Ирэх сарын 13-наас манай улсын 88 их, дээд сургуулийн 147 мянган оюутан танхимаар хичээллэж эхэлнэ.Халдварын тархалтын улмаас цахим сургалтад шилжсэн хугацаанд хамгийн их хэл ам дагуулсан нь их, дээд сургууль юм.Нэг талаас оюутнууд цахим хичээл чанаргүй, хүртээмжгүй байгааг шүүмжлэн төлбөрөө бууруулахыг шаардсан. Нөгөө талаас сургуулийн захиргаа цахим сургалт багш нараас илүү их цаг, бүтээмж шаардаж байгаа тул төлбөрийг бууруулахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин БШУЯ-наас оюутнуудын 80-аас дээш хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байна гэж мэдэгдсэн төдийгүй төлбөрөө бууруулах асуудлыг сургуулиуд дотоод журмаараа шийдвэрлэ хэмээн асуудлыг өөрсдөөсөө түлхсэн байдаг.
Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй
Шинэ хичээлийн жил эхэлж гэж байгаатай холбогдуулан сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй, төлбөрийг хуваан авах чиглэл өгснөө зарласан. Тодруулбал,Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-нд дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. COVID-19-ийн хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгч байгаа. Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал БШУЯ-нд гомдол гаргаж болно. Энэ журмыг зөрчиж байгаа өмчийн ямар ч хэлбэрийн сургуульд хатуу хариуцлага тооцно. СУИС-ийн тухайд нэгдүгээр курсийн 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна” гэж ярьсан билээ.
МУБИС: Нэг кредит 78 мянгаас 94 мянга болж нэмэгдсэн
Гэтэл зарим улсын их сургуулийн кредитийн төлбөр нэмэгдсэн төдийгүй, хувааж төлөх боломжийг суралцагчдад олгоогүй байна. Энэ талаар МУБИС-ийн оюутан Г.Сэлэнгэ "Бүтэн хоёр жилийн турш танхимаар хичээл ороогүй байтал сургалтын төлбөрийн нэг кредит хамгийн дээд тал нь 86 мянга байсан бол энэ жил 96 мянга болсон байна. Яагаад гэхээр "Цахим сургалт илүү их зардал шаардаж байна.Кредитийн үнэ яагаад нэмэгдсэнийг бид мэдэхгүй. Одоогоор мэдээлэл ирээгүй” гэсэн хариулт өгсөн. Өмнө нь судлаад дүнгээ гаргачихсан хичээлийн нэмэлт кредитийн төлбөр вэбэд нэмэгдэж, төлөхгүй бол сонголт нээгддэггүй” гэлээ. Мөн тус сургуулийн оюутан Т.Манлай "Нэг кредитийн төлбөр 78 мянгаас 86, 94 мянга болж нэмэгдсэн. Ингэснээр төлбөр 400-450 мянгаар нэмэгдэж байгаа юм. Харин төлбөрөө хувааж төлж болж байгаа” гэв. Харин сургуулийн захиргаанаас "Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалтын төлбөр сүүлийн гурван жил нэмэгдээгүй.
2021-2022 оны хичээлийн жилд нэг кредит нь багадаа 78 мянга төгрөг байгаа. Оюутан дунжаар 30 кредит судлах ёстой бөгөөд сургалтын төлбөрийн дундаж нь 2340000 төгрөг байна. Мөн дотуур байрны төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй 450 мянган төгрөг” гэв.
Энэ талаар МУБИС-ийн Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Н.Мягмарцоожоос тодруулахад "Манай сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй.Мэргэжлийн онцлогоос шалтгаалж нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд 3-4 төрлийн шатлалтай байдаг. Жишээлбэл, олон суралцагчтай ордог хичээл арай хямд байхад химийн бодис урвал хэрэглэдэг хичээлүүд нь өөр үнэтэй байдаг. Сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө нэмээгүй. Манай сургууль энэ жил 3000 орчим оюутан шинээр элсүүлэхээр төлөвлөсөн” гэж ярилаа.
АШУҮИС: Наймдугаар сарын 24-ний дотор төлбөрөө 100 хувь төлөхгүй бол хичээл сонголт хийлгэхгүй
АШУҮИС-ийн тухайд нэгдүгээр курсийн оюутан хүний их эмч, шүдний их эмч, био-анагаах судлаач, эм зүйч, хүүхдийн эмчээр сурах бол 35 кредит судлах бөгөөд 4116350 мянга, уламжлалт анагаахын сувилагчаар суралцвал 37 кредит судлах бөгөөд 1.5 сая төгрөг төлөх юм байна.
АШУҮИС-ийн шинэ элсэгч О.Үүрцайх "АШУҮИС наймдугаар сарын 24-ний дотор төлбөрөө 100 хувь төлөхгүй бол хичээл сонголт хийлгэхгүй гэсэн утга бүхий мэдээлэл гаргаж, төлбөрөө 100 хувь авсан. Их хэмжээний зээл авч дөрвөн сая гаруй төгрөг төлтөл дараа нь нэгдүгээр курсийн оюутнууд төлбөрөө хувааж төлөх хүсэлт гаргаж болно гэсэн мэдээллийг энэ сарын 28-нд өгсөн. Энэ талаар яаманд гомдол гаргана” гэв. Харин иргэн С.Болор "Манай дүү АШУҮИС-д элсэлтээ баталгаажуулахын тулд жилийн төлбөр 4116000 мянган төгрөг төлөх ёстой гэсэн. Элсэлт нь наймдугаар сарын 27-ны 18:00 цагт эхэлсэн. Гэтэл 29-ний 20:00 цагаас өмнө төлбөрөө бүрэн төлөхгүй бол сургуульгүй үлдэнэ гэсэн. Мөн төлбөрийг хуваан төлөх боломжгүй гэсэн. Амралтын хоёр өдрөөр яаж эцэг эхчүүд дөрвөн сая гаруй төгрөг олох юм бэ.Энэ нь хүүхдүүдийг оноогоор нь биш мөнгөөр нь оруулж байгаа ийм л дүр зураг харагдаж байна.
МУИС: 2018 онд Удирдах зөвлөлийн тогтоосон сургалтын төлбөр нэмэгдээгүй
Харин МУИС, ШУТИС, СЭЗИС, ХААИС төлбөрөө нэмээгүй байна.МУИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн "Манай сургуулийн 2018 онд Удирдах зөвлөлийн тогтоосон сургалтын төлбөр нэмэгдээгүй.Нэгдүгээр курсийн оюутнуудын Ерөнхий суурь хичээл адилхан, нэг кредит нь 98600 төгрөг байдаг.Мэргэжлийн хичээлүүд нь бүрэлдэхүүн сургуулиасаа хамаараад ялгаатай.Оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог учраас нэг жилийн төлбөрийг дунджаар хэлэх боломжгүй” гэв. Тухайлбал, оюутан 30 багц хичээл сонговол 2958000 мянган төгрөг төлөх юм. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн мэргэжлийн хичээлийн нэг кредит нь 103500, Бизнесийн сургуулийн нэг кредит нь 120800, Хууль зүйн сургуулийн нэг кредит 111 мянга, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн нэг кредит 115 мянга төгрөг байна.
Мөн тус сургуулийн тухайд суралцагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээлээ баталгаажуулахаар зохицуулжээ. Үлдэгдэл төлбөрийг хичээл баталгаажуулалт хийснээс хойш хоёр сарын дотор төлнө. Хэрэв тогтоосон хугацаанд үлдэгдэл сургалтын төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд сонгосон хичээл цуцлагдах юм байна.
Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2021-2022 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ хөтөлбөрөөсөө хамааран кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 88800 төгрөг юм. Энэ талаар ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Х.Отгон-Эрдэнэ "Манай сургуулийн төлбөр цахим сургалтад шилжсэнтэй холбоотойгоор нэмэгдээгүй. Өнгөрсөн жил манай сургалтын төлбөр бакалаврын түвшинд нэг кредит нь 80-90 мянга байсан. Хамгийн бага кредит нь 79300, хамгийн их нь 90800 төгрөгийн дүнтэй байна. Энэ төлбөр энэ жил нэмэгдээгүй” гэв.
Хөдөө аж ахуйн их сургуулийн төлбөр 2021-2022 оны хичээлийн жилд нэг кредитийн үнэ дунджаар 89 мянган төгрөг. Судлах кредит нь 30-36 бөгөөд дундаж сургалтын төлбөр нь 3.2 сая төгрөг гэдгийг Санхүүгийн албанаас нь мэдээлэв. Энэ тухай ХААИС-ийн захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч Т.Хэрүүга "Энэ хичээлийн жилд нэг ч их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй. Манай сургуулийн хувьд ч төлбөрөө нэмээгүй” гэсэн юм.Мөн Санхүү эдийн засгийн их сургууль сургалтын төлбөр нэмэгдээгүй гэдгийг элсэлтийн комиссоос мэдээлэв.Харин хувийн сургуулиас ИЗОУИС, Этүгэн их сургууль төлбөрөө нэмсэн гэж оюутнууд бидэнд мэдээлэв.Ийн Л.Энх-Амгалан сайдын их сургуулиуд төлбөрөө нэмэхгүй, хоёр хуваан авна гэсэн "чиглэл” бодит байдал дээр хэрэгжсэн үү.
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл