Орчин үед монголчууд "олигархи" гэх үгийг хараал мэт ашиглах болж. Янз бүрийн аргаар хөрөнгөжсөн хэсэг бүлэг цөөн хүмүүс төрийг мөнгөөр худалдан авч, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэн, улмаар эрх ашигтаа зохицсон дэг жаягаар засаглах дэглэмийг "олигархи" гэж ойлгодог болохоор тэр биз. Тэгвэл Монголын төрд тэр тусмаа эрүүл мэндийн салбараас төрсөн нэгэн олигархийн тухай энд өгүүлэх гэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржид холбогдох хууль бус үйлдлүүдийг нийтэд ил болгож, энэ салбарт бугшсан идээ бээрийг хагалах цаг болсон талаар эх сурвалжууд манай сонины редакцид хандаад буй юм.
Б.Бямбадорж 1995 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөж, Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт Сэхээний тасгийн эмчээр нэг жил ажиллажээ. Улмаар 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 он хүртэл Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, захирлаар ажиллаж байсан түүхтэй нэгэн. Энэ талаар эх сурвалж "Б.Бямбадорж нэгдүгээр эмнэлэгт захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн "Эрин” нэртэй хувийн эмнэлгээ барьж амжсан байдаг. Төрийн эмнэлгийн эмч хүн эмнэлэг барих хэмжээний цалин орлоготой байсан гэдэгт итгэх үү. Эрүүл мэндийн салбарын тендерт томоохон үүрэгтэй оролцдог нөхөр гэдгийг салбарынхан андахгүй” хэмээсэн юм. Нийгмийн хамгийн эмзэг төдийгүй их хэмжээний хөрөнгө мөнгө урсаж байдаг эрүүл мэндийн энэ салбарт Б.Бямбадорж хэрхэн авлига, хээл хахууль "цэцэглүүлсэн” тухай баримтыг одоо сөхье.
Тэрбээр 2018 оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. Ганцхан жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон цагаас эхлэн түүний хууль бус үйлдлүүд улаан цагаандаа гарчээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийн талаар УИХ-ын гишүүд, тодорхой иргэд, яамны болон төсөл хөтөлбөр, ТББ-ын төлөөллүүдээс дараах гомдлууд ирсэн талаар эх сурвалж бидэнд өгсөн юм.
Баримт: нэг
Б.Бямбадорж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа хэрхэн авлигатай холбогдсон талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр ”Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр энэ үйл явдал болсон байдаг. "Хар чонот” компанийн захирал н.Баянцагаан тухайн өдрийн 14.30 цагт Төрийн ордны 405 тоот өрөөнд Эрүүл мэндийн сайдтай уулзсан. Тэр уулзалт дээр н.Баянцагаан "Танай төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж Говьсүмбэрийн 100 ортой эмнэлгийн тендерийг авч өгье. Нэг тэрбум төгрөг өг гэлээ. Тэр надаас мөнгө нэхэхэд, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан хамт байсан. Би 100 сая болохгүй юу гэж асуухад "Үгүй нэг тэрбум” гэсэн. Би үүнийг хаана ч хэлнэ. Би бол Монгол Улсын гавьяат барилгачин, "Хар чонот” компанийн захирал, эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан, энэ салбарт олон бүтээн байгуулалт хийсэн гавьяат барилгачин хүн. Яагаад бүтээн байгуулалтад оролцох эрхийг минь ингэж боож хааж байгаа юм бэ. Нэг тэрбум төгрөг тендерт ялахын тулд өгөхөөр компанид ашиггүй, хүмүүсээ юугаар цалинжуулах юм бэ. Намайг удаа дараа утсаар ярьж дарамтлан тендерийн асуудлыг би шийднэ. Нэг тэрбум өгчих гэсэн. Тиймээс би тантай уулзаж байна гэсэн болно”хэмээсэн байдаг.
Баримт: хоёр
Баримт: гурав
Б.Бямбадорж төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Дорноговийн 100 ортой эмнэлгийн ажлын хэсгийг хуралдуулахгүй нэг сар гацааж байжээ. Энэ талаар тухайн үед яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга "Төрийн нарийн бичгийн дарга яагаад ч хөдлөхгүй байна, Учирлаж хэлээд ч нэмэргүй юм” хэмээн удаа дараа мэдэгдэж байжээ. Ийнхүү Б.Бямбадоржтой холбоотой гомдол мэдээлэл хамт ажиллагсдаас нь байнга ирдэг аж. Тухайлбал, эмнэлгүүдийн гуанз, эмийн сангийн гэрээг өөр дээрээ татна гэж дарга нарыг цуглуулан дарамталсан тухай гомдол эмнэлгүүдийн удирдлагуудаас ирүүлж байжээ. Энэ мэтчилэн хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, төрийн ажил гацаасан, ёс зүйгүй үйлдлүүдийг Б.Бямбадорж удаа дараа гаргаж байжээ. Уг нь яамны төрийн нарийн бичгийн дарга хүн салбарынхаа төв аппаратын бодлогыг зангидаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө төрөөс үзүүлэх үйлчилгээ, чанар стандартыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулах учиртай. Гэтэл Б.Бямбадорж тэгсэнгүй.
Тиймээс ч АТГ-аас түүнийг шалгаж, тун удалгүй Б.Бямбадорж "өөрийн хүсэлтээр” гэх нэрийн дор ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Авлига, хээл хахуультай нэр холбогдсон, олны дунд "Эрүүл мэндийн салбараас төрсөн олигархи” хэмээн нэрлэгдэх болсон Б.Бямбадорж энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын даргаар томилогдов. Тэрбээр тус газар ирсэн цагаасаа эхлээд удирдлагын багаа шинэчлэх нэрийн дор НЭМГ-ын харьяа байгууллагад албан тушаалын халаа сэлгээг хийгээд эхэлжээ. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Энэрэл эмнэлэг, Шүдний төв, 103 түргэн тусламжийн төвийн удирдлагуудыг өөрчлөөд байгаа аж. Цар тахлын хүнд бэрх цагт хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тууштай зүтгэх гол үүргээ умартаж, албан тушаал, халаа сэлгээнд хамаг анхаарлаа хандуулаад буй нь дээрх баримтаас бэлхнээ харуулах биз ээ. Ямартаа ч түүний энэ овлигогүй үйлдлүүдийн талаар Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-д гомдол мэдээлэл ирсээр байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалж "Коронавирусний халдвараас шалтгаалаад манай ТАЗ-ийн хяналт шалгалт удааширсан нь үнэн. Гэхдээ саяхнаас хэд, хэдэн аймгуудад хяналт шалгалт хийсэн. Удахгүй нийслэл рүү шалгалтаа оруулна. НЭМГ-ын томилгооны асуудал ч энд багтаж байгаа” гэсэн юм.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл