Уналтад орсон усны салбар


Энэ сарын 22-нд дэлхийн усны өдөр тохиолоо. Манай улс энэхүү өдрийг "Ус ба ажлын байр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.  Салбарын байгууллагууд ч янз бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, усны өдөрт зориулан бүтээсэн мөсөн баримлыг олонд үзүүллээ. "Усаа хайрлая, хэмнэе” гэж  чихэнд хоногштол ярьж хэлж, сурталчилж байгаа ч энэ салбар эрдэмтдийн нүдээр бол уналтад орсон нь хэлэлцүүлгийн үеэр мэдрэгдэж байв. Учир нь энэ салбарын эрдэмтдийн илтгэл яриа бүхэн "бараан” байж, усны салбар уналтад орсныг зарлаж байсан.  Монгол улс газар доороо арвин баялагтай. 

Мөн сүүлийн үед аж үйлдвэржсэн орон болно хэмээн ярьж байна. Гэтэл эдгээрийг бүтээн байгуулах, боловсруулах хөгжин дэвшихийн хамгийн гол суурь нь ус билээ. Ерөөсөө хүний амьдрал бол ус юм. Гэтэл төр засаг, бодлого яригдчид усны тухай биш, баялаг, мөнгө нь л байвал шууд хөгжжих мэтээр бодож энэ салбарыг хайхрахгүй байгаа юм. Уг нь усны нөөцийг дагаж хөгжил явагддаг. Түүнээс биш усаа шавхаж, ширгээж хөгжсөн улс дэлхийн хаана ч байхгүй билээ.  Энэ талаар ШУТИС-ийн доктор, профессор С.Чулуунхуяг "Манай салбар дампуурч, хүчгүйдэж байна. Усны судалгааны байгууллага, олигтойхон судлаач ч байхгүй боллоо.  Ийм байж эх орны хөгжлийн асуудлыг ярьж байна. Энэ нь улсын хувьд эмгэнэл юм. Одоогоор усны хомсдол энэ салбарын цөөн хэдэн эрдэмтдийн хувьд хоолойд тулсан асуудал болсон. Харин улс төрчдийн хувьд  одоохондоо хананаас нь ус гойжиж байгаа болохоор тоохгүй байх шиг байна. Амыг нь хатаагаад өгвөл усны үнэ цэнийг мэдэх болов уу” хэмээн бухимдалтай ярьж байна. Тэрээр усны судалгааны ажлыг 20 гаруй жил хийж байгаа бөгөөд сүүлийн үед саарал усны судалгаа болон Ганга нуурын усны төвшинд ажиглалт хийж байгаа Монголын цөөн хэдэн усны салбарын эрдэмтдийн нэг юм.


 Австрали, Хятад зэрэг дэлхийн олон улс "Усны талаарх үндэсний бод­логын баримт бичиг”-ээ боловсруулсан байдаг. Харин манай улс шинжлэх ухааны үн­дэслэл, судалгаа, зу­раг төсөлгүй, усны нөө­­цийн­хөө хэмжээг тоо­цохгүйгээр хөгжил ярьдаг дэлхийн цорын ганц улс болсон гэдгийг мөн салбарынхан ярьж байсан.  Энэ нь тухайн салбарыг уналтад орсныг батлах нэгэн үзүүлэлт болж байна.  Уур амьсгалын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ багассан, газрын хөрс талхлагдаж байгаагаас шалтгаалан усны нөөц багасаж байгаа. 

 

Үүнд эрдэмтдийн судалгаа шин­жил­гээний ажил, түүнд тулгуурласан бодло­го хэрэгжүүлдэг бай­гууллага байх шаард­лагатай. Гэтэл  усны асуудал хариуцсан яамыг 30 жилийн өмнө татан буулгаж,  усны агентлаг гэж байсныг үгүй хийгээд одоо үнэндээ энэ салбар усны гэх тодотголтой хэдэн хувийн компанийн нуруун дээр нь тогтож байна. Мөн энэ салбарыг уналтад орсныг нотлох бас нэгэн зүйл нь төр усны салбарын болов­сон хүчиндээ итгэхгүй байгаа явдал юм. Ус­ны талаар цөөн хэдэн төсөл хэрэгжиж байгаа ч тэнд ихэвчлэн гадны компаниуд орж ажилладаг. Тухайл­­бал, Эгийн голын усан цахил­гаан станцыг хятадууд, Туул усан цогцолборыг солонгосчууд, Ховдын Эрдэнэбүрэнд баригдах усан цахилгаан стан­цыг Турк улсын мэргэ­жилтнүүд хариуцан ажил­лаж байна. Гадныхан энэ салбарт хичнээн хөрөнгө оруулж байгаа ч монголчууд зөвхөн хянал­тын үүрэг гүйцэтгэж байгаа. Ийнхүү усны салбарынхан эх орныхоо хөрсөн дээр бүтээн байгуу­лалт хийх эрх олддоггүй, мөн төр засаг тэдэнд итгэхгүй байгаад  ихэд бухимдалтай бай­на. 

 

Тиймээс ч энэ сал­ба­рыг сонгож, сонирхож, дурлаж орж ирэх залуусын тоо багасах болжээ. Цаашид Монгол Улс хамгийн чухал болох усны салбартаа боловсон хүчний дутагдалд орох эрсдэлтэй байна. Ууж байгаа усаа цэвэр бохирыг нь, аль нь болох үгүй ч мэдэхгүй, түүнийгээ шинжлүүлэн тогтоох эрдэм­тэн, судлаачгүй бол­чихвол энэ салбар битгий хэл, улс даяараа уналтад орох биз ээ. Тиймээс энэ салбарыг уналтаас аварч, усны асуудлаа шийдэх үү  гэдэг нь ирээдүй цагт үлдэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.