Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэж ахуй цагтай дөрөө харшуулан, олон намын тогтолцоо бий болсон ч ардчиллыг анхнаасаа буруу замаар залсан гэдэгтэй судлаачид санал нэг байна. Тэр тусмаа АН Азийн цээжинд галаа асаасан ардчилсан тогтолцоог өмчлөх замаар 30 гаруй жил улстөржсөн нь том алдаа гэдэг. Нөгөө талд нь шинэ тутам гарч ирж байгаа улс төрийн намуудын дээр байх гэсэн МАН-ын мөнхийн хүсэл ч нөлөөлсөн гэж үздэг. Улс төрийн баруун, зүүн жигүүрийг эзэлсэн МАН, АН хоёроос гадна жижиг намууд бүгд ардчилсан суурь үзэлд үндэслэн байгуулагдсан гэх боловч бүгд ардчиллынхаа эсрэг үйл ажиллагаа явуулдаг нь нууц биш. Бид чинь өнөөдөр 30 гаруй улс төрийн намтай улс оронд амьдарч байгаа түмэн шүү дээ. Уг нь улс төрийн намууд маань зөв чиг замаар явсан бол ардчилал ч зөв замаар хөгжих байлаа.
Тэгэхээр чухам ардчилсан нийгэмд намууд ямар үүрэг гүйцэтгэдэг, ямар байр суурь эзэлдэг вэ гэсэн асуудал зүй ёсоор урган гарна. Нэг зүйл байгаа нь улс төрийн нам нь төлөөллийн ардчиллын институт болж хэлбэршсэн учраас ардчилал намгүйгээр орших боломжгүй гэж үзсэнд хамаг учир бий. Гэвч нам байгаа цагт ардчилал байна гэсэн ойлголт биш гэдгийг судлаачид тайлбарлажээ.
Уг нь улс төрийн нам нь ардчилсан хариуцлагыг импортлох гол суваг гэдэг ч манайд эсрэгээрээ явж байна. Үнэнийг хэлэхэд “ардчиллын анхдагчид” хэмээгчдийн яриад байгаа шиг өөрсдийн эр зориг, бор зүрхээр цоо шинэ нийгэм байгуулчихсан хэрэг биш. Хөрш зэргэлдээ социалист орнуудад ардчиллын салхи сэвэлзэж ахуй цагт Монгол Улсад ч энэ агаар жамаараа орж ирсэн хэрэг. Түүнийг харин тосон авсан хүмүүсийг “ардчиллын анхдагчид” гэж нэрлэвэл зохилтой. Тухайлбал ОХУ-д задрал болоогүй бол Кремлын шууд оролцоотой амьдарч байсан бидний тогтолцоо хэвээрээ л байх байв.
Түүнээс бус ардчиллын баг өмсөж, 30 жил ардчиллаа дэвсэлж амьдарсан нөхдийн гавьяа гэж төдийлөн үгүй. Аливаа жам ёсны өгөгдөл, олон улсын салхи жижигхэн Монгол Улсыг тойрч гардаггүйн жишээ юм даа. Социалист нийгэм нэг өдөр задран унах л байсан. Гагцхүү цаг хугацааны асуудал байв. Чухам 1990 онд уу, 1991, 2000 онд уу гэдэгт л байлаа.
Өнөөдөр ардчиллаас татгалзаж байгаа нэг ч хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү ардчилал нэрийн дор ардчиллаа далд дэвсэлж амьдарсан хүмүүст нийгэм дургүй болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар нэр алдар албан тушаал хөөсөн, улс орон, ард түмний хувь заяа бус амин хувиа хичээгчдээс л ард түмэн татгалзаж байгаа нь илт ажиглагдав.
Гэтэл учраа мэдэхгүй дэмжигчид улаан, цэнхэрээрээ талцах аж. “Ардчилалд дургүй, дарлуулж байхдаа таарсан улс. Ардчилсан намыг дэмжих байсан. Монгол Улс дууслаа” гэх зэргээр хараан зүхэж байв. Үүнээс харвал АН-ыг ардчилал хэмээн сайтар ойлгуулж чаджээ.
Нөгөө талаар “МАН-д саналаа өглөө, муу коммнистууд” хэмээн зүхэх болсон. Энэ утгаараа МАН-ыг коммунист хэмээх мангас гэж бас ойлгуулж чадаж. Уг нь аль аль нь ардчилсан Монгол Улсын улс төрийн нам юм шүү дээ. Хэн ч гэсэн хувийн өмчтэй, дуртай хувцасаараа мөрөө далдалж, дуртай зүйлээ бичиж, үзэл бодлоо илэрхийлэн, эрх чөлөөтэй амьдрахыг хүснэ. Хүн төрөлхтний араншин ердөө л энэ болохоос зөвхөн бидний улстөржилт, жалга довонд байгаа зүйл биш. Тэгэхээр ардчилал нэрийг өмчлөн, зөвхөн өөрсдийгөө борлуулж амьдарсан хүмүүсээс салах цаг ирснийг л харуулж байна. Юуны өмнө нийт дэмжигч гишүүддээ ардчиллын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгомоор байгаа юм. Ардчилал гэхээр тэнд байгаа хэдэн дарга нарын төлөө амиа тавиад өгөхөөс буцахгүй хүмүүсийн нэгдэл гэж ойлгох боллоо. Тэгэж ч ойлгуулсан бололтой. Тэд олны дунд үймээн дэгдээж, амьдралаа ч мартаж байгаагаас өөрийг мэдэхгүй аж. Ажиж байхад нийслэлд ч, орон нутагт ч өөрийн гэсэн бодлогогүй, муйхардуу нөхдийг өөрсдийнхөө эгнээнд түлхүү нэгтгэж, тэднээр турхируулдаг арга ч байна.
Манайд улс төрийн намууд үзэл баримтлалаа илэрхийлж байдаг, үүнийгээ тунхаглан гарч ирдэг ч хөрсөн дээр түүнийг дагаж мөрдсөн нь үгүй. Үүний зэрэгцээ дээр дурдсанчлан намын гишүүнчлэлд асуудал байгаа. Үнэхээр тухайн намын үзэл баримтлал таалагдаад элсэн орж байгаа иргэн гэвэл ёстой л хуруу дарам цөөн байх. Яагаад гэхээр өнгөрөгч 30 жилд тунхагласан үзэл баримтлалдаа бат зогссон улс төрийн нам гэж нэг ч байхгүй.
Үүнээс улбаалан харахад анхан, дунд, дээд гээд бүхий л шатанд маш том шинэчлэл үгүйлэгдэнэ. АН үзэл баримтлалдаа анхаарал хандуулж, үүнд өөрчлөлт хийх ёстой болохоос бус ардчиллыг өмчлөх нь тэнэг хэрэг. МАН ч гэсэн үзэл баримтлалаа эргэн харж, ардчилсан улсын нам гэдгээ ухамсарлах цаг нь болсон. Үзэл баримтлал, суурь үнэт зүйлээ онол практикийн түвшинд шинэчлэнэ гэхээр намаа татан буулгаад ахин шинээр байгуулах зарчмын шаардлага байгааг судлаачид хэлсэн. Тэр тусмаа анхан болон дунд шатыг цэвэрлэж цэнэглэх хэрэгтэй. “Манай нам төдөн зуун мянган гишүүнтэй” хэмээн энд тэнд сайрхаж явахаар ардчиллын суурь зарчим, тэр л үнэт зүйлээ ойлгодог цөөн гишүүн байхад нам өөрөө оршин тогтноно. Тэр л үнэт зүйлийг иргэд дагах болно. Олон гишүүнтэй нам сонгуульд ялалт байгуулна гэсэн тахир дутуу ойлголтоос ч салах цаг нь ч болсон.
Тэгвэл МАН, АН аль аль нь 200 гаруй мянган гишүүнтэй, олон мянган дэмжигчидтэй хэмээн ярьж, бичүүлдэг. Үнэхээр олон гишүүнтэй нам сонгуульд ялдаг юм бол АН яагаад 2016 оноос хойш олон шатны сонгуульд ялагдав. Өнгөрөгч 2012 онд хамгийн урт настай, хамгийн олон мянган гишүүнтэй МАН яагаад олон шатны сонгуульд ялагдав гэхээр нэгийг хэлж хоёрыг бодогдуулна. Энэ үүднээс нь харвал аль ч намд тогтсон үзэл баримтлал алга. Намд нь байхгүй болохоор гишүүдэд нь яаж байх юм. Үүнд гишүүдийн тоо чухал биш, батлах гардуулаад явах бүр ч чухал биш. Гагцхүү нам эвслийн үзэл баримтлал, мөн чанарт оршиж байгаа гэдгийг хэзээ ойлгох юм бол. Гэхдээ энэ үзэл баримтлалыг мөрдөж таниулж явах ёс жудагтай хүмүүс энэ намуудын хойморт суух учиртай.
Манай улс төрийн намуудын ганц сайн ойлгож байгаа зүйл бол засаглалыг хэрэгжүүлэх явдал юм. Онол практик аль ч талд нь үзсэн улс төрийн намын гол зорилго бол сонгуульд ялах, засаглалыг гартаа авах нь мөн үү гэвэл мөн. Гагцхүү энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ёс зүй, зарчмаа мартан, юу ч хамаагүй хийдэгт учир бий. Ардчилсан нийгэмд нам улс төрийн сонгуулиар төрийн эрх мэдлийг авах ёстой. Энэ нь орчин үеийн улс төрийн намуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн тоглоомын дүрэм учраас энэ л замаар явна.
Үүний тулд л улс төрийн нам нь хөгжлийн бодлого боловсруулж, сонгогчдын саналыг авдаг болсон хэрэг. Гэтэл манайд ялсан намын хэдхэн олигархиуд Засгийн газраа хувааж авдаг. Бялуу хүртээх зарчмаар Засгийн газраа байгуулж ирсэн нь улс орны хөгжилд бодитоор саад болсоор байна. Дангаараа байгуулж чадахгүйд хүрвэл хамтраад бужигнуулдаг муу жишиг ч бий. Ардчилсан тогтолцоот нийгэм буй болсон цагаас хойш Монгол Улсад 16 Засгийн газар, 14 Ерөнхий сайд ажиллажээ. Ардчилсан засгийн анхын Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн үеэс эхлээд л засаглал хуваах зарчим үйлчилж эхэлсэн гэдгийг нуух юун. Сүүлийн үед бялуу хуваах явдал нь бүр төгс хэлбэрт шилжсэн. Судлаачдын үзэж байгаагаар улс төрийн нам нь засаглалыг зохион байгуулах гол хүч болдог гэх. Тэгвэл манайд эрх биш энэ механизм үйлчилж байгаа ч хэрэгжүүлэхдээ тэс хөндлөн, буруу хэрэгжүүлдэг нь Засгийн газраа бүрдүүлж байгаагаас харж болно. Ямартай ч бид Азийн цээжинд ардчилсан улс хэмээн 30 гаруй жил тунхаглалаа. Одоо ардчилалдаа анхаарахгүй бол олон улсын тавцанд шившиг болж эхэллээ шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл