Хувийн эмнэлэг түрээслэж байснаас өргөтгөлөө барьсан нь дээр биш үү


Монгол Улс хорт хавдраар өвчлөгчдийн тоогоороо дэлхийн түвшинтэй харьцуулахад зургаа, нас баралтаараа 11 дахин их байна. 2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар өвчилсний 4400 нь буюу  өдөрт 12-15 хүн нас бардаг тоо гарчээ. Гэтэл эдгээр хүмүүсээс төр 19 тэрбум төгрөг харамласан уу гэх асуулт өнгөрсөн долоо хоногт өндрөө авлаа.
Тэгвэл энэ асуудал юунаас эхлэлтэй вэ?

2020 оны төсөвт Хавдрын эмнэлэг барих төсөв суулгаагүй ч түрээслэх төсөв суулгаад байгаа юм байна. Үүнээс эхлэн төр хавдартай иргэдээс мөнгө харамласан, харамлаагүй гэх асуудал үүссэн байдаг.
Учир нь М.Билэгт гишүүн хувийн “Энэрмед” эмнэлгээ төрд 19 тэрбум төгрөгөөр төсөвт суулгаж. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор 1982 оноос хойш 36 жил үйл ажиллагаа явуулж буй Хавдар судлалын үндэсний төв улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах сайн талтай. Харин олон нийтийн зүгээс болон холбогдох мэргэжилтнүүд 19 тэрбумаар хувийн эмнэлэг түрээслэх нь хэр оновчтой вэ, гэх байр суурийг илэрхийлж байна.

Нэг үгээр хувийн эмнэлгийг 19 тэрбум төгрөгөөр түрээсэлж байснаас хавдар судлалын эмнэлгийг өргөтөл хэсгийг барих нь илүү оновчтой гэж үзжээ. Гэсэн ч төсөвт хавдар судлалын эмнэлгийг барих бус М.Билэгт гишүүний эмнэлгийг түрээслэхээр хөрөнгө суулгасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ХСҮТ-ийн өргөтгөл барихад зарцуулах мөнгө төсөвт тусгаж өгөх талаар ямар ч асуудал байгаагүй. Хавдар судлалын эмнэлгийн хажууд нь байгаа нэг эмнэлгийг түрээслэх л асуудал. Төсөв боловсруулаад өргөн барьж байх хугацаанд яригдаагүй байж одоо гэв гэнэт гаргаж ирж ярьж байгаа зүйл. Тэр 19 тэрбум төгрөгөөр яг юу хийх гэж байгаа талаар задаргаа байхгүй.

Хүсэлт гэж нэг хуудас ч цаас байхгүй. Ингэж ажилд хандаж, төсөвт шахалт үзүүлж дарамталж, улс төр хийж, бүр попорч асуудалд ханддаг хүмүүс төрд ажиллаж болохгүй” хэмээсэн байна.
Ийнхүү хувийн эмнэлэг түрээслэх, хавдрын эмнэлгийн өргөтгөлийг барихтай холбоотой асуудал маргаан дагуулсаар байна. Олон нийтийн зүгээс хувийн эмнэлгийг 19 тэрбумаар түрээсэлснээс хавдрын эмнэлгийг өргөтгөлөө барьсан нь дээр гэх саналыг цахим орчинд гаргаж байна. Харин үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан ямар шийдвэр гаргаж, асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдэж байна.
П.Гоо

Эх сурвалж: Olloo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.