Э.Гантуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ


  Э.Гантуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт "Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа Ослогийн дэвжээнээс Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирав. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медаль болж байна.
Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд "Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын Кайл Миракл 4:14-өөр ялагдсан ч өнөөдөр үдээс өмнө дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялжээ.
62 кг манай бүсгүйчүүд олимп, дэлхийгээс медаль авч өндөр амжилт үзүүлдэг жин. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд Стамбулын дэвжээнээс хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль зүүж дэлхийн медальтан боллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.