Та Туул голын бохирдол жилээс жилд ихэсч, усны нөөц нь багасаж, экологийн доройтолд орж буй талаар олонтой сонсож буй байх. Гэтэл энэ асуудал Монголын томоохон бизнесмэнүүдэд огтхон "падлийгүй” бололтой.
Жишээлбэл манайдаа томоохонд тооцогдох "MCS” группийн охин компани болох "Риверсайд гольф” ХХК Тэрэлжийн ойролцоох "Улаан хад” гэх газар /Туул голын хажууханд/ 33 га газар авч "Байгалын гольф” хэмээх томоохон байгууламж барьж эхэлжээ.
Тэд одоогоор байгууламжийн суурийг ухаж эхэлсэний зэрэгцээ Туул голоос ердөө 30-хан метрийн зайд бие засах газар /00/ барьж эхлээд буй юм. Энэ нь усны нөөц багасаж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй энэ цаг үед томоохон "асуудал” билээ.
Учир нь баригдаж буй 00 нь цэвэр, бохирын усаа соруулах системгүй аж. Ингэснээр бохирын ус хөрсөнд шууд шингэх аюултай бөгөөд байгаль орчинд олон сөрөг үр дагавар учруулж болохоор байна.
Тус компани энэхүү байгууламжыг барьсанаар Монгол улсад дагаж мөрдөгддөг Усны тухай хууль болон бусад хуулийн зүйл, заалтыг илт зөрчиж буй хэрэг юм. Тухайлбал, "Гол мөрнөөс 150 метрийн зайд барилга байгууламж барихыг хориглоно” гэсэн хуулийн заалт байдаг.
Ямартай ч одоогоор "МСS”-ийнхэн тус газрын зөвшөөрлийг хэрхэн авсан нь тодорхойгүй байна. Уул нь бид чинь гол мөрний усанд хувцасаа угаахыг хүртэл цээрлэдэг ард түмэнсэн.
Энэхүү "даварсан” үйлдэлд холбогдох газрууд нь яаралтай арга хэмжээ авна гэж найдаж байна. Ингэхгүй бол Туул гол минь 00-ын угаадастай усаар урсаад л байх болох нь дээ.
Э.Алтанзаяа
Эх сурвалж: Mongolcomment.mn
Сэтгэгдэл