Сүүлийн өдрүүдэд олны бухимдлыг төрүүлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл эзэн биегүйгээр эгүүлэн татагдахаар болж байх шиг байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар хамт хуулийн төсөл өргөн барьсан байдаг. Гэвч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг сонгогчдоо "хулхиддаг” шигээ ангийн "охидоо” "мурьчихсан” бололтой.
Учир нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгармагц УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар булзсан уу, мэлзсэн үү ямартай ч өөр, өөрсдийн тайлбараа хийж, арьсаа хамгаалсан. Тухайлбал, Д.Өнөрболорын хувьд "Энэ хуулийн төслийг хэлэлцэх гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч уулзалт, хурал болоогүй. Надад мэдэгдээ ч үгүй. Нэг ч удаагийн хуралгүйгээр төслийг шууд чуулганы хуралдаанд оруулсан. Х.Ганхуяг таны ийм хариуцлагагүй зориудын, санаатай үйлдлээс болж, миний оролцоог огт хангаагүй байдлаас чинь болж би өнөөдөр иргэдийн дунд үндэсний дайсан болж байгаад харамсаж байна. Энэ төслийг санаачлагч Х.Ганхуяг та ёс зүйтэй байж, хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийхийг УИХ-ын гишүүний зүгээс танаас шаардаж байна” гэсэн. П.Анужин ч ялгаагүй.
Харин УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэдний үйлдлийг "Хуулиа мэдэхгүй гарын үсэг зурах, гарын үсэг зуруулснаас өөр төсөл оруулж ирэх бол яах аргагүй УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой. Тэр хуулийг хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэхэд үгээ хэлсэн. Хэдэн жилийн өмнө орж ирсэн, босго даваагүй. Түүнтэй адилхан хуулийн төсөл байна гэдгийг хэлсэн. Цогцоор нь оруулж ирэх хэрэгтэй. Энэ хуулийн төслийг өргөн барьсан гишүүдтэй хариуцлага тооцох боломжгүй. Манай байнгын хороо гишүүдтэй хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Парламентын засаглалтай орнууд угаасаа ийм байдаг юм билээ. 2009 онд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шахаж байж, арай гэж батлуулсан. Хэрвээ улстөрийн хариуцлага хүлээлгэхээр бол намууд, хуулийн хүрээнд гэвэл хуулийн байгууллага л хариуцлага тооцдог” гэх тайлбарыг өгсөн.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар өөрсдийг нь Х.Ганхуяг гишүүн хууран, мэхэлсэн гэж байгаа бол түүнд ГОМДОЖ, ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХ шаардлага үүсч байна. Эс бөгөөс өөрсдөө хамтдаа ёс зүйн хувьд ядаж, олон нийтийн өмнө бөхийж, уучлалт гуйх нь зүйн хэрэг биз ээ.
Сэтгэгдэл