“Зууны мэдээ” сонин “Golomt capital” Үнэт цаасны компанитай хамтран хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүргэж байгаа билээ.
“Evergrande” АНУ-ын хөрөнгийн биржийн индексийг савлуулав
АНУ-ын индексүүд Хятадын хамгийн том барилгын компани болох “Evergrande” группийн өр төлбөрийн асуудлаас үүдэн таван хувиар унав. Энэ компанийн өр нь БНХАУ-ын ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхүйц буюу 300 тэрбум ам.доллар байгаа юм. БНХАУ-ын Засгийн газрын зүгээс “Evergrande” группт санхүүгийн хүндрэлээ давахад дэмжлэг үзүүлж эхэлснээр хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл багасаж байна. Мөн “VIX” буюу тогтворгүй байдлыг хэмжин зах зээлд хувьцааны зарах, авах урсгалыг тодорхойлдог индекс өнгөрсөн долоо хоногт огцом өслөө. Тухайлбал, БНХАУ-ын өрийн хямралаас үүдэн АНУ-ын хувьцаануудын индекс өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хамгийн их савалгаатай байгаа юм.
“Брент”-ийн газрын тосны ханш дээд түвшиндээ хүрлээ
“West Texas Intermediate”-ийн газрын тос таван долоо хоног дараалан өсөж баррель нь 75 ам.доллар дээр хаагдав. Харин “Брент” компанийн газрын тосны ханш 2018 оны аравдугаар сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Газрын тосны үнэ чангарч байгаагийн гол шалтгаан нь дэлхийн хэмжээнд эдийн засаг сэргэж, эрэлт өсөж байгаатай холбоотой. Тодруулбал, газрын тосны үнэ өнгөрсөн жилийнхээс 80 гаруй хувиар өссөн байгаа юм. Нийлүүлэлтийн хувьд нефть экспортлогч орнууд гарцын хязгаарлалтаа аажмаар зөөлрүүлж байгаа нь зах зээл дээр ханш чангарах шалтгаан болж байна.
Мөн өнгөрсөн сард АНУ-д тохиосон Айда хар салхи нь дотоодын нефтийн үйлдвэрлэлийг хумиад байгаа юм. Дөрөвдүгээр улирлын босгон дээр буюу дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт өвөл эхлэхэд шинжээчид эрчим хүчний бүтээгдэхүүний үнийн таамаглалаа ахиулж байна.
Тухайлбал, “Goldman Sachs Group Inc” нь зах зээлийн алдагдал хүлээгдэж байснаас их байгаа гэж үзэж жилийн эцэс гэхэд “Brent”-ийн урьдчилсан тооцоог 10 ам.доллараар өсгөж, нэг баррель нь 90 ам.долларт хүрэх тооцооллыг гаргажээ.
АНУ-ын засгийн газар дампуурч зургаан сая хүн ажлын байраа алдаж 15 триллион ам.доллар салхинд хийсэхэд ойрхон байна
“Moody’s” агентлагийн ахлах эдийн засагч Марк Зандигийн хэлснээр АНУ-ын Засгийн газар өр төлбөрийн таазаа нэмэгдүүлэхгүй бол аравдугаар сарын дундуур дампуурал зарлана гэжээ. Үүний өмнө Сангийн сайд Жаннет Елен аравдугаар сард багтаад АНУ-ын Сангийн яам мөнгөгүй болно гэдгийг хэлсэн юм. Тэгвэл конгрессоор орж нэмэлт төсөв батлуулж чадаагүй тохиолдолд зургаан сая хүн ажилгүй болж өрхийн хөрөнгө 15 триллион ам.доллараар буурахаар байгааг мэргэжилтнүүд хэлэв. Мөн үүнийг дагаад ажилгүйдлийн түвшин таван хувиас есөн хувьд хүртэл нэмэгдэх тооцоолол байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденийн сөрөг нам болох Бүгд Найрамдах намын хувьд өр төлбөрийн таазыг нэмэгдүүлэхгүй, мөн сангийн яам өр төлбөр төлөх чадамжтай байгаа ч худлаа ярьж байна гэдгийг хэлсэн. АНУ-ын өр төлбөрийн тааз одоо 28.4 триллион ам.доллар байгаа бол 29 триллион хүргэх шаардлагатай. Сангийн яаманд 300 тэрбум ам.доллар бэлнээр байгаа, аравдугаар сарын 1-нд 150 тэрбум ам.доллар үлдэх тооцоотой гэдгийг мэдээлэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл