Д.Хаянхярвааг тендер шалгаруулахдаа бусдаас хахууль авсан үндэслэлээр шалгаж байна


Д.Хаянхярвааг тендер шалгаруулахдаа бусдаас хахууль авсан үндэслэлээр шалгаж байна

 

УИХ-ын гишүүн асан, өдгөө "Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж буй Д.Хаянхярвааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн даваа гаргийн үдэш хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатууллаа. Хууль сахиулах байгууллагынханд "Эрдэнэс Монгол”-ын захирал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсний дагуу энэ сарын 18-ны үдэш дээрх компани болон хувийнх нь аж ахуйн нэгжийн албан өрөөнд АТГ-ынхан нэгжлэг хийснийг компанийнх нь ажилтнууд зургийг нь авч олон нийтийн сүлжээнд цацсан.

Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчдийн хийсэн нэгжлэгийн үеэр 6-7 сая төгрөг, 30 000 орчим ам.доллар хурааж авсан юм байна.

Хэргийн талаар АТГ-ынхан прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан бол прокурорын байгууллагаас тодруулахад "Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан "Автомашины даатгал”, "Удирдлагын хариуцлагын даатгал”, "Эрүүл мэндийн даатгал”-ын тендерийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад энэ сарын 18-нд Эрүүгийн хуулийн 22.1-2 хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, НПГ-ын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн даваа гарагт "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан” гэсэн мэдээлэл өглөө.

Д.Хаянхярваагийн хувьд хууль сахиулах байгууллагад шалгуулж байгаа анхны тохиолдол энэ биш. Тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байхдаа 2012 оны сонгуулийн үеэр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан "Хүний хөгжил сан”-гийн 670 сая төгрөгийг Дарханы сонгогчдод тараасан хэрэгт холбогдон ЦЕГ-ын Мөрдөн байцаах газар, АТГ-ынханд шалгуулж байсан ч тэгсхийгээд замхарсан билээ.

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.