Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас автобензины хангамж, түгээлтийн талаар цаг үеийн мэдээллийг хүргэлээ. ОХУ-аас Ангарскийн ГТБҮ-ийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад нийлүүлэх Аи-92 шатахууны нийлүүлэлт энэ оны есдүгээр сарын 20-ний өдрөөс багассан билээ.
Энэ сардаа багтаан ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөн ажиллаж байгаа юм. Өчигдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа аравдугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 шатахууны ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 шатахууны ачилтыг хийх юм. Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 шатахуун түгээлтийг шуурхай хийж байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Тухайлбал, аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
- НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн гурван аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлтийг хийсэн
- НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт долоон вагон цистерн буюу 420 тонн АИ-92 шатахуун түгээлтийг хийж эхэлсэн.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 шатахуун хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл