Д.Өнөрболор сайдын суудлаас зуураастай


Барилгын Үндэсний ассоциацаас Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байсан "Сөүл" группын захирал асан Д.Өнөрболорыг дэмжиж мэдэгдэл гаргажээ. Уг нь түүнийг АТГ-аас өнгөрсөн пүрэв гарагт тус яамны сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал"-ыг бий болгохоор байна гэж Авлигатай тэмцэх газар үзэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт томилж болохгүй гэх албан бичгийг хүргүүлсэн. Албан бичигт дурьдснаар бол "Нэр дэвшигч Д.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн "мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд" хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна.

Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий найман компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна" хэмээсэн байв. Ингэснээр түүний нэрийг БХБ-ын сайдаас татаж дараагийн хүнийг томилох тухай асуудал яригдах болсон юм. Гэтэл тухайн албан тушаалд нэр дэвшигчийг ажиллах гэж буй салбартаа ашиг сонирхлын зөрчилтэй байна хэмээн тодорхойлсоор байхад яагаад Барилгын Үндэсний ассоциацынхан түүнийг тус яамны сайдад томилохоор улайран зүтгэж мэдэгдэл гаргах болов хэмээн олон нийт гайхаж байна. 
 

Уг нь МАН-ынхан УИХ-ын өнгөрсөнсонгуульд оролцохдоо өөрсдийн мөрийн хөтөлбөр хийгээд ард олонтой уулзаж явахдаа Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн амалж, хэлж олны итгэл найдварыг хүлээсэн. Гэтэл Барилгын Үндэсний ассоциацынхан Д.Өнөрболорыг тус яамны сайдад зүтгүүлж яагаад УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан мэдэгдэл гаргах болов оо. 

Тэгээд ч тус намын сайдад нэр дэвшүүлсэн зарим этгээдийг ард олон одоог хүртэл таалж хүлээн авахгүй байгааг бид бүгд мэднэ. Хамгийн хачирхалтай нь АТГ-аас Д.Өнөрболорыг сайдад нэр дэвших боломжгүй хэмээн тодорхойлж байхад зарим хуульч түүнийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж тайлбарлажээ. Тухайлбал, хуульч А.Энхтөр "Д.Өнөрболор нь хувьдаа барилгын компанигүй, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй нэгдмэл ашиг сонирхолгүй, зөвхөн гэрээний дагуу төслүүдийг удирдаж ажилладаг. Тийм болохоор ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл үүсвэл тухай бүрт нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээр мэдүүлэхээр хуульчлагдсан байдаг. АТГ-ын тодорхойлолтод техникийн шинжтэй алдаа гарсан. Үүнийг хуулийн дагуу залруулах ёстой" хэмээн онцолсон байв.

Түүнчлэн Монголын Барилгын үндэсний ассоциацаас "Д.Өнөрболорыг хувьдаа барилгын компанигүй, ашиг сонирхлын зөрчилгүй учраас салбарын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах боломжтой гэдгийг онцолж сайдад нэр дэвшүүлсэн" хэмээв. Яг үнэндээ Д.Өнөрболорын талаар 2012 оноос эхэлж маш олон таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа гарч байсан учраас дахин нурших нь илүүц байх. Тиймээс салбартаа мэргэшсэн, мэргэжлийн гэгдэх Д.Өнөрболорыг одоогоор АТГ-ын тодорхойлолтын дагуу түр түдгэлзүүлээд байгаа ч БХБ-ын сайдаар томилогдох эсэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.