Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Киргизстан улсаас өөрийн орны нэрийн өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьсан талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар түүнээс тодруулахад "Ийм санал ирсэн нь үнэн. Тэмцээнээс өмнө иргэншил олгож, сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан. Би энэхүү саналаас татгалзсан" гэдгийг хэлэв.
Эргэн сануулахад, Монголын Боксын холбооноос гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хассан талаар мэдээлсэн.
Гэвч Э.Цэндбаатарын оролцсон зодоонтой холбоотой асуудал цахим орчинд тархаж, тэрбээр сахилга бат алдсан нь миний буруу, Монголын Боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна хэмээн лайв хийж, байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд тэрбээр ДАШТ-д оролцох хүсэлтээ Монголын Үндэсний олимпын хороонд хүргүүлсэн. Харин Монголын Боксын холбооноос О.Тулга, Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулж, ялагчийг ДАШТ-д оролцуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэвч МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ очоогүй. Ингэснээр тэрбээр ДАШТ-д оролцох боломжгүй болсон юм.
Харин дараа нь МУГТ Э.Цэндбаатар "Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" хэмээн фэйсбүүк хуудастаа тайлбар оруулсан юм.
Сэтгэгдэл