Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцтэй холбоотой асуудлаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.
Тэрээр "Коронавирусийн тархалт өндөр, эмнэлгийн ачаалал хэтэрсэн энэ үед 2000 гаруй эмч, ажилтан эрүүл мэндийн байгууллагад ковидтой тэмцэж, ажиллаж байна. Энэ тоо 4000-д хүрвэл хангалттай байх юм. Манай эрүүл мэндийн салбарт ердийн үед ч стандарт хангасан хүний нөөцийн хомстол байдаг. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, ажилтнууд та бүхнийг коронавирусийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд сайн дураараа идэвхтэй оролцохыг уриалж байна. Бас гуйж байна. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд эмнэлгийн бус мэргэжлийн хүн ажиллах боломжтой 910 ажлын байр бий. Тус ажлын байранд ажиллуулахдаа богино хэмжээний сургалт явуулж, цар тахлын эсрэг арга хэмжээнд татан оролцуулах бололцоотой юм. Энэ хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас 992 хүнийг эмнэлгийн бус мэргэжлийн хүн ажиллах боломжтой ажлын байранд ажиллуулах шийдвэр гарч байгаа нь бидний ажилд дэм болж байна.
Өнөөдрийн байдлаар 239 резидент эмч Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилагдсан. Үүний 62.8 хувь буюу 150 хүн нь ажлын байран дээр гарсан байна. Глобал сангийн санхүүжилтээр өдрийн 50 ам.долларын урамшуулалтай сайн дурынхныг ажиллуулж байгаа. 207 хүн ирэх ёстойгоос 111 хүн ажиллаж байна. Улаан загалмай нийгэмлэгийн хувьд сайн дурын 187 ажилтан ажиллах ёстойгоос өнөөдөр 57.2 хувь нь ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл