Хүнийрхүү ХҮН-ынхан


С.Боргил гэгчээр толгойлуулан "Улс төрд цоо шинэ өнгө төрх мэндэллээ” хэмээн хашгирч гарч ирсэн залуус өөрсдийгөө "цэвэр” гэж тодотгож байгаа. Тэгвэл өөрсдийгөө улс төрд танигдаагүй, цэвэр хэмээн цоллож буй хүмүүс үнэн хэрэгтээ улс төрд танигдах гээд чадаагүй нам, намынхны нэгдэл юм.

Хүнийрхүү ХҮН-ынхан

С.Боргил Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн зөвлөх байсан

ХҮН-ын дарга гэгдэж буй С.Боргил Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь орон тооных нь бус зөвлөх байсан нэгэн. Н.Алтанхуягийг огцруулсны дараа ч Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилласаар л байсан. Өөрөөр хэлбэл, ХҮН хэмээх нам байгуулагчихаад байхад ч Ардчилсан намын Ерөнхий сайдын зөвлөх хэвээрээ л байсан гэсэн үг. Ч.Сайханбилэгийн орон тооны бус зөвлөхөөс татгалзах болсон шалтгаан нь Оюутолгойн Дубайн гэрээг байгуулах гэж байгааг мэдсэнийх гэдгийг эх сурвалж хэлдэг. Ямартай ч эх оронд нь ашиггүй гэрээг хийх гэж байгааг мэдсэн атлаа сүүлээ хавчаад зугатсан энэ хүн шинэ нам байгуулж, цаашлаад толгойлно гэдэг нь эх орныхоо төлөө бус гэдэг нь тодорхой юм шиг.

Т.Бат-Оргилыг АН-ынхан "Лицензний наймаачин” гэдэг

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргилыг Ардчилсан намын хүн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. АМГТХЭГ­ын Геологи уул уурхайн кадастрын газрын даргаар ажиллаж байхдаа тусгай зөвшөөрлийг баруун, солгойгүй цацдаг байсан гэх мэдээллүүд ч хэвлэлийн хуудаснаа шарлан байх нь бий. Ганцхан жишээ дурьдая л даа. УИХ-ын гишүүн "Мо дарга” хэмээх нэрээрээ алдаршсан Батж.Батбаярын хүү Б.Батхишигийн "Талст маргад” компанид Т.Бат-Оргил АМГТХЭГ­ын Геологи уул уурхайн кадастрын газрын дарга байхдаа дур мэдэн лиценз олгосон тухай мэдээллийн архив байдаг.

Тэрбээр сонгон шалгаруулалт хийлгүй, аймгийн Засаг даргаас ч санал авалгүй Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Алаг­Эрдэнэ, Арбулаг, Түнэл зэрэг сумдын газар нутагт байрлах фосфоритын ордын 2527га талбай бүхий газарт ашиглалтын гурван лиценз олгож байжээ. Мөн "Викиликс” сайтад Монголд цөмийн хаягдал булшлах асуудлыг АНУ эртнээс сонирхсон бөгөөд энэ талаар уулзалт болсныг дэлгэрэнгүй дурьдсан материал дээр ч түүний нэр бичигдсэн байсныг тухайн үед хэвлэлүүд онцолж байв.

Х.Тэмүүжиний гар, хөл болсон О.Алтангэрэл

Хурандаа нарыг шүүх хурлын үеэс тодорч эхэлсэн О.Алтангэрэл Ардчилсан намын угшилтай. Тэр дундаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний толгойлдог "Нэг ардчилал” фракцийн унаган гишүүдийн нэг. Тэр ч утгаараа Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх үед нь газрын дарга, зөвлөхөөр нь ажиллаж намтраа зузаатгаад авсан сүүхэйтэй эр. Х.Тэмүүжин сайдыг Г.Сарангэрэл гэгчтэй холбогдож байх үед нь өмгөөлөгч олж өгч байсан гэдэг ярианаас нь үзэхэд Х.Тэмүүжинтэй ямар харицаатай нэгэн бэ гэдэг нь ч тов тодорхой харагдаж байгаа юм.

 Өвөрхангайнх гэдгээрээ Ардчилсан намын Өвөрхангайн гишүүдтэй ах, дүүгийн барилдлагатай. УИХ-ын 2012 оны сонгуулиар Г.Батхүү, Д.Зоригт нар бараг л өвдөг шороодчихоод байхад нь хуулийн цоорхойг ашиглаж, тэдний УИХ-ын гишүүний тангаргыг нь өргүүлж чадсан сайн хуульч гэдгээрээ Арчдилсан намынханд нэлээд тоогддог. Ардчилсан намынхны дунд сайн хуульч, сүүхэйтэй нэгэн гэдгээрээ нэгэнт тоогдчихсон байсан энэ хүн ямар учраас ХҮН хэмээх намыг сонгов гэдэг нь бас л сонин. Зарим нэг нь түүнийг Ардчилсан намын тагнуул гэж байгаа бол зарим нь Ардчилсан намаас тойрог олдоогүй учир эцсийн аргаа хэрэглэсэн гэх юм билээ.

Тэднээс гадна ХҮН-ын гишүүд болох  Н.Одонгуа Ч.Сайханбилэгийн хүн бол С.Миеэгомбо нь З.Энхболдынх, Банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалааг Ардын намын дарга М.Энхболдын хүн гэсэн шошготойгоор улс төрийн хүрээнийхэн хардаг. Дээр нэр дурьдагдаад өнгөрсөн хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

У.Жанцан

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.