-БТСУХ ШАГНАСАН БОЛ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ЯАГААД ОЛИМПЫН ТАМИРЧДАДАА БАЙР, МӨНГӨ ГАРДУУЛАХ БОЛОВ
Олимпын мөнгөн медалийн эзэн Сайед Моллай нь Монголын төр, засагт гомдолтой байгаагаа 2021 оны 08 сарын 19-ний өдөр мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь Монголын ард түмэнд хүндээр туссан. Хэдхэн хоногийн өмнө бид түүнийг олимпын баатар хэмээн алдаршуулан, дэмжин өргөж байсан. Гэтэл тэр яагаад ингэж хэлэх болов.
Энэ нь БТСУХороо болон МҮОХ-ны арчаагүй, удаан, мэдрэмжгүй, ажил хэрэгч биш байдлыг улам бүр тод томруунаар харуулсан үйл явдал боллоо. Сайед Моллай үнэн зөв, шударга, шулуун хэлсэн байна. Мөнгөн медаль хүртсэн хүн нь эхлэн хүндэтгэл хүртэх ёстой. Тиймээс хүрэл медаль хүртсэн тамирчид нь урдуур нь ороод шагнал, урамшуулал аваад байхад хэн дуртай байх вэ дээ. Тэгээд л гомдолтой байгаа хэлээ биз дээ. Олимпын мөнгөн медальт Сайед Моллай энэ үйлдэл дээрээс дүгнэлт хийвэл Биеийн тамир спортын салбарын ажлыг төрийн өмнөөс удирдаж байгаа БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нь энэ бүхэнд буруутай болж байна. Тэрбээр эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, арга барилаа өөрчлөхгүй, хурдтай ажиллаж чадахгүй биеийн тамир, спортын салбарын хөгжлийн улам бүр доройтуулан, хоцрогдсон салбар болгон олон нийтэд харуулан, өөрийгөө таниуллаа. Ажил нь аргагүй л яст мэлхийн хурдаар явж байна. Дэлхийн спортын хөгжил секунд, долиор хэмжигдэж байгааг бүтэн нэг сарын туршид улсын зардлаар,
төрийн байгууллагаас хамгийн удаан томилолтоор Япон улсад ажиллаад ирсэн Ц.Шаравжамц ойлгож чадаагүй, ухаан нь ч хүрсэнгүй иржээ. Олимпын баяр наадам дуусаад "энх цагийн дайн байлдаан”-д оролцоод ирсэн алдарт тамирчдаа тухайн улс бүр хурдан шуурхай, газар дээр нь халуун дотноор хүлээн авч баяр хүргэн уулзаж, урамшуулал, шагналаа хайрлаж байхад БТСУХ нь огт хөдлөхгүй, маш удаан, хойрго ажиллаж, унтаа байдалтай байгаагаа энэ үйл явдал Монголын ард түмэнд бодитоор харууллаа.
Хөл хорио, гэрийн 14 хоногийн тусгаарлалт гэх мэт БТСУХ нь гэмээ цайруулах шалтаг болж, ажлаас бултах гэсэн нэгэн явуургүй арга байжээ. Яг үнэнийг хэлэхэд тийм гэрийн тусгаарлалт байгаагүй гэнэ. Үүнийг олимпоос ирсэн тамирчид, дасгалжуулагч, албан хүмүүс бүгд хэлж байна. БТСУХ ба МҮОХ-ноос тэдэнд ямар нэгэн мэдээлэл, сануулга, зөвлөмж огт өгөөгүй байна. Мөн тийм шагнал, ийм одон өгөх гэж байсан гэж Ц.Шаравжамц дарга хэвлэлийн бага хурал дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урдуур орж, шийдвэр гарган хэлнэ билээ. Ер нь тэгэх гэж байсан, ингэх гэж байсан гэдэг бол огт худлаа юм. Түүхэнд "гэхдээ” гэдэг үг байдаггүй биз дээ.
Хэрэв үнэхээр өгсөн бол яагаад төрийн гурван өндөрлөгийн нэг болох УИХ-ын дарга Г.Занданшатар олимпын тамирчдаа албан ёсоор хүлээн авч, байр, мөнгө гардуулан өгөх болов.
Олимпын медальт тамирчид, дасгалжуулагч нарт нисэх буудалд буух үеэс нь эхлэн хувь хүмүүс, аж ахуйн нэгж албан байгууллага, нутгийн зөвлөл нь бэлэг сэлт, шагналаа гардуулан өгч байсан. Телевизийн нэвтрүүлэгт олон баг тамирчид ээлж дараалалаараа орж байсан. Энэ бол үнэндээ Улсын хорооны дарга Ц.Шаравжамцын амиа хоохойлох гэсэн уламжлалт нэгэн арга заль.
Үнэндээ БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нь нам дагвал ам тосдоно гэгчээр 5 жил ямар нэгэн тодорхой хийсэн ажилгүй, зөөлөн суудал зайдагнан, улсын хангамжид толгой эргэсэн нэгэн болоод удаж байна. Иймээс түүнийг үтэр түргэн энэхүү албанаас нь хөөх ёстой болов уу. Учир нь Ц.Шаравжамц энэ олон жил төрийн албанд ч суралцаж чадсангүй явна. Ямар сайндаа Ц.Шаравжамц өөрийн твитер суудсандаа "Оюук-даа баярлалаа” / Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг хэлсэн байх/ гэж нэрлэн бичиж байх вэ дээ. Энэ бол төрийн албан хаагч нь Ерөнхий сайдаа хандаж байгаа харилцааны асуудал биз дээ. Ямар намын журмын нөхөд өөр хоорондоо хар яриагаар харилцаж байгаа биш дээ. Тэгэхээр өөрийг нь ч бас Улсын хорооныхон найзан дундаа орчихоод "Шарваакаадаа” гэж дууддаг байх нь. Ний нуугүй хэлэхэд бид гадаадын легионер тамирчин гээд Сайед Моллай анхаарал хандуулаагүй, алаг үзсэн юм биш биз дээ гэж бодогдсон хэвээр байгаа шүү. Тэр бол Монгол Улсын албан ёсны иргэний хувиар олимпын наадамд манай улсыг төлөөлөн оролцсон эрхэм хүн. Монголчууд бид түүнийг баярлуулах л ёстой. Энэ асуудалд биеийн тамир, спортын төрийн ажлыг гардан хариуцаж байгаа БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц гэдэг албан тушаалтан буруутай гэдэгтэй хэн ч маргахгүй хүлээн зөвшөөрнө. Шударга спортын хөгжлийн төлөө зүтгэж байгаа нь үнэн бол хариуцлага хүлээх жишгийг өөрөөсөө эхлэх ёстой шүү, Ц.Шаравжамц Гавьяат аа!
Эх сурвалж: newspress.mn |
Сэтгэгдэл