"МАН-тай хамтран ажиллах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна"


Ардчилсан намаас өнөөдөр дараах мэдэгдлийг гаргалаа.
"МАН-тай хамтран ажиллах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна"
Монгол ардын нам 2012-2014 оны хооронд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намаас бүрдүүлсэн олонхийн Засгийн газрын нэр хүндийг унагах, Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайдыг огцруулах оролдлогыг ээлж дараатай тасралтгүй хийж ирснийг монголын ард түмэн мартаагүй байна. Үүний уршгаар УИХ-ын чуулганы хуралдааны хугацааны 63 хувийг албан тушаалтныг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ дээр шийдвэр, шийдлээ хүлээсэн олон асуудал гацаж, цаг хугацаа алдсан.

Эцсийн эцэст улс төрийн нөхцөл байдал хүндэрч МАН-ын санаачилгаар арга буюу Н.Алтанхуяг тэргүүтэй Шинэчлэлийн Засгийн газар огцорсон. Үүний дараа Ардчилсан нам улс орныхоо хөгжлийн төлөө бусад намуудтай ойлголцож, нийгэм, эдийн засгийн эрх зүйн орчноо сайжруулах, улс төрийн тогтвортой, эв нэгдлийг хангах зорилгоор Засгийн газрыг хамтран байгуулж, Улсын Их Хурал болон Засгийн газрын хүрээнд бүтээлчээр хамтран ажиллах саналыг Монгол ардын намд тавьж, улмаар "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулсан.

Харамсалтай нь, Монгол ардын нам улс төрийн явцуу эрх ашгийг улс орон, ард түмний ашиг сонирхлын дээр тавьж, өнгөн дээрээ хамтарсан дүр эсгэн нэдэр дээрээ улс орны эдийн засгийн чадавхийг сулруулах, эрх зүйн орчны шинэчлэлийг саатуулах бодлогыг баримталж ирлээ.

"Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулснаас хойш 2015 оны долдугаар дугаар 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 35 хууль, УИХ-ын тогтоол баталсны 22-т нь Монгол ардын намаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь эсрэг байр суурь баримталж байсан нь үүнийг баталж байна.

Ардчилсан нам Монгол ардын намд итгэл хүлээлгэж, ерөнхий чиг үүргийн яамдын 50 хувь, тэргүүн шадар сайд болон 5 сайд 7 дэд сайдын хариуцлагатай албыг үүрүүлсэн хэдий ч өнөөдөр ажилгүйдэл, эдийн засаг, төсвийн орлого, банкны чанаргүй зээлийн үзүүлэлт улам бүр дордож байна.

Харин Монгол ардын намын сайдуудын хариуцсан яам, агентлаг, төрийн захиргааны байгууллага дахь төрийн албан хаагчдын халаа сэлгээ газар авч, төрийн албыг сульдуулж байна. Хууль зөрчсөн томилгоонууд нь түрүүчээсээ гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Гэтэл МАН-ын удирдлага "Монгол ардын намаас томилогдсон сайдууд хууль бус томилгоо хийсэн гэсэн шүүхийн нэг ч шийдвэр гараагүйг сануулъя" гэх мэтээр худал мэдэгдэл хийж байна.

Монголчууд бид “унаж яваа морио, ханилж яваа нөхрөө" гэдэг. Монгол Ардын намаас сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд “Бид хамтдаа” аяны үйл ажиллагаанд биечлэн оролцож очсон газар бүртээ хамтарсан Засгийн газрын бодлого үйл ажиллагааг үгүйсгэж, хамтран ажиллаж буй Ардчилсан намын нэр хүндийг унагах бохир улс төрийг тасралтгүй явуулж байна.

Ардчилсан нам Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, улс оронд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавихад бусад намуудтай ойлголцож, эв нэгдэлтэй хамтран ажиллахыг дэмжихээс бус зөвхөн улс төрийн ашиг хонжоо, сандал суудлын төлөөх дүр эсгэсэн хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрч хүлцэнгүй байх эрхгүй. Тийм үйлдлийг Ардчилсан намын олон зуун мянган гишүүд дэмжигчид, ардчиллын үнэ цэнийг ойлгодог монгол түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөл, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Ардчилсан намаас Монгол ардын намтай байгуулсан "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"- гээ цуцлах шийдвэр гаргасан.

Нэгэнт гарсан шийдвэрийг хэн нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн хүчингүй болгож, МАН-тай хамтран ажиллах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

АРДЧИЛСАН НАМ, 2015.07.09

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.