Салбартаа “элэггүй” ч даргын суудлын даллагатай Б.Бямбадорж


 

Салбартаа “элэггүй” ч даргын суудлын даллагатай Б.Бямбадорж

 

Өнгөрөгч зуны долоодугаар сарын 3-нд Улаанбаатар хотын эмнэлгийн гадна нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй гэгээн цагаан өдрөөр гудамжинд нас барсан. Эрүүл мэндийн байгуллагын хүнд суртлаас болж ийм эмгэнэлтэй явдал 21-р зууны нийслэл хотод   тохиолдсон нь итгэхэд ч бэрх явдал.

Харин үүний дараа НЭМГ-ын дарга Б.Бямбадорж тухайн иргэний талаар “Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна” хэмээн талийгаачийг тавласан гэмээр  илт ялгуурлан гадуурхсан мэдээлэл хийж эмч хүний ёс зүйг уландаа гишгэж байв.

Зүй нь өөрийнх нь хариуцсан нийслэлийн эмнэлэг, тэр дундаа Яаралтай тусламжийн төв ийм хүнлэг бус үйлдэл гаргасны төлөө ажил хариуцсан Б.Бямбадорж өөрөө хамгийн түрүүнд хариуцлага хүлээх учиртай байв.  Гэтэл үхсэн хүн үг хэлдэггүй гэдэгчлэн бурууг талийгаач руу тохсон ийм мэдээлэл хийснээрээ энэ хүн хэн бэ гэдгээ  нийгэмд таниулсан юм.

 

Тэрбээр  энэ хэрэг явдлын улмаас ажил хариуцсан хүмүүстэй хариуцлага  тооцохдоо ч  бас эрх ашгийн зөрчил гаргасан. Тодруулбал, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлж, тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыг оронд нь дэвшүүлэн томилж байв. Эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсанд хариуцлага хүлээх учиртай гол буруутан нь ажил үүргийн хуваарь ёсоор бол С.Ариунболд байж таарах нь ойлгомжтой атал харин бүр эсрэгээр нь дэвшүүлэн томилсныг эрх ашгийн зөрчил гэж харахаас өөр яахав.

С.Ариунболд энэ эрхэм М гэх  эмчийг зодсон, шарил тээвэрлэх  үйлчилгээтэй холбоотой  бохир “тоглолт”-од оролцож хөлжигчдийн нэг гэсэн мэдээлэл нь  тэр үеэр нийгэмд ил болж байв.

 

Ер нь Б.Бямбадоржийн талаарх таагүй мэдээлэл л хөвөрдөг. Тэр бүхнийг дурдах гэвэл уртаас урт жагсаалт болох байх.

Түүнийг 2019 онд ЭМЯ-ны ТНБ-ийн дарга болоход  “Cалбартаа “элэггүй” Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших нь зөв үү” гэсэн санаа оноо явж байв.

Олон нийт ингэж эргэлзэх шалтгаан ч хангалттай байсан биз. Тухайлбал,  тэрбээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга байхдаа Төрийн албан хаагчдын эмнэлгийг хувьдаа авахаар санаархсан, ясны чөмөг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийн 4.1 тэрбумыг тендергүй, бүр асуудал хариуцсан  яамнаасаа нуун зохион байгуулсан гээд мэргэжлийнхээ салбар руу ханцуйдаа “хутгатай” ажилласан гэлцэх юм билээ.

УКТЭ-ийн зүүн жигүүрийг  нураахад Б.Бямбадорж идэвх зүтгэлтэй оролцон шэлевр төмөр, вакум цонх, мод зэргийг маш хямд үнэлэн авч “Бөхийн өргөө”-ний урд байрлах дөрвөн давхар “Эрин” хувийн эмнэлгээ өргөтгөн 3,4 давхар болгосон овсгоотой эр гэсэн.   

2005 онд I эмнэлгийн ариутгалын тасгаас алдагдсан автоклав болон бусад тоног төхөөрөмж Б.Бямбадоржийн хувийн эмнэлгээс олдсон байдаг юм билээ.

Түүнтэй холбогдон яригддаг өөр нэг таагүй зүйл гэвэл өөрийнхөө хувийн эмнэлгийг  бариулахдаа Онцгой байдлын газрын албан хаагчдыг хямд хөлсөөр бараг үнэгүй шахам хамгаалах хэрэгсэлгүй ажиллуулснаас үйлдвэрлэлийн осол гаргах үеэр нэгэн залуу тархиндаа хүнд гэмтэл авч, бүх  насаараа тахир дутуу болсон гэдгийг  эмнэлгийнхэн нь нотолдог.

Тэрбээр ЭМЯ-нд тушаал дэвшиж ирээд  салбараа өөд нь татая гэхээсээ илүүтэй  яамаа бужигнуулж, ЭМЯ-ны бүх тендер, төсөл хөтөлбөрийг дур зоргоороо бужигнуулж эхэлсэн байна. Тухайн үед түүнийг нэг тендерийг нэг тэрбум төгрөгөөр үнэлдэг гэсэн мэдээлэл нийтлэгдэж байсан юм даг. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэгчтэй холбоотойгоор “Хар чонот” компанийн захирлаас 1 тэрбум  төгрөг нэхсэн талаар Монгол Улсын гавьяат барилгачин тус компанийн захирал барин тавин ярьсан гэх мэдээлэл бий. Тэрбээр яаманд ирээд ажилтнуудыг өдөр бүр өрөөндөө дуудан чиний хувь заяаг би мэднэ гэж сүрдүүлж, өөрийн хувийн эмнэлэгтээ давуу эрх олгох, зөвшөөрөл, лиценц гаргуулах явдал газар авсан гэлцэж байв.

 

Мөн  яамны Гадаад харилцааны даргаар өөрийн туслахаар ажиллаж байсан Цасчимэг гэх сувилагчийг томилж төрийн ажлыг дэндүү үнэ цэнэгүй болгож дуулиан дэгдээж байв.

Харин аз болж тараа таниулсан уу, яасан энэ албан тушаалдаа нэг их удалгүй гадаадад суралцах хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн юм даг.

Гэвч тэр хэсэг хугацааны дараа Нийслэлийн эрүүл мэндийн газар гэх чухал албыг удирдахаар эргэж ирсэнд олон нийт тийм ч таатай хандаагүй. 

Эмнэлгүүдийг олигархи дарга нараас салгаж ядаж байхад өөр хүн олдохгүй юм шиг Б.Бямбадоржийг томиллоо гэсэн иргэдийн бухимдалтайгаар тэр энэ албанд ирж байв.

Нийслэл хотод цар тахлын халдвар одоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Уг нь Улаанбаатарын иргэд вакцинжуулалтын бүрэн тунд хамгийн идэвхтэй сайн хамрагдсан гэдэг нь маргашгүй үнэн. Гэвч халдвар эргэн нэмэгдэж байна. Ийм хариуцлагатай цаг үед тэрбээр хотын иргэдээ халдвараас хамгаалах чиглэлээр зохион байгуулалтын ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй хэвээр л байна.

 

М.Нэргүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.