“Сахал” Д.Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар нарын схемд нэгдсэн Б.Лхагвасүрэн огцрох болзлоо хангалаа


 

“Сахал” Д.Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар нарын схемд нэгдсэн Б.Лхагвасүрэн огцрох болзлоо хангалаа

 

Ингэж бичих үндэслэл байна. “Сангийн сайд Б.Жавхлангийн шахааны хүн” гэгддэг Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгчөөс огцрох болзлоо хангачихлаа. Учир нь Банкны тухай хуулийн 36.15-д “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкныханд “Хууль биелүүлнэ шүү, нөхөд өө” гэж албан бичгээр анхааруулдаг атлаа ХААН банкны асуудал дээр төрийн хуулийг ноцтой зөрчив. Товчхондоо, төв банкны тэргүүн Монголын банкны системийн эсрэг схемийн нэг гишүүн болсноо энэ өдрүүдэд харуулж байна. Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн... Улс төр, банк, бизнесийн бүлэглэл оролцсон схем энэ биш гэж үү!

 

ХААН банкны 60 хувийг “Савада Холдингс” компаниас Худалдаа, хөгжлийн банкны “халаас”-нд хийх хорыг МАН-ын зарим удирдлагын оролцоотойгоор найруулсан талаар улс төрийн хүрээнийхэн ид шуугиж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд ч “ХААН банкны тухайд тэр дарга намайг шахсан, энэ дарга ийм даалгавар өгсөн” гэдгийг нуухгүй байгаа гэдэг. Ямартай ч Монгол Улсын банкны системийн 35 хувийг атгадаг хамгийн том банк болох ХААН банкинд Худалдаа, хөгжлийн банкныхан эзэн суухад хотын мэр Д.Сумъяабазар зуучийн үүрэг гүйцэтгэж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хууль зөрчин оролцсон нь хэвлэлүүдэд ил боллоо. ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг үндэслэж, энэ оны арваннэгдүгээр сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалдсан тухай баримт ч цахим ертөнцөөр нэг хөвөрч байна.

Харин Б.Лхагвасүрэнгийн хувьд, “Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн” ХХК (UBC)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон...” гэдгийг нууцын зэрэглэлтэй нэгэн албан бичигтээ дурдсан нь бий. Тэгэхээр Худалдаа, хөгжлийн банкныхаан, сайтуудад гаргасан мэдэгдэлд тань дурдсанчлан хэвлэлүүд огт үндэслэлгүй мэдээлэл нийтлээгүй байгаа биз!? Хэвлэлийнхнийг хууль, шүүхээр сүрдүүлэхийн оронд ХААН банкинд эзэн суухын тулд ямар хууль зөрчицгөөснөө эргэн харахыг зөвлөе. “Монгол төрийн уурганы хуйв урт” гэдгийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал ид хурцдаж байхад мэдэрцгээсэн л баймаар юм.  

“Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэгчлэн 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд нам, бүлэглэлийнхний өмнө гавьяа байгуулсан “тэмдэглэлт өдөр”. МАН-ын зарим удирдлагын даалгаврыг тэр амжилттай зохицуулж, биелүүлсэн. Нөгөө “49 хувийнхан”-ий ашиг сонирхлыг ч гүйцэлдүүлсэн. Тэгэхээр энэ өдөр түүний хувьд “тэмдэглэлт өдөр” байлгүй яах вэ. Харин ХААН банк хэмээх том “торт”-ноос үмхсэн МАН-ын зарим удирдлага түүнийг яаж шагнах нь сонин. Б.Лхагвасүрэн гэж их сонирхолтой нөхөр аж. ХААН банкны 60 хувийг “49 хувийнхан”-д “бэлэглэсэн” өдөр буюу энэ сарын 01-нд нэр бүхий арилжааны банкинд хууль дээдлэхийг сануулсан их гоё утгатай бичиг хүргүүлжээ. “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай А-1/1075 тоот” гэж байгаа юм.

 

Энэхүү албан бичигт “Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 хэсэгт “Банкны системд нөлөө бүхий банк нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байна” гэж заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх, бусад банк нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдах шаардлагатай. Мөн Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэсэн шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангаж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж ажиллахыг анхааруулж байна” гэж дурдсан аж. Б.Лхагвасүрэн арилжааны банкуудад хууль хэрэгжүүлэхийг анхааруулсан албан бичгийг ийнхүү нэг гараараа үйлдэж, харин нөгөө гараараа төрийн хуулийг ноцтой зөрчсөн нь ХААН банкны 60 хувийн талаарх хуйвалдаанаас тодорхой боллоо. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны босс Д.Эрдэнэбилэгийг ганцхан өдрийн дотор ХААН банкны 60 хувийн “ХААН” болгов. Д.Эрдэнэбилэгийг Монголын банкны системийн “ХААН” болгохын тулд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хуулийн 36.6 дахь заалтыг ч ноцтой зөрчсөн.

 

Энэхүү заалтад “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж дурдсаныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илт зөрчсөн нь ХААН банкны тухайд болж өнгөрсөн үйл явдлаас тодорхой харагдана. Төрийн хуулийг нам, бүлэглэлийн эрх ашгаас доогуурт тавьсан Б.Лхагвасүрэн арилжааны банкуудад ч шаардлага тавих ёс зүй үгүй. Товчхондоо, тэр огцрох ёстой.    

 

Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй институци. Тэгэхээр үнэмлэхүй олонхийг нь МАН-ынхан бүрдүүлдэг УИХ хууль зөрчсөн Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах эсэхийг харах л үлдэв. “Хувийн өмчийг хуулиар хамгаалах ёстой” гэдгийг ч эрх баригчид эрхбиш мэдэх учиртай. Гэвч Д.Эрдэнэбилэгтэй хүч хавсарсан эрх баригч хүчин дэх бүлэглэл Б.Лхагвасүрэнг “Даалгавар сайн биелүүлсэн” гээд бүр дээш нь “шидчихдэг” юм болов уу... Монголын хамгийн шударга хуульч гэгддэг Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай ана мана, ач тач үзэлцэж байхдаа “Ард түмэн та нарыг дийлнэ ээ” гэж анхааруулж байсан. Үйл явдлын өрнөлөөс харвал, ард түмэн биш, “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй “49 хувийнхан” л дийлчихээд байна даа, Ц.Нямдорж сайд аа! ХААН банкны 2.7 сая харилцагч нөгөө “аймаар” бүлэглэлийн чинь “халаас”-нд орлоо. Монголын банкны системд “Сахал” Д.Эрдэнэбилэг хаан суучихлаа шүү дээ. Одоо юу хэлэх вэ, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж оо.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.