М.Тулгат бөхийсөн ч О.Цогтгэрэл гэдийнэ


М.Тулгат бөхийсөн ч О.Цогтгэрэл гэдийнэ

 

АН-ын хагарал эвлэж нийлэх зүгт бус харин ч салаа замаар  эргэж нийлэхгүйгээр  элэг буруулан холдож байна.  Үүнийг өөрсдийнх нь үг үйлдэл харуулж байгаа. Гишүүд, дэмжигчид нь ч хэлэх болсон. Улс төрийн хүрээнийхэн  ч  ингэж  дүгнэжээ. Ер нь бол АН-ынхны талцлын цаад шалтгаан эрх мэдлээс уяатай, сандал ширээнээс зүүгдээстэй явж ирсэн. Хайныг хагалах гэж  элдвээр оролдсон ч  С.Эрдэнэ гэгч “шавар” хөдөлгөхгүй байна  хэмээн ад үзэх нэг нь хэлж буй. Ер нь бол АН энэ байдлаасаа болж УИХ-ын сонгуульд ч, сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ч  унасан. Зөвхөн сонгуульд бүдэрсэн ч юм биш өөртөө дүгнэлт хийж  эргэж нийлэх итгэл сэтгэл нь эргэж эвлэдэггүй  шаазан шиг бут үсэрчихсэн  юм байж. Улс төрийн нам байх хамгийн том шалгуур нь  сонгуульд ялах байдаг бол энэ эрх ашиг дээр нийлэхгүй байна гэхээр  өөр “цавуу” байхгүй  нь ойлгомжтой. Энэ байдлыг судлаач  Д.Ганхуяг  “Монголын улс төрийн талбайд жинтэй байр суурь эзэлдэг АН бүрэн устаж хоёр хэлтэрхий үлдэв.
 Энэ хоёр  хэлтэрхийг АН гэж нэрлэх ямар ч боломжгүй.  Энэ хоёр  хэлтэрхий эргэж нэгдэн нэг нам болох үлгэрийн далай. Би АН  хоёр  жижиг хэлтэрхий болсонд уурлаад байгаа юм биш. Харин  сүүлийн 2-3 жил улс төрийн тулхтай шүүмж дүгнэлт, үйлдэл хийх чадвараа бүрэн алдсанд дургүйцээд байгаа юм”  хэмээн дүгнэжээ.
 Үнэхээр АН-ын тухай ярьж буй хэнбугай ч  бие биеэсээ  “Хэнийх нь  АН бэ, М.Тулгатын уу, О.Цогтгэрэлийн үү”  гэж асуудаг  болсон. Хоёр талын хамгийн сүүлд илэрхийлсэн байр  суурийг харьцуулбал М.Тулгат “Дотоод сонгуулиа хүртэл хамтраад явуулъя гэж О.Цогтгэрэлийг уриад бараагүй. Надад лав АН болон Монголын ардчиллын нийтлэг эрх ашгийг давсан хувь хүний амбиц огт байхгүй. Нөгөө талуудтай нээлттэй ярьж хэлэлцэж, аль аль талаас тодорхой буулт хийх шаардлага гарвал миний зүгээс бэлэн байна.  Би ерөөсөө хэвлэл мэдээлэлд гарахгүй байгаа. Өөрийгөө АН-ын дарга гэсэн 2-3 хүн энд тэнд зэрэг гараад, бие биеэ үгүйсгээд явах тусам нийгэмд муухай харагдана” гэжээ. Тэрбээр ийн бөхийсөн  бол О.Цогтгэрэл  гэдгэр байна. Учир нь түүний ард АН-ын УИХ дахь бүлэг бий. Дээр нь С.Эрдэнээг эсэргүүцэж, түүнээс намаа салгаж авах гэсэн  экс Ерөнхийлөгч нар, Ерөнхий сайд байсан эрхмүүдийн бүлэглэл бий. Өөрсдийгөө АН хэмээн хүлээн зөвшөөрүүлж батлуулж авахын төлөө зүтгэж байгаа юм.  Үүний тулд бүх гишүүний гарын үсгийг цуглуулах хөдөлгөөн өрнүүлж, “Бүтэн ардчилал” гэх аппликейшн бүтээлгэж, түүгээр дамжуулан гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл явуулж буй. Өөрөөр хэлбэл,  тэр  аппликейшндээ “цадчихаад” гэдсээ илж суугаа юм.
 
Бодит байдалд Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт  АН-ыг УИХ-ын хоёр тойргийн  нөхөн сонгуульд оролцохыг албан ёсоор батламжилсан. Албан ёсны хариуг М.Тулгатын талд гардуулснаар нөхөн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг хангахаар хоёр ажлын хэсэг гарсан бол  Хэнтий аймагт АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт  АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн ажиллахаар болсон.
 
Хамгийн сонирхолтой нь эв нэгдэл гээч зүйл нь шалаар нэг тарчихсан байхад АН-ынхан энэ удаагийн сонгуулийг   хариуцлагатай  гэж харж байгаа гэнэ лээ. Яаж ч бодсон, бүр таах гээд үзсэн ч АН-ынханд ямар итгэл найдвар байгаа нь бүрхэг юм. Гол нь дотоод эв нэгдлээ хангаж сонгуульд  оролцвол  илүү үр дүнтэй гэдгийг одоогоор Р.Эрдэнэбүрэн л амаа цангатал ярьж байгаагаас биш хөдөлж байгаа, санаачилга гаргаж буй хүн алга. 
 
“Хоёр хуваагдсан АН-ыг нэгдэхийг бүгд шаардаж байна” гэж хэлэхэд амархан ч хийхэд  хэцүү. Сүүлийн үед салаа замаар явсан  нь дээр, хоёр болж тусдаа гарсан дээр гэж хэлэх хүн ч энэ намд  олширчээ. Үүн дээр өөрсдийнх нь хэлээд байгаачлан  “Сонгуульд нэгдэж орох уриалгыг О.Цогтгэрэл даргатай АН-д хүргүүлсэн. Яаж орохоо шийдсэний дараа нэр дэвшигчдээ тодруулна” гэсэн үг  АН  хоёр  нам болсныг нь албан ёсоор батлаад байгаа бус уу. Судлаачдын хэлж байгаагаар хоёр талын алийг нь ч АН гэж хэлэх боломжгүй юм бол Ардчилсан нам бүрэн устжээ. Толхилцож суухаар  хоёр өөр нам болж  Улсын дээд шүүхэд бүртгүүлчихээд замаа хөөвөл  дээргүй юу, М.Тулгат, О.Цогтгэрэл нар аа.
 
Ч.Зотол 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.