Эмэгтэй ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ажлаасаа халагдсан хурандаа Д.Алтангэрэл жирэмсэн эмэгтэйг дарамталж, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэв үү
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан доктор, хурандаа Д.Алтангэрэл эмэгтэй ажилтнууддаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, нэр хүндэд нь халдсан хэргээр албан тушаалаасаа нь чөлөөлөгдөж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан байдаг. Тодруулбал, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар таван жил ажилласан хурандаа Д.Алтангэрэл 2020 оны нэгдүгээр сараас нь нэр бүхий ажилтнууддаа ажлын байрны болон бэлгийн дарамт үзүүлж, нэр хүндэд нь халдаж эхэлсэн гэдэг. Тэрбээр эмэгтэй ажилтнаа өрөөндөө дуудаж, толгой, хүзүүгээ бариулах нэрийдлээр биед нь хүрч, үнсэж, тэврэх үйлдэл удаа дараа хийжээ. Эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд алба, хэлтсийн даргаар нь эмэгтэй ажилтнаа дарамтлуулж, “Энэ чинь миний өөдөөс өрвөлзөөд байна. Арга хэмжээ” хэмээн тушаал буулгаж, дураараа авирладаг байсан гэнэ. Мөн жагсаалын талбайд элдэв хараал хэлж, ажлын байрны дарамт үзүүлж, нэр хүндэд нь халддаг байсан аж. Тэр бүү хэл ажилтнаа оройн цагаар дуудаж, архинд явуулж, “Цэргийн хүн тушаал биелүүлэхгүй бол ажлаас чинь хална” хэмээн дарамталдаг байсан тухай эх сурвалж мэдээлж байна. Хамгийн ноцтой нь эмэгтэй ажилтан руугаа өмдөө тайлж шидэж, “Индүүдээд ир. Эсвэл надтай бэлгийн харилцаанд ор” хэмээн дарамталдаг байсан гэнэ. Түүний эл ёс бус үйлдлийг эсэргүүцэж, эсэргүүцэл илэрхийлсэн ажилтнаа шахан боогдуулж, “Энэнд тусалсан ажилтанд хатуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна” хэмээн дарамталдаг байсан гэнэ. Түүнд дарамтлуулдаг байсан ажилтны нэг нь жирэмсэн байсан гэх мэдээлэл ч бий.
Д.Алтангэрэл хурандаа эмэгтэй ажилтнаа өрөөндөө дуудаж, толгой, хүзүүгээ бариулах нэрийдлээр биед нь хүрч, үнсэж, тэврэх үйлдэл удаа дараа хийжээ
Хурандаагийн эл ёс бус үйлдлийн талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Д.Алтангэрэл хурандаад зодуулж, бэлгийн дарамтад өртөж байгаагүй ажилтан ховор. Цэргийн хүний хувьд жагсаалын талбай хамгийн ариун дагшин газар байдаг. Гэтэл хурандаа хүн ажилтнуудаа жагсаалын талбайд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, дарамталдаг байсан гэсэн. Тэр “Новш минь чамайг ална. Ажилгүй болгоно, п.... минь” зэрэг үгийг хэлэх энүүхэнд. Дарамталж, доромжилж байгаад эмэгтэй ажилтнуудаа өдөржин жагсаалын талбайд гүйлгэж, дэглэж, сахилгын шийтгэл хүртээж, цалингаас нь хасдаг. Өдөржин гүйж, дэглүүлсэн ажилтнууд орой нь харих гэхээр “Ажлаа хийж дуусга” гээд явуулдаггүй байсан юм билээ. Энэ бүхнийг ажилтнууд нь мэддэг байсан ч хэлж чаддаггүй байсан гэсэн. Харин хэдэн ажилтан нь нийлж байгаад өргөдөл, гомдол гаргаснаар энэ бүхэн хууль хяналтын байгууллагад шалгагдсан. Гэхдээ хачирхалтай нь, ОБЕГ-аас хурандаа Д.Алтангэрэлийг шалгах төлөвлөгөөт шалгалт 2020 оны зургадугаар сарын 15-нд гарсан ч эсрэгээрээ гомдол гаргасан эмэгтэй ажилтнуудыг нь шалгасан гэсэн. Тэгээд тэр ажилтнуудыг Гамшиг судлалын хүрээлэнгээс шилжүүлэх тушаалыг хурандаа Д.Алтангэрэл гаргасан байдаг юм билээ. Тэр бүү хэл тэр ажилтан дунд нь жирэмсэн эмэгтэй ч байсан гэсэн. Хуулиндаа жирэмсэн хүнийг ажлаас чөлөөлж, шилжүүлэхгүй байх ёстой. Гэтэл тэр хууль зөрчиж, зургаан сартай жирэмсэн эмэгтэйг шугамын анги руу шилжүүлсэн гэсэн. Мөн тэр ажлаасаа халагдсан ч орон нутгийн Аврах ангийн удирдлагаар ажиллаж байгаа. Хэдий тэр орон нутагт албан тушаалд томилогдсон ч Улаанбаатар хотод байнга байдаг. Одоо удахгүй хуучин ажилдаа орох гэж байгаа юм билээ. Одоо ч тэр эмэгтэй ажилтан руугаа танихгүй дугаараас залгаж дарамталдаг хэвээрээ” гэсэн юм.
Түүнд дарамтлуулдаг байсан ажилтны нэг нь жирэмсэн байсан гэх мэдээлэл ч бий
Дарамтыг нь тэвчээгүй хохирогчид 2020 оны зургадугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргасан байдаг. Мөн үүнээс гадна ес, арванхоёрдугаар сард дахин өргөдөл гаргаж, Хүний эрхийн үндэсний комиссоос хурандаа Д.Алтангэрэлийг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж, ОБЕГ-т албан бичиг хүргүүлж байжээ. АТГ-аас түүнийг шалган, нийтийн албанд ажиллуулахгүй байх дүгнэлт гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс ажлаас нь халах шийдвэр өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байна. Ийм шийдвэр гарсан ч түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гал унтраах, аврах 19 дүгээр ангид удирдах албан тушаалд томилжээ. Тэрбээр 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр уг шийдвэрийг цуцлуулж, орон нутаг руу шилжиж ажиллах өргөдөл гаргаж, 2021 оны есдүгээр сард нийслэлд буцан ирж ажиллах тохиролцоо хийсэн гэнэ.
Хурандаа Д.Алтангэрэл Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар томилогдохоосоо өмнө ОБЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд онцгой байдлын салбартаа нэр, нөлөөтэй нэгэн гэнэ. Тийм ч учраас түүнийг ажилтнууддаа бэлгийн дарамт учруулсныг нь үл харгалзан, нийтийн албанд ажиллах эрхгүй болсныг нь цуцлан байж буцаан албан тушаалд томилохоор зэхэж байж болзошгүй байгаа аж.
Мөн хурандаа Д.Алтангэрэлийг эмэгтэй ажилтнууддаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, нэр хүндэд нь халдсан хэргээс гадна авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгаж, буруутай гэдгийг нь тогтоосон гэх мэдээлэл бий. Тодруулбал, тэрбээр цар тахлын үед хандив өргөсөн иргэний мөнгийг хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх бор шувуу нисэж байна.
Бид энэ мэдээлэлтэй холбоотойгоор хурандаа Д.Алтангэрэлийн гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байлаа. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гал унтраах, аврах 19 дүгээр анги руу залгаж, түүнтэй холбогдох гэтэл “Алба хаагчийн утасны дугаар өгч, өрөө рүү нь холбох боломжгүй” хэмээсэн юм.
Эх сурвалж: ergelt.mn
Сэтгэгдэл