ХСҮТ, Дөрөвдүгээр эмнэлгийн газрын маргааныг хэзээ, хэн “хагалах” вэ


ХСҮТ, Дөрөвдүгээр эмнэлгийн газрын маргааныг хэзээ, хэн “хагалах” вэ

 

Сургууль, эмнэлгийн газрыг булаах аянд ил далдаар хамгийн идэвхийлэн оролцогчид нь эрх мэдэлтнүүд  эсвэл хөрөнгө мөнгөөр бүхнийг шийдэгчид байв. Үүний нэг бэлээхэн жишээ нь М.Энхболдыг хотын дарга байхад УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хувийн компани ХСҮТ-ийн газраас "хувь эзэмшиж” улмаар олон давхар барилга сүндэрлүүлж амжсэн байдаг.

Тэрбээр УИХ-ын гишүүн байх үедээ энэ барилгаа төрд шахах гэж оролдсон ч бүтээгүй.  Одоо "Дөрөвдүгээр эмнэлэг” гэсэн хаяг адрестай болгочихоод   хувь, хувьсгалынх нь ялгагдахгүй бас л нэг үйлчлүүлэгчдийг төөрөлдүүлсэн  газар болж байна. Улсын эмнэлэгтэй зүгээр ч нэг мөрөөрөө хаяа дэрлэхгүй, авсан дээрээ нэмж авахаар газрын маргаан, ил цагаан хулгайг хээв нэг хийж хэл ам таталж суух болов.

Хавдар судлалын үндэсний төв одоогоор Монголдоо ганцхан. Харамсалтай нь монголчуудын нас баралтын дийлэнх шалтгааны нэг нь хавдар болчихоод байгаа. ХСҮТ-өөр жилдээ 100 000 гаруй хүн үйлчлүүлж, 10 000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Өдөрт давхардсан тоогоор 6000 гаруй хүн орж гардаг уг эмнэлэг 563 ажилтантай бөгөөд гаднаа 200 машины зогсоолтой.

Харин ийм өндөр ачаалалтай эмнэлгийн газрыг  тухайн үеийн хотын удирдлага дур мэдэн хувийн компанид олгож байсан ч эрхэм М.Билэгт тэрхүү олгосон газрын хэмжээг ил далд нэмж тэлсээр одоо эзэн нь аятай хэрүүл зарга үүсгэх болжээ. Даварсаар даварсаар Дагвын оронд гэгч л энэ байх.

Кадастрын зураг дахь  дугуйлсан хэсэгт Дөрөвдүгээр эмнэлэг баригдсан. Гэвч тус эмнэлэг өөрт олгогдсон газраасаа илүү гаргаж цемент хийсэн, гараашийн орц гарц хийсэн байгаа юм.

Зургийн тайлбар: Зурагт үзүүлсэн ногоон тэмдэглэгээтэй хэсэг нь Хавдар судлалын үндэсний төвийн эзэмшил. Гэтэл М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг ХХК ийнхүү илүү гарган өөрийн эзэмшлийн мэт явган хүний зам гаргажээ. 

Зургийн тайлбар: Зурагт үзүүлсэн ногоон тэмдэглэгээтэй хэсэг нь Хавдар судлалын үндэсний төвийн эзэмшил. Гэтэл М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг ХХК ийнхүү илүү гарган өөрийн эзэмшлийн мэт явган хүний зам гаргажээ. 

Зургийн тайлбар: М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг ХХК өөрийн газартаа тулган барилга барьсан. Улмаар машины гараажийн орц гарцыг ийнхүү Хавдар судлалын үндэсний төвийн газраас "хумслан" барьжээ. 

Зургийн тайлбарМ.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг ХХК өөрийн газартаа тулган барилга барьсан. Улмаар машины гараажийн орц гарцыг ийнхүү Хавдар судлалын үндэсний төвийн газраас "хумслан" барьжээ. 

Дээрхи зурагнуудаас  та ХСҮТ-ийн газрыг М.Билэгтийн эзэмшил бүхий эмнэлэг хэрхэн хумсалж, дураараа дургиж байгааг анзаарсан байх. Улсдаа ганцхан эмнэлэг нь газраа ийнхүү алдаж байхад  төр нь таслан зогсоохгүй,  төмөр нүүрээ харуулахгүй байгаа нь хачирхалтай.  Зүгээр л хоёр байгууллагын хоорондын асуудал мэтээр харж байна. Үүсээд буй газрын маргаантай холбоотойгоор ШӨХТГ-ын эрх мэдэлтнүүд  газар дээр нь очсон ч асуудлыг шийдэлгүй дунд үлдээсэн нь үүний нэг жишээ.

М.Билэгт анхнаасаа өөрт олгогдсон газартаа тулгаж барилга барьснаас үүдэн өнөөдөр Дөрөвдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа нь эхлээгүй, араасаа асуудал дагуулж байгаа юм. Олгосон газарт анхнаасаа эмнэлгээ  тулгаж барьсан нь энэ газраа цааш нь ямар нэг аргаар тэлнэ гэсэн холын санаа агуулж байсан нь тодорхой.

Хоёр эмнэлгийн хооронд үүсээд байгаа маргаан эцэстээ хүний эрүүл мэнд халдашгүй эрхэд ч нөлөөлж мэдэхээр нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна. Саяхан газрын маргаанаас үүдэн ХСҮТ-ийн ажилтны биед халдсан явдал гарчээ.Үүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

Улсын эмнэлгийн газрыг эзэгнэж, чингэлэг байршуулж, эмнэлгийн хашааг дураараа буулгаж байгаа энэ үйлдэл нь өөрийн эрх ашгийг өрөөлийнхөөс өндөрт тавьж, дүрэм журам зөрчиж буй үйлдэл. Уг нь М.Билэгт цагтаа төр түшилцэж, хууль баталж явсан хүний хувьд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж л байж таарна. Харамсалтай нь мэдэж байгаа хэрнээ хууль журмыг хэрэгжүүлэх сахин хамгаалах ёс зүй  дутаад байгаа юм болов уу даа.

 Г.Тулга

TOIM.mn




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.