АН-ынхан дэндүү залуу ардчиллаа даанч амархан сүйрүүлж байна


АН-ынхан дэндүү залуу ардчиллаа даанч амархан сүйрүүлж байна

АН байгуулагдсаны 15 жилийн ой өнгөрөгч амралтын өдөр тохиож, эрхмүүд их нам гүмхэн тэмдэглэсэн болоод өнгөрсөн. Уг нь 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Үндэсний Ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны Ардчилсан нам, Уламжлалт Сэргэн мандлын намууд нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй.
 
Тиймдээ мань нөхөд юм л бол 12-06 гэдэг тоог их бэлэгдэн, "таашаадаг”. Харин энэ удаа АН-ынхан төрийн эрхэнд харьцангуй олуулаа байгаа ч тэгш ой, энэ тэр гэж сүрийг үзүүлсэнгүй.Үзүүлэх сэхээ, сөхөө ч үгүй байлаа. Нэгэнт төр, засгийн эрхийг барьж байгаа хэрнээ эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн гэдгийг дээр дооргүй мэддэг болж, одоо яах вэ гэдэгтээ тоглгойгоо гашилгаж байгаа.
 
Анх ардчилсан хувьсгалд толгойлон оролцож явсан МоАХ-ны өнөөгийн дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга Салбар зөвлөлийн удирдлагууддаа "25 жилийн хугацаанд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо монголчууд бид ашиглаж чадалгүй өөр хоорондоо толхилцсоноор үгүйсгэн улмаар төрийн бодлого ахин гаднаас чиглүүлэгдэх, монгол эх орончдыг хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улстөрийн гол намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зүй бус зөрчил эрчимжлээ” гэж ирээд л мэдэгдэл буухиалан хүргүүлж, Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэхгүй шүү хэмээн анхааруулсан. 
 
Тэгэхдээ мөн л ардчилал сүйрч үгүй болох нь, АН-ынхан маань яана даа гэсэн агуулгатай байсан. Гэтэл үүний араас АН-ынхан үзэл бодлоосоо урваж, үзэл санаагаа өөрчилжээ гэдгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ил захидлаар олон нийтэд хүргэлээ.
 
Тэрбээр АН-ыг өнгөрсөн 15 жилийн хугацаанд ямар байдлаас хаашаа явж буйг тодорхойлохдоо хэнээс ч айж, эмээж, хулчийсангүй. Ердөө л АН бол ил тод гэдэг үгээр халхавч хийн дотооддоо хэрхэн булингартаж, "Буруу замаар будаа тээж” байгааг нь "Буцахдаа шороо тээх”-гүйн тулд яах вэ гэдгийг нь сануулсан ажээ. Энэ бол Р.Амаржаргал гишүүнээс хэзээ ч гарч мэдэх санаа, бодол байсан.
 
Учир нь тэрбээр байнга л болохгүй бүтэхгүй бүхнийг хэлж, намынхаа нөхдөд ч адлагдаж ирсэн. Хөндлөнгөөс хөнгөхөн харвал зөрүүд, гөжүүд нэгэн. Тиймдээ ч буруу, хазгай гишгэж буй намынхандаа "төрсөн өдрийн бэлэг” болгож, ил захидлаа хүргүүлсэн биз. Түүний ил захидлаас харвал "Дунд, анхан шатанд чармайн зүтгэсэн гишүүд маань хийсэн ажилтай, хэлэх үгтэйгээр энэ өдөртэй учран уулзаж байгаа нь олзуурхууштай.
 
Гэсэн хэдий ч Ардчилсан нам маань өнөөдөр дээрээсээ эхлээд бүхэлдээ ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэх чадваргүй болтлоо сульдсан нь бас үнэн юм. АН амьгүй мэт болсон нь намын гишүүд, дэмжигчид одоогийн төр засгийн, улстөрийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаас харагдана. Саяхан нэр хүнд бүхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь "ноль” заасан намаар АН тодорчээ. Намын нэрийн өмнөөс дарга нарын яриад байгаа зүйлд жирийн гишүүд, дэмжигчид нөлөөлөх санал шүүмжлэлээ илэрхийлэх боломж алга.
 
Ардчиллын төлөөх намуудын нэгдлийн Их хурал дээр "АН цаашдын үйл хэрэг, үзэл баримтлалдаа хувь хүний сонирхлыг татах, хоосон амлахгүйгээр амьдралд нийцсэн бодлого хэрэгжүүлэх, давуу талаа зөв сурталчлах, эрх зүйт нийгэм байгуулах, үндэсний аюулгүй байдал, байгаль орчны асуудалд онцгойлон анхаарах ёстой” гэж тухайн үедээ хамгийн том нь болох МҮАН-ын даргын хувьд миний хэлсэн үг, зорилго бүр сураг алдарчээ. 
 
Бид өөр, буруу замаар явчихлаа. Тийм учраас миний бие энэ өдөр иргэд, олон нийт, АН-ын гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо хуваалцах, мөн шийдэл гарц хайх ёстой гэж үзэн байр сууриа ийнхүү бичиж байна. Ардчилсан намын дээд шатанд чухам юу болж байгааг ганц л үгээр хариулж болно.
 
"Шуудайд хийсэн үхрийн эвэр” адил байгаа. Ер нь улстөрийн намууд нийгмийнхээ хөгжлөөс хоцрогдож, нийгмээ хойш нь татагч болж хувирлаа. Иргэдийн дийлэнх нь намуудыг харааж зүхэж байна. Намын загвар хуучирч, хатуу гишүүнчлэлгүй, гишүүнгүй нам байгуулах, намуудыг татан буулгах тухай ч нийтээр ярьдаг боллоо. Ерөнхийлөгчийн зүгээс арай дэвшилтэд санаа бүхий Улстөрийн намуудын хуулийн төсөл санаачилсан ч дэмжлэг олох янзгүй. 
 
Тэр ч байтугай намууд маань хүчний байгууллагыг улстөрийн зорилгодоо ашиглах, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокуророор улстөрийн шинжтэй шийдвэр гаргуулах замаар монгол төрийн институцүүдийг улстөржүүлж, иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, талцуулж байгаа нь туйлын харамсалтай. Мэдлэг, боловсролтой залуусаа тордож, хөгжиж дэвших боломжийг тас хааж, АН хэдхэн хүний ХХК адил, ваакуумд орлоо. Намынхаа хаалга, цонхыг таг хаасан энэ байдал нь дарга дагаж намын нэр нүүрээр Монгол төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй зорилго бүхий бүхэл бүтэн нэг үеийг бий болгочихоод байна.
 
Ардчилсан нам "ардчилсан” гэхээсээ МАХН-ын хуучин загварыг хуулбарлан хэдхэн улстөрчид, тэдний фэн, аялдан дагагчдын (фракцын) пирамид бүтцийг хэрэгжүүлж байна. Хүчтэй фракц байгуулж намаа нэгтгэх гэсэн оролдлого явцгүй гэдгийг бид өнөөдөр харлаа, биеэрээ мэдэрлээ. Иймд, алдаагаа засахын тулд цаашид яах вэ гэдэгт хүн бүр өөр өөрийн хариу шийдэл гаргана биз.” хэмээн өнөөгний АН-ын дүр төрхийг тод томруунаар гаргаж иржээ. 
 
Энэ бол 26 жилийн өмнөх Монгол Улсын улстөрийн нөхцөл байдлыг дурьдаж буй мэт сэтгэгдлийг хэн бүхэнд төрүүлэхүйц захидал болжээ. Тэртээ 26 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагч, социализмыг "эсэргүүцэгчид” энэ замаар явна гэж санаагүй, амлаагүй. Тиймдээ ч олон нийтэд таалагдаж, тайван замаар, цус асгаруулалгүй төрийн эрхийг авсан гэдгээрээ бахархаж, гайхуулж ирсэн.
 
Харамсалтай нь өнөөдөр АН-ынхан тэрхүү үйл явцыг мартаж өмнөх нийгэм рүүгээ буцаж буй мэт эд, хөрөнгө, албан тушаалын хойноос хөөцөлдөгсөд болжээ. Хатуухан хэлбэл АН-ынхан аятайхнаар амь тавьж байгаа бололтой. Үүнийг нь энэхүү ардчилсан хувьсгалын анхан шатнаас нь хамтдаа зүтгэж ирсэн цөөн тооны эрхэм л хэлж, сануулж байгаагаас бусад нь үл тоон, өөрсдийн эрх ашгийг л дээдлэж явна.
 
"Муу л юм болвол хойд талын хар овоохой” гэдэг шиг МАН-ынхан дотооддоо дарга нарынхаа үгнээс гардаггүй гэх зэргээр муучилж, гоочилдог байсан үе нь өнөөгийн АН-ынханд тохиогоод байгааг нам доторх "эсэргүүнүүд” нь элдэвлэн, ил тод болгож байгаа нь "улстөрийн энэ залуухан нам хэчнээн богинохон настай юм бэ дээ” гэж харуусахад хүргэж байна.
 
Учир нь АН-ын дүрмэнд "иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, чөлөөт ардчилсан үзэл баримтлалыг онол суртахуун, үйл ажиллагааныхаа үндэс болгосон улстөрийн байгууллага мөн.” гэж зааснаасаа өөр зүгт өөрийн мэдэлгүй хөл тавин гишгэчихжээ. Тиймээс л АН гэх улстөрийн нам мөхөж буйг нь бага багаар хүн бүр хэлж, сануулах болжээ. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.