УИХ-ын ээлжит сонгуулиар ард түмэн сонголтоо хийж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Харин өнөөх өм цөм ялсан МАН-ынхан чинь Засгийн газраа эмхлэн байгуулах гэж "яст мэлхий”-н хурдаар л ажиллаж байна. Түүнийх нь гороор төрийн ажил урагшлах биш ухрах дээрээ тулчихаж. Төрийн албаныхан бүгд айдастай, түгшүүртэй болчихлоо. Ажил хийж, зүтгэж байгаа хүн ч цөөхөн байгаа болов уу. МАН өмнөх дөрвөн жилд төрийн албыг төрлийн алба болгохгүй гэх мэтээр уран гоё үгсийг урсгадаг байлаа. Төрийн алба мэргэжлийн байх ёстой гэсэн чамин уриалгыг ч ам уралдуулан ярьдаг байж билээ. Ард түмэн ч энэ бүхнийг мартаагүй байх. Гэтэл тэд сонгуульд ялалт байгуулсныхаа маргаашнаас л хэлж ярьж байсан бүхний том "авс”-нд хийгээд, гүнзгий нүхэнд булчихлаа.
Одоо төрийн албыг харин ч нэг самарч эхэлж байна. Юун төрийн албанд мэргэжлийн хүмүүс ажиллах. Ёстой нохой долоо. Мөнгөө өгсөн, тэдэнд үйлчилсэн, хар пиарыг нь хийж өгсөн хүмүүс л дүүрэх гээд байна. Цагтаа Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд цахиур хагалж явсан Ц.Шаравжамц гээд нэг их өндөр залуу байдаггүй юу. Спортдоо, тэр дундаа сагсан бөмбөг хавиар бол нэр хүндтэй байх. Сайн ч тамирчин байсан.
Харин төрийн алба гэдгийг энэ хүн мэдэхгүй шүү дээ. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын дарга хийж байсныг эс тооцвол. Гэтэл мань хүн спортын салбарын бодлогыг тэр чигт нь атгахыг хүссэн юм уу даа. Арай л сайд болно гээгүй бололтой юм. Түүнээс гадна "Хар”, "Шилэн” гэх мэт элдэв хочтой Цогоо гээд нэг гүлдийсэн нөхөр бий дээ.
Хар пиар хийж, хүн амьтан шантаажилж, мөнгө олдог гэх муу нэрийг араасаа байнга зүүж явдаг тэр этгээд дэд сайд болох гээд зүтгээд байгаа сураг ч байна. Бас жүжигчин Б.Амарсайхан Нийслэлийн соёл урлагийн газрын дарга болох гээд ч байгаа юм уу, цуурхал гараад л байгаа. Гэх мэтээр төрийн албанд ажилласан туршлага, мэдлэг маруухан хүмүүсийг л төрийн албанд, тэр дундаа даргаар тавих гээд байгаа сураг гарсаар л. Зарим нь өөрсдөө хүсч, дэд сайд, дарга болох гээд байгаа юм уу даа. Ийм байж таарахгүй ээ. Тэр урлагтаа, спортдоо сайн л биз, мундаг л байх. Эх орныхоо нэрийг дэлхийд хүртэл гаргаж л байгаа. Түүнийг хэзээ ч муу хэлэхгүй. Дандаа дэмжинэ, магтана.
Харин төрийн алба гэдэг чинь урлаг, спорт, шантааж, хар пиар хийх, цахим ертөнцөөр бүх зүйлийг харлуулахаас арай л өөр юм биз дээ, энэ чинь. Салбараа мэддэг, гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой залуучууд Монголоор дүүрэн байгаа. Тэр дундаа МАН-ынхан өөрсдөө өндөр боловсролтой, гадаадын нэртэй их, дээд сургууль төгссөн боловсон хүчинтэй гэгддэг биз дээ. Тэднийгээ дарга болгож болдоггүй юм уу. Хэрвээ зарим хүмүүс дарга болох гээд, төрийн албанд шургалах гэж байгаа бол багаас нь эхлэх хэрэгтэй шүү дээ. Эхлээд мэргэжилтэн, туслах ажилтнаар ажиллаад, төрийн алба гэдгээ ойлгоод, салбараа мэдэрчих.
Түүнийхээ дараа дарга бол, хамаагүй. Түүнээс биш зүгээр л нэг гүйж яваад төрийн албанд ороод, дарга болоод, хүмүүсийг нь халж солиод, самраад байх эрх байхгүй шүү. МАН-ынхан хэлсэн ярьсандаа хүрээд, мэргэжлийн хүмүүсээр төрийн албыг бүрдүүлэх хэрэгтэй. Одоо л та нар зөв замаар явж, төрийн албыг наймааны хэрэгсэл болгохгүйгээр зүтгэхгүй бол дээрээс чинь ард түмэн харьж байгаа. Хэлсэн, ярьсандаа хүрч чадахгүй бол ард түмэн бас чацга царайлуулж чаддаг гэдгийг саяны сонгууль харуулсныг битгий мартаарай.
Сэтгэгдэл