О.Цогтгэрэл: Өөрөөсөө илүү хүмүүстэй хамтрах болсондоо баяртай байна


О.Цогтгэрэл: Өөрөөсөө илүү хүмүүстэй хамтрах болсондоо баяртай байна

 

О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан даваа гаригт (2021.11.08) мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн эхэнд АН-ын дарга О.Цогтгэрэл “Улсын Дээд шүүхийн удаа дараагийн тогтоолд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй гэдэг товчхон дүгнэлт гараад байгаа юм. Ийм учраас хүчин төгөлдөр Их хурлаа хийж, асуудлаа шийд гэдэг үүрэг өгсөн.

АН-ыг төлөөлөх этгээд өнөөдөр байхгүй. Энэ хүрээнд асуудал шийдэгдэж байгаа. УИХ дахь бүлэг дотор тодорхой хэмжээний асуудал бий. Хуульд УИХ дотоод бүтэц зохион байгуулалтаа яаж авч явахыг тодорхой заасан байдаг. Бүлэг дотооддоо асуудлаа шийдээд явна. Үүнд ноцтой асуудал байхгүй. Одоо бид дотоод хэрүүл маргаан ярихгүй. Ардчилсан нам иргэн төвт үзэл санааг тээж ирсэн намын хувьд хөгжлийн төлөөх сөрөг хүчний байр суурийг баримталж ажиллана. 

Ардчилалд хайртай Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар маань урилгыг хүлээн авч, хамтран ажиллаж байгаад баяртай байна. Өөрөөсөө илүү хүмүүстэй хамтарч ажиллаж боломж нээгдэж байгаад баяртай байна. Бид хүч түрэн дайрахаас илүүтэй нөгөө талд байгаа АН-ын нөхдүүдээ урин залж байна. Та бүхний өмнө олон зүйлийн хаалга нээлттэй байгаа шүү” гэсэн байна.

Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр “2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Сонгуулийн маргааш сонгууль эхэлдэг. Эрх баригчдын хувьд 2020 оны долдугаар сараас эхлээд дараагийн сонгуулийн ажилдаа орсон. АН хоёр жилийг алдлаа. Бидний хувьд 2024 оны сонгууль нэлээд ээдрээтэй харагдаж байна. АН цаашид ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Цар тахлын үр нөлөөнд маш олон айлын амьдрал сүйрч, ядуу гэдэг ангилалд шилжиж байна. Тиймээс бид илүү ажил хэрэгчээр асуудалд хандана. Би хоёр зүйл дээр анхаарч ажиллана.

 

  • Нэгдүгээрт, ажил хэрэгч улс төрийн хүчин байх
     
  • Хоёрдугаарт, бид залуу үеэ хөгжил дэвшилд хөтлөх хүч болно. Үүний тулд сургалтын үйл хэргийг эрчимжүүлнэ” гэсэн байна. Мөн АН-ын гишүүн Х.Тэмүүжин “2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад АН тодорхой байр суурийг илэрхийлж байсан.


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд найман жил гэдэг асуудал байгаа. Тухайн зүйл заалттай холбогдуулж найман жил гар хүрэхгүй гэдэг зарчим байдаг. Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн зарчим байхгүй. Өөр бусад зүйл заалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно шүү дээ. АН-ын байр суурь маш тодорхой байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олонх ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулна гэвэл бид дөрвөн юманд эсрэг зогсоно.

 

  • Нэгдүгээрт, хүний эрхийг дордуулсан өөрчлөлт Үндсэн хуульд ямар нэгэн аргаар орж болохгүй гэдгийг өмнө хэлж байсан.
     
  • Хоёрдугаарт, эрх мэдлийн хуваарилалт алдагдуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэвэл АН үүний эсрэг байнга зогсоно. Хүний эрхийн баталгаа бол эрх мэдэл хуваарилалт байдаг учраас нэг, хоёр дахь зарчим дээр хатуу зогсохоос өөр аргагүй.
     
  • Гуравдугаарт үндэсний тусгаар тогтнол Монгол Улсын суурь эрх ашигтай холбоотой асуудлуудад Үндсэн хуулийн өөрчлөлт таагүй үр дүн гарах бол бид эсрэг зогсохоос өөр аргагүй.
     
  • Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн хүч чадлыг сулруулах зорилготой ямар нэгэн өөрчлөлтийн эсрэг зогсоно. Мөн иргэд дуу хоолойгоо жигд төлөөллийн байгууллагадаа хүргэж байхын тулд сонгуулийн холимог тогтолцоо зайлшгүй байх ёстой” гэжээ.


Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.