс баялгаас тогтвортой хөгжлийн ирээдүйн зүг


Эрдэс баялгаас тогтвортой хөгжлийн ирээдүйн зүг

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнсуурин төлөөлөгч Беат Транкманныбичсэн нийтлэлийг толилуулжбайна.

Байгалийн баялгаа түшиглэн хэдэн жилийн турш хурдацтай өссөн Монголын эдийн засгийн хөгжил саарснаар тус улсад хөгжлийн шинэ арга замаар хөгжих боломж гарч ирж байна. АСЕМ-ын чуулга уулзалт, сонгуулиар шинэ парламент Засгийн газартай болсноор дэлхийн анхаарлын төвд орсон тус улсын хөгжлийн түүхийг нэлээд дэлгэрэнгүй авч үзэх шаардлагатай.

 

Эрдэс баялгаас тогтвортой хөгжлийн ирээдүйн зүг

Ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засаг, улс төрийн ардчилсан тогтолцоотой Монгол Улс ихээхэн амжилт гарган  25 жилийн дотор бүс нутагтаа хөгжлийн үлгэр жишээ загвар болж чадсан юм. Тус улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж эхлэн хагас сая иргэнээ ядуурлаас ангижруулжээ. Тус улс  бусад олон орны бүтэлгүйтсэн олон салбарт, тухайлбал, эх нялхсын эндэгдлийг бууруулахад үр дүнд хүрсэн. Үүнээс гадна Монгол Улс өнгөрсөн жил анх удаа Хүний хөгжил өндөртэй улс орнуудын ангилалд багтжээ.  

Далайд гарцгүй тус улс эрдэс түүхий эдээр туйлын баялаг.  Өнгөрсөн арванхоёрдугаар сард олон улсын 20 зээлдэгчтэй 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг байгуулснаар дэлхийн зэс, алтны томоохон уурхайн нэг болох Говь дахь Оюутолгойн (гуравны нэг нь Монголын Засгийн газар, үлдсэнийг нь "Рио Тинто” эзэмшдэг) хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эхлэх боломжтой болсон юм. Энэ нь эдийн засгийг тэтгэж, шинэ ажлын байр бий болгох нь дамжиггүй. Зөвхөн тус уурхайд Монголын иргэд голдуу гурван мянган хүн шинээр ажилд орох юм. Оюутолгой ирээдүйд дангаараа тус улсын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлэн барилга, үйлчилгээ гээд олон салбарт хөрөнгө оруулалтыг сэргээхээр байна. 

Дэлхийд эрдэс түүхий эдийн эрэлт хэрэгцээ, үнэ огцом өссөн он жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан бол Азийн хөгжлийн банкны тооцоогоор энэ жил ердөө 0.1, ирэх жил 0.5 хувиар өсөх аж.

Энэ нь эдийн засаг олон талт байхын чухлыг сануулсан  явдал боллоо. Зөвхөн уул уурхайн салбарт найдах нь эдийн засгийг өсгөхөд, тэр тусмаа ажлын байрыг зохих түвшинд хүргэхэд хангалтгүй. Уул уурхайн салбар Монголын ДНБ-ий 20 хувийг үйлдвэрлэдэг ч нийт ажлын байрны ердөө дөрвөн хувийг л бүрдүүлдэг байна. Тэгвэл хөдөө аж ахуйд нийт ажиллагсдын 28 хувь ДНБ-ий 14 хувийг бий болгодог ажээ. 

Хүн амын гуравны нэг нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тус улсад  хөдөө орон нутгийг хөгжүүлэх нь шийдвэрлэх ач холбогдолтой. Сүү болон махны экспортыг огцом нэмэгдүүлэхийн тулд үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стандартыг өсгөхөд илүү их хүчин чармайлт, хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Монгол Улс ядуурлыг устгах, тэгш бус байдалтай тэмцэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах  зорилготой шинэ глобал Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) анхлан хэрэгжүүлж эхэлсэн орнуудын нэг бөгөөд тус улсын парламент хөтөлбөрийг өөрийн хөрсөндөө буулгасан  Монголын тогтвортой хөгжлийн  хэтийн төлөв 2030 (SDV)-ийг баталсан билээ. Монгол Улс  SDG, SDV-ийн зорилтуудаа биелүүлэх гол хүчин зүйл нь дан ганц эрдэс баялгийн олборлолтоос олон салбарыг хамарсан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл рүү шилжин тогтвортой хөгжих явдал болж байна. 

Аж ахуйн үйл ажиллагаанд  байгаль  орчны тогтвортой байдлын тооцоог баримтлах юм бол энэ нь хөгжлийн илүү цогц  байдалд хүргэх боломжтой. Байгаль орчинд илүү их хөрөнгө оруулалт татахын тулд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тус улсын Байгаль  орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал болон Сангийн яамтай экологийн тогтолцооны эдийн засаг, хөгжлийн үнэлгээг тогтоох аргачлалыг бий болгохын тулд хамтран ажиллах болно.  Энэ нь уул уурхайн салбарын сөрөг үр дагаврыг бууруулах олон нийтийн болон хувийн хэвшлийн нөхөн төлбөрийн тооцоог гаргахад чухал ач холбогдолтой юм.

Энэ талын тогтвортой үйл ажиллагаа Засгийн газар, компаниудаас эхлээд малчдын хариуцлагыг хүртэл дээшлүүлэх учиртай. Эрс тэс уур амьсгалаараа дэлхийд хамгийн эмзэг орнуудын нэгд тооцогддог Монгол Улс уламжлалт нүүдлийн мал ахуйнхаа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд бэлчээрийг талхлах явдал нүүрлэж буй нь өөр нэг эмзэг асуудал. Бэлчээр, усны нөөцийг хамгаалан хэмнэлттэй ашиглах тогтолцоотой болох нь малчдын амьжиргааг баталгаажуулах чухал хүчин зүйл билээ.

Монголчуудын хувьд, эдийн засгийн өсөлтийн хурд саарсан  явдал амьдралд нь бодитоор нөлөөлсөн. Монголын ядуурлын индекс уул уурхайн огцом өсөлтийн өмнөх хоёр жилд бараг гуравны нэгээр багасч, 2010 онд ядуучууд хөдөлмөрийн насны хүн амын 38.7 хувь байсан бол 2012 онд 21.6 хувь болон буурсан юм. Энэ үзүүлэлт 2014 онд бүр 21.6 хувь болсон билээ.

Тэгвэл  нийгмийн тэгш бус байдал хот, хагас хотожсон газар, хөдөө орон нутгийн хооронд нэмэгдсээр байна. Улаанбаатарт ядуурлын индекс хамгийн бага буюу 16.9 хувьтай байгаа бол алслагдсан хөдөө орон нутагт өссөөр дунджаар 27.9 хувьд хүрчээ. Улаанбаатарт тус улсын хүн амын бараг 60 хувь амьдрах болсон бөгөөд хотын алслагдсан гэр хорооллуудад төвийн ус, халаалтын шугамаас ангид амьдрах ядуучуудын тоо нэмэгдсээр байна.  Хөрс, ус, агаарын бохирдол Монголын нийслэлийг, ялангуяа түүний гэр хороололд нэмэгдэн хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлэх боллоо. Мянганы хөгжлийн зорилтуудын нэг болох цэнгэг усны хүртээмж, ариун цэврийн аюулгүй байдлыг хангах явдал олон хүндрэлтэй тулгарсан хэвээр байна. 2013 оны хүн амын тооллогын дүнгээс үзвэл, тус улсын хүн амын ердөө 27.3 хувь нь ариун цэврийн байгууламжаа сайжруулж, 68.1 хувь нь цэнгэг усны эх үүсвэрээ сайжруулжээ.    

Ийм хүндрэлүүд гарсаар байгаа ч Монгол Улс SDG, SDV-ийн зорилтуудаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Зүүн хойд Азид хамгийн залуу хүн амтай, 15-34 насны залуучууд нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлж буй Монгол Улсад эдийн засаг төдийгүй дотоодын хэрэглээгээ өсгөх боломж их байна. Монголын залуучууд түүнчлэн өндөр боловсролтой бөгөөд 2000-2010 оны хооронд их, дээд сургуулиудад элссэн оюутнуудын тоо гурав дахин өсчээ. 

Хэдий тийм ч тус улсын боловсролын салбар мэргэжлийн ажилтан шаардлагатай салбаруудыг боловсон хүчнээр хангах уялдаа дутагдалтай ч залуучууд Монголын ирээдүйн хөгжлийн гол хүчин зүйл болж байгаа нь тодорхой. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Үндэсний хүний хөгжлийн 2016 оны тайланд, Монголын 20-24 насны залуучуудын 17 хувь нь ажил хайж байгаа бол энэ үзүүлэлт бусад насныхны  хувьд дунджаар 7.9 хувь байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ өнгөрсөн зургадугаар сард НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээллийн 2017-2021 оны хөтөлбөрийг үзэглэсэн. Энэ хөтөлбөр НҮБ-ын зүгээс тус улсад дараагийн таван жилд үзүүлэх тусламжийн хүрээг тогтоон тогтвортой хөгжлийн хэтийн төлөвт тусгасан зорилтуудаа амьдралд хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. НҮБ-ын арвандөрвөн агентлаг ядуурлыг багасган ажлын байрыг нэмэгдүүлж, байгалийн баялаг болон хүрээлэн буй орчныг нь хадгалан хамгаалах тал дээр тус улстай 79 сая ам.долларын хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хэдий тийм ч энэ тал дээр олон нийт-хувийн байгууллагуудын хамтын ажиллагаа, технологи, хөрөнгө зэргээр хувийн бизнесийнхний оролцоо чухал байх нь тодорхой. НҮБ-ын тооцоолсноор, дэлхий даяар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) бие­лүүлэхийн тулд кор­по­рациуд нийт хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг гаргах шаард­лагатай ажээ. Тэгэхээр, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тогтвортой, таатай бодлогоор дам­жуулан үүнд оролцуулах нь маш чухал юм.

Монгол Улс хөгжлийн асар их нөөц боломжтой. Тус улсад ойрын жилүүдэд хурдацтай хөгжих байгалийн болон хүний нөөц хангалттай байна.  Үүн дээр нэмж шаардагдах зүйл гэвэл улс орныхоо хөгжлийн үр ашгаас бүх иргэд хүртэхэд чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газар зөв бодлого явуулж, үүнд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах хэрэгтэй. Монголын энэ үйл хэрэгт НҮБ мөр зэрэгцэн хамтран ажиллах болно. 

Б.Барс

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.