Л.Дуурсах: Монгол Улс хөгжсөн гэвэл эндүүрэл


Л.Дуурсах: Монгол Улс хөгжсөн гэвэл эндүүрэл

 

Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсахыг энэ удаагийнхаа зочноор урьж ярилцлаа.

-Танай эрдэмтдийн баг Монголын Улсын хөгжлийн талаар судалгаа шинжилгээний ажил хийж байгаа гэсэн. Энэ нь ямар учиртай вэ?

-Улс ардын аж ахуйг хөгжүүлэх суурь төлөвлөгөөг боловсруулж байна. Суурь судалгааны ажилд 20-иод жил зарцууллаа. Бидэнд ямар нэгэн нам улс төрийн хүчин "Ийм төлөвлөгөө боловсруул” гэж захиалга егөөгүй. Цэвэр өөрсдийн эх оронч сэтгэл, хүсэл тэмүүллээр энэ ажлыг хийж байна.

Монгол Улсын хөгжил зөв чиглэлд экологийн чиг баримжаатай, байгальд ээлтэй байх ёстой. Тэгвэл бидний хойч үе 500-1,000 орчим жилдээ айх аюулгүй, ус, агаарын хомсдолгүй амьдарна шүү дээ. Энэ л зүйлийн төлөө салбар бүрийн эрдэмтэд одооноос дуугарах нь зүйтэй.

-Эрдэмтэд маань дуугараад байдаг түүнийг шийдвэр гаргах түвшний эрх баригчид дэмжихгүй бол бас хэцүү. Та бүхний төлөвлөгөөг эх орныхоо хөгжлийн талаар ярьдаг хүмүүс нь хэрхэн хүлээн авч байх юм?

-Тэдэнд улс орны урт удаан хугацааны төлөвлөгөө хэрэггүй юм билээ. "Өө та нарын бүтээл удах юм байна. Бидэнд дөрөвхөн жилийн дотор ард түмнээс үнэлгээ авах төлөвлөгөө хэрэгтэй” гэсэн хандлагаар хандаж байна лээ.

Харин саяхан МАН-ынханд танилцуулахад нааштай хүлээж авсан. Биднийг дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

-Энэ хариултаас таныг МАН-ыг дэмждэг гэж ойлгож байна. Ер нь сүүлийн үед нам гэдэг зүйл монголчуудыг хувааж байна. Эрдэмтэд энэ давалгаанд хэр өртөж байна вэ?

-Би ямар ч намыг улс төр, хувийн ашиг сонирхлын үүднээс дэмждэггүй. Гагцхүү жинхэнэ улс орны хөгжлийн төлөө бол хэнтэй ч хамтрахад бэлэн жирийн нэгэн эрдэмтэн.

Монгол Улсын хөгжил зөв чиглэлд экологийн чиг баримжаатай, байгальд ээлтэй байх ёстой. 

 
 
 

Монголын гурван сая хүний төлөө тэр намууд дээр төлөвлөгөөгөө барьж очоод байгаа юм. Түүнээс яс горьдож очоогүй.

Ямарваа улс орны тэргүүнүүд хэр уян хатан бодлоготой, алсын хараатай байна тэр улс орон хөгжинө. Гэтэл манайд алсын хараа, холч ухаан гэдэг зүйл хаягдаад өнөө маргааш сандал ширээнийхээ төлөө хэрүүлээ хийж байна шүү дээ.

-Улс ардын аж ахуйг хөгжүүлэх суурь төлөвлөгөө гээд нэр нь хоцрогдсон сонсогдоод байх юм. Залуус бол энэ хүн дээр үеийн юм л яриад байна гэж ойлгохоор санагдлаа. Уучлаарай?

-Тийм байж магадгүй. Энэ дээр бидэнд нэг л алдаа байна. Гадаадынхныг аялдан дагалдаад яаж зөв хөгжих вэ гэсэн гаргалгаагаа гаргаж чадахгүй байгаа юм. Бидний газар нутаг, хэл соёл, зан байдал тэднээс тэс өөр. Гэтэл хуулаад л байдаг. Энэ чинь юу болж байна. Болохгүй шүү дээ.

Энэ давалгаанд өртсөн залуус Монголоосоо алхам, алхмаар холдож байна. Мөн үүнийгээ хөгжил гэж эндүүрээд байна. Би сайхан монгол хэлнээсээ сонголтоо хийж нэр өгөөд энэ Монголынхоо төлөө л төлөвлөгөөг боловсруулсан. Улс ард түмэнтэй байна. Ард түмний амьдралын баталгаа нь аж ахуй юм гэдгийг л илэрхийлж байгаа. Тэгээд миний төлөвлөгөө дэлхийн хаана ч давтагдахгүй. Зөвхөн Монголын ард амьдралын онцлог байгаль дэлхийгээс урган гарсан.

-Та түрүүн хөгжил гэж ярилаа. Ер нь манай улс хөгжиж байгаа. Тийм үү?

-Би энэ асуултад үгүй гэж хариулна. Бид хөгжөөгүй. Аливаа улс орны хөгжлийг зөвхөн хүний хөгжлөөр нь хэмждэг. Түүнээс биш гоё байшин, гар утас,автомашин, зам харгуйг хараад л хөгжиж байна гэвэл эндүүрэл болно. Эд бол хэрэглээ юм. Хүн төрөлхтний түүхэн хэрэглээний хувьсалтай бид хөгжлийг андуураад байна. 

Манай улс хөгжөөгүй, хүнээ хөгжүүлээгүй гэдгийг батлах гурван зүйл байна. Нэгдүгээрт, хулгай, дээрэм буурсангүй. Хоёрдугаар, ядуурал ихэслээ. Хамгийн чухал нэг үзүүлэлт нь манай улсад хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж байгаль орчин бохирдож байна. 

Тэгэхээр бид хүнээ хөгжүүлж байж дараа нь улс орны хөгжлийн тухай ярих хэрэгтэй. 200, 300 жилийн өмнөх дээдэс маань биднээс илүү сэтгэдэг, биднээс илүү оюун ухааны хөгжил өндөртэй байсан. Харин бидний сэтгэхүй жил ирэх бүр доройтож байна. Тансаг зүйлс хэрэглэж байгаагаа хөгжил гэж ойлгох хэмжээний тийм доройтолд хүрсэн байна. Энэ бол эмгэнэл юм.

-Та шинжлэх ухааны салбарт өөрийн гэсэн өнгө аястай бүтээлийг хийж явна. Л.Дуурсах гэдэг эрдэмтнийг таниулсан бүтээл бол "Бяцхан тархи”, "Их тархи” гээд электрон толь бичиг гэж ойлгодог. Тийм биз?

-Би хүүхэд байхдаа зохион бүтээгчийн дугуйланд явдаг байлаа. Хүүхдийн ордны дугуйланд нэг жил амжилттай суралцаж, Оросын ДСНК-д элсэн орсон. Тэнд нисдэг онгоц, усан онгоц, машин хүртэл зохион бүтээж сурсан.

Зөвхөн Монголын ард амьдралын онцлог байгаль дэлхийгээс урган гарсан.

 
 
 

Энэ чиглэлийн инженер болох их сонирхолтой нэгэн байлаа.

Харамсалтай нь аав минь тухайн үед аваарт орж нас бараад ээж дүү нарыгаа тэжээх их үүрэгтэй болсон доо. Би чинь арван жилийн боловсролтой хүн шүү дээ. Их сургуулийнхаа хуваарийг тухайн үедээ зарчихаж байсан.

-Гэхдээ таныг ямар зам эрдэмтэн болгох чиглэлд залав?

-Ном их уншсан. Өдөр нь ажлаа хийгээд орой нь ном уншихаас өөрийг мэддэггүй хүн байлаа. Ер нь би номоос 2-3 их дээд сургуульд суралцах эрдэм мэдлэгийг олж авсан. Шинжлэх ухааны салбар бүрийн номыг шимтэн уншина. 

Одоо би ямар ч салбарын эрдэмтэнтэй мэдлэгээрээ маргалдах зөрөх үед дутдаггүй давдаг. Их сургуулиа дөнгөж төгссөн оюутныг бол голно. Дөрвөн жил сурчихаад тухайн салбарынхаа 3-4 номыг уншиж ойлгоогүй хүнийг ямар дээд мэргэжилтэн гэх юм бэ. Хүмүүс их сургууль л төгссөн бол хамгийн мундаг нь гэж боддог. 

Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Жинхэнэ боловсрол, мэдлэгийг хүн зөвхөн хийж бүтээж, алдаж онож байж, энэ амьдралын нугачаанаас л сурдаг. Аав минь өнгөрч Дуурсах гэдэг хүүг амьдралын хүнд байдалд аваачсан нь намайг их хатуужуулсан. Тэр хатуужсан сэтгэл минь намайг эрдэмтэн болгосон гэж боддог.

-"Их бага тархи”, "Бяцхан тархи”, "Супер тархи” тухайн үедээ их шуугиан тарьж байв. Та тэр бүтээлээр өөрийгөө таниулж чадсан байх?

-Тийм шүү. 1991 онд хийж эхэлсэн байдаг. Тухайн үед гадаадад сурдаг оюутнууд маань цаасан толь хэрэглэдэг байлаа. Багшийнхаа лекцийг ойлгохын тулд цаасан толь эргүүлсээр байгаад хоцорчихдог байсан. Африкийн оюутнууд хүртэл өөрийн төрөлх хэлтэй электрон толь хэрэглээд байхад бид яагаад болохгүй гэж гэсэн бодлоор бүтээсэн. 

Миний электрон толь ч яг цаг үеэ олж гарсан болохоор хүмүүс ч сайхан хүлээж авсан. Гэхдээ намайг хүмүүс электрон толь бүтээсэн юм чинь олон орны хэл мэддэг гэж андуурдаг. Би ямар ч хэл мэдэхгүй ганцхан монгол хэлээрээ л ярьдаг. Харин түүхэнд Монголын хамгийн анхны электрон толь бүтээсэн гээд нэр маань байна гэж бодохоор сайхан санагддаг.

-Одоо яг энэ электрон толь шиг таны нэрийг түүхэнд бичүүлэх ямар бүтээл төрөх бол. Ямар зүйл зохион бүтээж байна вэ?

-Яривал маш их зүйл байгаа. Эр мал хөнгөлдөг цахилгаан төөнүүрийг нэрлэж болно. Эцэг малын махыг хүнсэнд хэрэглэж болдоггүй шүү дээ. Тэгвэл энэ төөнүүрээр малыг хөнгөлөхөд тэр махыг хүнсэнд хэрэглэдэг болно. Ерөнхийдөө 100 гаруй шинэ бүтээлийн патентыг оюуны өмчийн газраас авах гэж байна.

-Удахгүй хүн төрөлхтний олимпийн наадам эхлэх гэж байна. Монголын тамирчдын хувцасны логог та бүтээхдээ соёолон хүлгээр дүрсэлсэн байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Одоогоос 3,000 жилийн тэртээ Хүн гүрний үед Монголын анхны Тулгар төрийг байгуулахад төрийн таван сүлд бүтээсэн. Үүний нэг болох морин сүлд буюу цагаан соёолон бэлгэдсэн логог Монголын баг тамирчдын хувцсанд авч ашигласан байгаа. Энэ лого нь соёолон морийг өндөр уулын дээрээс авсан дүрс зураг юм.

Үүнийг төрийн сүлд болгохдоо өлзий хээгээр буулгасан. Үүнээс хойш манай шигшээ багийн тамирчид ийм логотой хувцсаа олимп болон тив дэлхийн тэмцээнүүдэд өмсөж оролцоно. Мөн энэ дүрс маань ойрын хоёр, гурван жилийн хугацаанд "Puma”, "Adidas’’-ийн лого шиг дэлхийн брэнд болно. Энэ бол тодорхой. Би бардам хэлчихье.

Эх сурвалж:


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.