З.Болормаа: Бизнест хариуцлага, хүний хүчин зүйл хамгийн чухал


"Глобал Электроникс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Зоригтын Болормаатай ярилцлаа. 
Тэрээр "Глобал Электроникс” компанид 2007 оноос хойш тасралтгүй ажиллаж карьер хөгжүүлснээр өдгөө Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй туршлагатай нэгэн юм. Энэ бол түүний ажил алба, ахуй амьдралдаа маш их туршлага хуримтлуулж, хөрөнгө оруулсан он жилүүд байсан нь мэдээж. 
-Нэг байгууллагадаа он удаан жил ажиллахын олон давуу талыг дурьдаж болно. Таны хувьд компанийнхаа ууган ажилчдын нэг гэдэг утгаараа байгууллага, хамт олноо тодорхойлох нэг тод өнгө нь гэж хэлж болох байх. Тэгвэл энэ компани таны ямар орон зайд багтдаг вэ?
-Би анх импортын ажилтнаар ажилд ороод өөрийн сонирхлын дагуу маркетингийн албанд орж маркетингийн менежер, албаны ахлах, ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2020 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ажил хийж, нийгмийн амьдралд гарсан ихэнх цаг хугацааг энэ компанидаа ажиллаж өнгөрүүлсний хувьд энэ байгууллага маань миний хоёр дахь гэр, хамт олон маань миний бас нэгэн гэр бүл гэж хэлж болно. Олон жил нэг компанидаа ажиллана гэдэг тухайн компанийн соёл, үзэл санаа, хамт олон нөлөөлсөн гэж хардаг. Манай компанийн хувьд ажилтнууддаа дотно сайхан мэдрэмжийг өгч чаддаг, хамт олноо идэвхижүүлж, хөгжүүлж үргэлж тордож чаддаг нь энэ хугацаанд ажиллах болсон шалтгаан гэж ойлгож болно.
-Хүн хүний ажлын арга барил, туршлага янз бүр байдаг. Тэр дундаа таны яг одоо зарчим болгон баримтладаг удирдлагын арга барилыг сонирхвол?
-Панасоник корпорацийн үүсгэн байгуулагч Коносүкэ Мацушита бол Япондоо "GOD OF BUSINESS” буюу Бизнесийн бурхан тэнгэр гэж нэрлэгддэг маш мундаг удирдагч, бизнесмэн байсан хүн. Энэ хүний бичсэн "Бороонд бид шүхэр барьдаг” номон дээрх зарим удирдлагын арга барилаас би болон манай компани хэрэгжүүлэн ажилладаг. Товчхондоо энд "хүн бол цөм юм” гэж сургадаг. Би энэ хүний сургамж зөвлөгөөг аль болох хэрэгжүүлж ажиллахыг хичээдэг. Бид Panasonic брэндийг Монголд албан ёсоор төлөөлж хэрэглэгчиддээ хүргэдэгтээ үргэлж талархаж, хийж байгаа ажилдаа урамшдаг юм.
-Тодруулбал?
-Коносүкэ Мацушита бол маш олон ном бичсэн бүр институттэй хүн. Энэ хүний бичсэнээр, бизнес бол хүнтэй л ажилладаг. Тэгэхээр хүнийг л ойлгож, хүнийг цөм гэж авч үзвэл таны бизнес цаашид хөгжин дэвшинэ. Түүнчлэн тэр бүх боломжийг ажилтан буюу хүн л бий болгож байгаа гэдгийг ухамсарлахын чухлыг өгүүлдэг. 
Компанийг нийгмийн хэрэгсэл болгон хөгжүүлэхийн тулд компанийн ажилтны хөгжил юунаас ч эрхэм. Зөв бизнесмэн байх суурь ойлголтыг ажилтандаа суулгах хичээл зүтгэл маш чухал.
Нийгмийн гишүүний хувьд аливаа зүйлийг зөв үнэлж цэгнэдэг хүнийг бойжуулах шаардлагатай. Зөв үнэлж цэгнэж чадаж байвал өөрийгөө ч дүгнэж чадах бөгөөд ийм хүмүүс цугласан байхад ямар ч ажил саадгүй явж, байгууллага өсч хөгжинө. 
-Одоо таны амьдралын салшгүй хэсэг, хоёр дахь гэр болсон компанийн талаар товч ярилцъя. Өнөөдөр бизнесийн салбар бүр дээр маш олон компани өрсөлдөж байна. Танай компанийн онцлог, танайхыг сонгох шалтгаан нь юу вэ?
-Бид үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүн. Хоёрт, energy solution /энержи солюшн/ буюу батерей, зай хураагуур, бүх төрлийн автомашины аккумулятор гэх мэт чиглэлээр ажилладаг. Гуравт, хөргөлт, агааржуулалтын төхөөрөмж худалдаалж, суурилуулах ажлыг гүйцэтгэдэг. Үндсэндээ бид хүний амьдралын салшгүй хэрэглээ болсон хэрэгцээг хангаж ажилладаг. 
Эдгээрээс би эрүүл мэндийн технологийн чиглэлийг онцолмоор байна. Учир нь хүмүүсийн амьдрал хувьсан өөрчлөгдөж байна. Ялангуяа ковидоос шалтгаалан амьдралын хэв маяг өөрчлөгдөж буй энэ үед нийцүүлэн Панасоник болон Фүжи-Ирёки брэндийн ус цэвэршүүлэгч, шүлтжүүлэгч аппаратыг онцолмоор байна. 67 жилийн түүхтэй, дэлхийд хамгийн анх массажны сандлыг үйлдвэрлэсэн Фүжи-Ирёки брэндтэй бид 2020 оноос эхлэн түншлэн ажиллаж байгаа юм. 
Манай компанийн эрхэм зорилго бол чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, чанартай үйлчилгээг үзүүлэх юм. Япон бол эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг улс. Тиймээс бид тэр чанарыг эх орны хэрэглэгчдэдээ хүргэхийг хүсдэг. Тухайлбал, Японы ус цэвэршүүлэгч төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудад чанар стандартчилал өгдөг байгууллага болох Шүлтлэг ионжуулсан усны төхөөрөмжийн холбоо https://www.3aaa.gr.jp/english/history.html  (Association of Alkaline ionized water Apparatus)-ны гишүүн болох Панасоник болон Фүжи-Ирёки брэндүүдийн ус шүлтжүүлэгч, цэвэршүүлэгч аппаратыг бид албан ёсоор худалдаалж байна. Сонирхуулахад, дээрх холбоонд дэлхийд ус шүүгч худалдаалдаг 13 компани бүртгэлтэй байдаг юм. Би яагаад ус шүүгчийг онцлохыг хүссэн учир нь сүүлийн үед манай хэрэглээний буюу ундны ус нэлээд тулгамдсан асуудлуудын нэг болсон. Олон хүчин зүйлээс хамаарч бидний ундны ус зэвтэй, хлор ихтэй гэхчлэн олон асуудал дагуулж байгаа. Тэгэхээр манай ус шүүгч аппаратууд хүний биед хэрэггүй 17 төрлийн бодисыг цоргоны уснаас шүүгээд, улмаар шүлтжүүлж өгдгөөрөө онцлог. 
Шүлтлэг ус хүний биед ямар ач холбогдолтой вэ гэдгийг энгийнээр тайлбарлавал, бид хүчиллэг хүнс их хэрэглэснээс ходоодны хүчиллэг ихсэж улмаар олон өвчлөлийн эх үүсвэрийг бий болгодог. Тэгвэл шүлтлэг ус ууснаар ходоодны хүчил, шүлтний тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой болж байгаа юм. Гэхдээ 2-оос доош насны хүүхдийн хоол хүнсэнд шүлтлэг гэхээсээ цэвэршүүлсэн ус хэрэглэх нь тохиромжтой.
-Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. Ер нь энэ талаарх мэдлэг мэдээлэл, судалгааг яаж хийдэг вэ?
-Би хувь хүнийхээ хувьд эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт гэх мэт эрүүл амьдрахуйн хэв маягийг сонирхон судалдаг хүн л дээ. Усны тухай, мөн ус цэвэршүүлэгчийн талаар маш их сонирхон судалж ирсэн. Энэ дагуу Америк, Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудын бүтээгдэхүүнүүдийг харьцуулан судалж үзсэн. Ингээд илүү баталгаатай, найдвартай гэдгээр нь Япон чанар стандартыг сонгосон юм. Мэдээж бид борлуулагчдаа байгууллагынхаа сургалтын системийн дагуу сургаж, бүгдээрээ туршиж хэрэглэж үзээд, ерөнхийдөө маш нарийн судалж үзээд борлуулдаг. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэхэд сэтгэл өндөр байдаг.
2020 онд манайх компаниа өргөжүүлэх үүднээс шинэ төрөл бүтээгдэхүүн нэмэх зорилгоор Японы Фүжи-Ирёки брэндийн ус шүүгчийг оруулж ирдэг болсон юм. Энэ бүтээгдэхүүнийг бид 2019 оноос судлаад зарим төрлийн нэмэлт функц байсан учраас тухайн компанитай нь хамтран хөгжүүлж албан ёсоор 2020 оноос эхэлж хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн. 
-Усны функц, бүтэц гээд л яриад байна. Хүмүүс өөрт хэрэгтэй мэдээллээ ихэвчлэн гүүгл, фэйсбүүк гэх мэтчилэн олон нийтийн өргөн хэрэглээний сүлжээнээс хайдаг. Гэхдээ тэрхүү мэдээллүүд нь зөрүүтэй байх нь элбэг. Энэ бүх мэдээллийг та ер нь хаанаас олж авдаг вэ?
-Хүмүүс сошиал сувгаар явж байгаа янз бүрийн тодорхойгүй мэдээллүүдийг нягтлалгүйгээр хоорондоо санал болгож, туршиж үзэх хандлагатай байдаг. Энэ нь зарим талаараа сөрөг үр дагаварыг авчрах эрсдэлтэй байдаг. Бидний хувьд мэдээллүүдээ интернэтээс л авдаг тохиолдол бий. Гэхдээ шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр батлагдсан мэдээллийг аль болох олж авч уншиж судалдаг. Хүн чанартай, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэж байж тэр хирээр үр дүнг мэдрэх, урт хугацаанд хэрэглэх боломжтой байдаг. 
"Глобал Электроникс” компани нь 14 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж Монголын хэрэглэгчиддээ техник технологийн дэвшилтэт, эрүүл ахуйн шаардлага хангасан Япон брэнд Panasonic  брэндийг албан ёсоор хүргэж ажилладаг.
-Бидэнд цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Ярилцсан: Ю.Халиун

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.