БНХАУ-аас есдүгээр сард 8250 тонн Аи-92 автобензин импортоор орж ирнэ


БНХАУ-аас есдүгээр сард 8250 тонн Аи-92 автобензин импортоор орж ирнэ

 

Монгол Уулс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадгаас 95 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ-аас худалдан авч байна. Манай шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт ээлжит техникийн засвар, үйлчилгээ хийгдэж буй шалтгаанаар энэ сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 орчим хувиар бууруулсан. Энэ нь шатахууны хангамжийн тогтвортой байдалд нөлөөлж, Аи-92 автобензиний тасалдал, хомсдол үүсгэсэн гэж албаныхан тайлбарлаж буй юм.

 

Аи-92 автобензиний хангамжийг бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун (автобензин 33.300 тонн, дизелийн түлш 10.140 тонн) шатахуун худалдан авах захиалга өгчээ.

Хятад улсаас импортлох 724 вагоныг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч ажиллаж буй аж.

 

Үүний үр дүнд Хятадын тал Монгол Улс руу шатахуун тээвэрлэх 150 вагоныг тус улсын есдүгээр сарын төмөр замын хуваарьт нэмэлтээр оруулж, шуурхай хамтран ажиллажээ. Эхний 2750 тонн Аи-92 автобензин ачсан 50 вагон 2021.09.25-ны орой Хөх хотоос хөдөлж, 2021.09.26-ны өдөр Зам-Үүд боомтоор орж ирж, 25 вагоныг шилжүүлэн ачиж дуусчээ.

Хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон 2021.09.26-ны өдөр буюу Ням гаригт Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор Даваа гаригт 11-12 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17 цагийн орчим хилээр орж ирсэн билээ.

Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн ээлжийн 50 вагоны ачилт хийгдэж, ачиж дуусмагц Эрээн боомт руу яаралтай хөдөлгөх талаар Хятадын талын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

 

БНХАУ-аас есдүгээр сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон, нийт 8250 тонн Аи-92 автобензин импортоор орж ирэх нь.

Мөн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн Аи-92 автобензиний эхний ээлж буюу 1210 тонн Аи-92 автобензин ачсан 20 вагон энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирж, шатахууны агуулахуудад хуваарилж дуусчээ. Үлдсэн 300 орчим тонн Аи-92 автобензин ачсан 5 вагон үйлдвэрээс ачигдсан байна.

Есдүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 автобензин орж ирэх ба энэ манай улсын АИ-92 автобензиний ердийн найм хоногийн нөөц юм.

Эх сурвалж: УУХҮЯ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.