Хайран 2.3 тэрбум


Хайран 2.3 тэрбум

 

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/  УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд зургаан нэр дэвшигч, 28  дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, тэдний үнэмлэхийг олгосон.

Аргагүй л НӨХӨН сонгууль нэрэндээ таарсан НӨХӨӨСНИЙ хүмүүс нэр дэвшиж байгаад тухайн тойргуудын сонгогчид сэтгэл дундуур, бухимдаж байна. Ёстой л “жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг” гэгчээр аль, аль тойргоос хэн нэгэн нь УИХ-ын гишүүн болохоор, тангараг өргөх эрх үүсэх нь тодорхой.

Гэхдээ УИХ-ын нөхөн сонгуульд зориулж буй 2.3 тэрбум төгрөгийг нэр дэвшигчидтэй харьцуулахад ёстой л ХАЙРАН МӨНГӨ болох нь ээ.

Дөнгөж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардав уу, үгүй юу Х.Бат-Ялалт, А.Отгонбаатар нар биесээ “хэмлэн” барьцалдаж байна. Б.Найдалаагийн хувьд бусад нэр дэвшигчдээ халз мэтгэлцээнд дуудаж байна. Яг л нэгнээ дуэльд дуудаж байгаа мэт сүрийг үзүүлж байгаа ч үнэндээ УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигчид үүнийг нь ёстой л “Гэлээн гэх нь байтугай гөлөөг гэх хүн олдсонгүй” гэдэг шиг ШИНШЛЭХ ч үгүй. Үнэндээ нэр дэвшигчид эхнээсээ л БОДЛОГО ярих бус, бусдыгаа муулсаар сурталчилгааны хугацаагаа дуусгах нь тодорхой болчихсон.

Түүнчлэн нэр дэвшигчдийн ихэнх нь УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээд бүдрэгсэд, бас тойргоо сольсон “УРВАГЧИД”.

Тэд ердөө хэзээ гэдэг нь чухал бус ЗААВАЛ УИХ-ын гишүүн болох туйлын хүсэлтэй мэт харагддаг ч зарим нь нэр дэвшихийг орлогын эх үүсвэрээ болгочихсон нөхөд.

Тухайлбал, УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй Э.Батшугар /МАН/, Ш.Гантулга /Иргэний Зориг-Ногоон нам/, Ш.Төмөрсүх /Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам/, Б.Найдалаа /Зөв хүн-Электорат эвсэл/, А.Отгонбаатар /Үнэн ба Зөв нам/, Бие даан нэрээ дэвшүүлэгч Х.Бат-Ялалт, мөн УИХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвшигч М.Чингисхаан нарыг олон нийт андахгүй болсон.

Тэд орон нутаг, УИХ-ын гэх сонгууль бүрд хаанаас ч, хаана ч хамаагүй нэр дэвшиж, гаршсан. Гэхдээ ихэнхдээ санал хураах өдөр ойртмогц “ТОМ” намуудад “бууж өгдөг”.  

Харин нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүн асангууд. Бусдыгаа бодвол олон нийтэд танигдчихсан. АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар, Дэлхийн монголчууд намаас нэр дэвшигч Л.Цог. Тэдний хувьд бусдыгаа бодвол сонгуульд оролцож, ялалт байгуулах туршлагаар арай дөнгүүр. Харамсалтай нь АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг хуулийн байгууллагаас “хооф” гээд татчих магадлал өндөр. Л.Цогийн хувьд МАН, МАХН гэж баахан гүйж байгаад эцэст нь Дэлхийн монголчууд гэх намд эзэн суусан нэгэн.

Ингээд харахад УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуулийн зардалд зарцуулж буй 2.3 тэрбум төгрөг  үнэндээ хайран биш гэж үү.

 

Эх Сурвалж: Erennews.mn 

https://erennews.mn/article/49568


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.