БХБ-ын сайдад нэр дэвшсэн ч яг "зэрэг нэмэхийн өмнөхөн” болоод байгаа барилгын магнат хатагтай Д.Өнөрболорыг ашиг сонирхолын зөрчилтэй болохыг АТГ нэгэнт тогтоосон. Соёлтой оронд ёс зүйтэй хүн бол өдгөө олон нийтээс уучлалт гуйгаад сайн дураараа татгалзах байсан. Гэтэл үгүй аж. Харин ч дэмжигчдийн арми нь өргөн фронтоор давшаад эхэллээ. Барилгын 150 том компанийг өөртөө нэгтгэсэн гэх Монголын барилгын үндэсний ассоциаци Д.Өнөрболорыг дэмжиж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийн агуулгаас үзэхэд нэр дэвшигч нь бараг л "алтан цээжтэй цээжтэй мөнгөн бөгстэй” мэт сэтгэгдэл төрж байна. Барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн залуу удирдагч л гэнэ, ассоциацийн дэд ерөнхийлөгч л гэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн л гэнэ. Мөн Д.Өнөрболорыг барилгын салбарт мэргэжлийн ур чадвар гарган манлайлсан гэжээ. Гэтэл түүнийг солонгос хэлний орчуулагч гэдгээр нь олон нийт мэднэ. Тэгээд ч барилга солонгос хэл хоёр Ардын намын амлаад байгаа мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэгтэй тэмээ ямаа шиг зөрчилдөх нь мэдээж. Дараа нь барилгын салбарын том магнат Д.Баттөр барилгын салбарт шинэ хүн, шилдэг менежер хэрэгтэй хэмээн зүтгүүллээ. Д.Өнөрболорыг шинэ хүн гэдэгтэй маргахгүй ч шилдэг менежер гэдгийг нь хэн баталж тодорхойлсон нь сонин. Бизнесийн шилдэг менежер бүхнийг хуулийн дагуу хийдэг байх учиртай. Харин шилдэг менежерийн удирдаж байсан компани барилга барих газраа авахаас эхлүүлээд бүхнийг хуулийн дагуу хийж байсан эсэх нь ихэд маргаантай тухай шуугиан эртнээс дэгдсэн. Өөрөөсөө хамаарал бүхий этгээдүүдээр өөрийгөө дэмжүүлэх нь ядарсан арга юм. Гэхдээ үүнийг АН-ын сайд нар их хийдэг байсан. Бүр фортуна стайл ч гэдэг. "Портуун”-ыг огцруулах яриа гарах бүрийд л Хөгжлийн банк, Чингис бондоос хэдэн төгрөг авсан компани, бизнесмэн болон үйлдвэрлэгчдийн элдэв холбоод дуу дуугаа авалцан хамгаалж өмөөрдөг байсан нь ердөө хоёрхон жилийн өмнөх явдал юм
Д.Өнөрболорын талынхан “фортуна” стайлаар ажиллаж байна
НУУЦ.мн
Сэтгэгдэл