Монголын шилдэг татвар төлөгч, Монголчуудыг цар тахлын хямралын үед авран хамгаалж буй "шидтэн”, Монголын үе үеийн улстөрчид, төр засгийнхны "саалийн үнээ" гээд сайнаар ч, саараар ч цоллуулж яваа компани бол "Эрдэнэс Тавантолгой" компани. Тэгвэл энэхүү компанид улстөрчид сүүлийн хоёр жилийн хугацаанд л эзний сэтгэлээр хандан тордож услаж, томруулж байна уу гэтэл үгүй ажээ. Учир нь тендер зувчуулдаг, хувааж иддэг, хууль бусаар наймаа хийдэг, хулгайн асуудал энэ компанийг тойрсонгүй. Үүнийг тодруулан та бүхэнд нэгэн баримтыг ил болгож байна.
2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр зарласан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендер, энэ оны наймдугаар сард зарласан "Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэсэн хоёр тендерт нэг компани ялжээ. Монгол Улсын цагаан дээр хараар бичсэн хуулийг ноцтой зөрчсөн Хятадын нэг компанид давуу байдал олгосон байна. Тухайлбал, ТЭЗҮ-г охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг нь гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан нь хууль зөрчсөнөөс гадна тендерт тавигдах шаардлагаа ч хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1,5-д "Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” тохиолдолд тендерт оролцогч нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” гэсэн хуулийг ноцтой зөрчжээ.
Нөгөөтэйгүүр, Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 4.2.5-д "Тендерт оролцогч (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) нь бараа, ажил, үйлчилгээний зурагтөсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” бол өрөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” хэмээн тусгасан байдаг.
Энэ тохиолдолд ТЭЗҮ боловсруулах тендерт ялсан БНХАУ-ын ‘‘Чайна Металлуржикал Инженеринг” XXX (China Metallurgical Engineering Co.,Ltd.) зураг төсөв боловсруулах барилга, угсралтын ажил гүйцэтгэх төсөлд ялсан "Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd / нь хоёулаа төрийн хуулийн шалгуурыг давж чадахгүй бүдрэх байсан ч тэднийг хууль бусаар ялуулчихаж.
Дээрх хоёр компани ямар, ямар нотлох баримтаар охин болон толгой компанийн хамааралтай байгааг уншигч та сонирхож байгаа нь мэдээж. Бид ч баримтаа илүү нягтлах үүднээс "Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd-ийн албан ёсны вэб хуудас руу нь хандаж үзлээ.
Уншигч та ч http://mecc.sinosteel.com/En/aBorg.aspx холбоосоор нэвтрэн орж тус компанийн охин компаниудын мэдээлэлтэй танилцаж болно.
Тус хүснэгтийн "Байгуулсан компани ба хамтарсан үйлдвэр" хүснэгтийн долоодугаарт баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан "Чайна Металлуржикал Инженеринг” ХХК-ийн нэр зурайж байна. Үүнээс гадна энэхүү охин компани нь өөрийнхөө албан ёсны сайтад ч үүсгэн байгуулагчдын тухай мэдээлэлдээ зураг төсөв боловсруулах тендерт оролцсон "Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd”-ыг дурджээ. Өөрөөр хэлбэл, 1998 онд байгуулагдсан тус компанийн 63.33333 хувийг нь"Синостеел Экьюпмент Инженеринг групп” эзэмшдэг гэсэн үг. (эх сурвалж: БНХАУ-ын компаниудын албан ёсны мэдээллийг шалгадаг аппликэйшн)
ТЕНДЕРИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН КОМПАНИД "ХАМГИЙН САЙН” ГЭСЭН ҮНЭЛГЭЭ ӨГЧЭЭ
"Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын Төрийн өмчийн компани болох "Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd/ ялалт байгуулсан бөгөөд нийтдээ 954.182.113.500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Тус тендерт БНХАУ-ын дөрвөн том компани хүсэлтээ ирүүлснээс тус группын үнийн санал нь дээрээсээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байжээ.
Үүнээс ч бага үнийн дүнгээр буюу 881.955.731.075 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой хэмээн "Power China BGTG Joint venture”-ээс үнийн саналаа ирүүлсэн тус компанийг үл тоож, хамгийн өндөр үнэтэйг сонгосон нь эрхгүй хардлага дагуулах ажээ. Өөрөөр хэлбэл, тендерийн журам дүрмээр бол хамгийн бага үнийн саналаар хамгийн чанартайг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ёстой ч өндөр үнэтэй хийж гүйцэтгэхээр саналаа ирүүлснийг нь сонгож, гэрээ байгуулах эрх олгох албан бичгээ хэдийнэ илгээжээ.
"Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd/ компани нь голчлон инженерийн гэрээ, төслийн менежмент, металлургийн инженерчлэл, тоног төхөөрөмжийн хяналт, технологийн хөгжил болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэмээн танилцуулгадаа дурдсан байх юм. Ийнхүү Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж охин компаниараа ТЭЗҮ-гээ хийлгэж, өөрсдөө барилга барих эрхийг нь авсан компанид "Эрдэнэс Тавантолгой” компаний удирдлагууд мэдэхгүйгээсээ "хамгийн сайн” гэсэн үнэлгээ өгч, гэрээ байгуулах албан бичиг илгээсэн үү, эс бөгөөс мэдсээр байсан атлаа мэдэн будилав уу гэдэг нь сонирхолтой атлаа хариулт нэхсэн сэдэв болов.
Тиймээс авлига авч, албан тушаалын давуу байдлаа ашиглан энэхүү тендерт огтхон ч шалгарахгүй байсан хууль бус газарт давуу байдал олгосон эсэхийг АТГ-аас шалгах ёстой юм. Нэгдмэл сонирхолтой этгээд нэг үйлдвэрийг өрсөлдөгчгүйгээр ТЭЗҮ-г нь боловсруулж, дараа нь барилгын зураг төслийг гаргаж, угсрахаар болчихоод байхад төр хэдэн төгрөгийг энэ компаниас хэрхэн салгах вэ, хэнийг нь халж солих вэ, хэний хүнийг томилох вэ гэсэн жалга довны улс төртэй зууралдсаар суух аж. Харин төрийн хуулиа зөрчсөн тус компани цар тахлын дажин дундуур Хятад улсын нэг группт давуу байдал олгосон "хулгай"-гаа чимээгүйхэн нууж орхисныг дээрх баримтаас харж болно. Үүнийг шалгаж хянах газар нь шалгаж, нэг компанид давуу байдал олгрсон эзнийг ыь ояж хариуцлага тооцож. тендерийг хүчингүй болгоно гэж найдъя.
Б.БАТ
https://www.sonin.mn/news/peconomy/125652
Сэтгэгдэл