Нүүрсний үнэ буурч, Монголын боломж хумигдлаа


 

Нүүрсний үнэ буурч, Монголын боломж хумигдлаа

 

Ердөө сарын өмнө Лондоны металлын биржид кокосжих нүүрсний үнэ тонн нь 331 ам.долларт (2000 орчим юань) хүрч түүхэн дээд түвшинд хүрээд байв. Харин одоо хоёр дахин буурч, тонн 145 ам.доллар болоод байна. Нүүрсний үнэ ийнхүү буурах болсон нь Хятадын нүүрсний олборлолт өссөнтэй холбоотой юм. Хятадын өдөр тутмын нүүрсний олборлолт энэ сарын 3-ны байдлаар 11.2 сая тоннд хүрч, өнгөрсөн сарын эхэн үеийнхээс нэг сая орчим тонноор нэмэгдсэнээр түүхэн дээд хэмжээнд ойртжээ.

Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд цахилгаан станцуудын нүүрсний нөөц 112 сая тонн давж, есдүгээр сарын сүүлчээс 31 сая тонноор нэмэгдэж, хэвийн түвшинд хүрсэн байна.

Түүнчлэн  нүүрсний олон уурхай их засварын дараа дахин ашиглалтад орсноор Хятадын өдөр тутмын нүүрсний олборлолт үргэлжлэн нэмэгдэж, 12 сая тонноос давах төлөвтэй байгаа аж.Мөн  аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай байгаа мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр  болж буурчээ.

Тус улсын хамгийн том нүүрс олборлогч болох “China Energy Group” өнгөрсөн сард 50.64 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний зэрэгцээ, Хятадын хойд хэсгийн нүүрс тээвэрлэх гол зангилаа болох Чинхуандао боомтын нүүрсний нөөц лхагва гарагт 5.1 сая тонн давснаар жилийн өмнөхөөс ч өндөр түвшинд хүрсэн байна.

Нүүр

Нүүрсний үнэ буурч, Монголын боломж хумигдлаа

 

сний олборлолт өссөнтэй холбоотойгоор тус улсын томоохон нүүрс олборлогчид нүүрсний үнээ тонн тутамд нь 1000 юань буюу 156.42 ам.доллароос доошлуулж бууруулжээ. Өнгөрсөн сарын 19-нд Хятадын Жэнжөүгийн түүхий эдийн бирж дэх эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ 1908.2 юань болж, түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол одоо  50 гаруй хувиар буураад байна.

Түүнчлэн нүүрсний нэгдүгээр сарын фьючерс үнэ  0.4 хувиар буурч, тонн нь 936 юань болжээ.  БНХАУ Австралид хориг тавьснаар тус улсын зах зээлд 40 сая тонн нүүрсний сул зай гарсан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний хэрэглээ хурдацтай нэмэгдэж, импорт буурч, дотоодын уурхайн олборлолт нэмэгдээгүй, өмнөх үетэйгээ ижил тогтвортой байсан.

 

Энэ жилийн эхний хагас жилийн байдлаар БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2.1 тэрбум тонн болж, 10.7 хувиар өсжээ. Харин импорт 140 сая тонн буюу 20 орчим хувиар буурсан байна. Аж ахуйн нэгжүүдийн нөөц 50 орчим сая тонн буюу 26 хувиар буурчээ. Эдгээр хүчин зүйлс нь нүүрсний үнийг өсгөхөд хамгийн их нөлөөлсөн. Гэвч бид энэхүү нүүрсний үнийг өсөлтийг ашиглаж чадалгүй аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэгч нь л боллоо.

Бид Хятадын зах зээлд нүүрс нийлүүлдэг цорын ганц ханган нийлүүлэгч биш. Индонез, ОХУ гэх мэт улс бидний томоохон өрсөлдөгч. ОХУ гэхэд л өнгөрсөн онд нүүрсний экспортоосоо хэдэн арван тэрбум ам.долларын орлого олсон.  Тус улсын  төрийн өмчит “Russia Railways” компанийн мэдээлснээр ОХУ энэ оны эхний долоон сарын байдлаар төмөр замаар нийт 741 сая тонн ачаа тээвэр хийжээ.

Хойд хөршийн төмөр замын тээврийн хамгийн их буюу 29 хувийг нүүрсний тээвэр эзэлж байна. Энэ онд ОХУ төмөр замаар 216 сая тонн нүүр тээвэрлээд байгаа нь өмнөх оны эхний долоон сартай харьцуулахад 9.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр тус улс энэ оны эхний долоон сарын байдлаар 124 сая тонн нүүрс экспортлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.99 хувь өссөн үзүүлэлт болжээ. Үүний 6.7 сая тонн нь коксжих нүүрсний экспорт байсан бөгөөд 2020 оны эхний долоон сартай харьцуулахад 5.7 хувиар өссөн байна. Энэ бүх боломж, олз орлого Монголыг тойрчихлоо. Гэхдээ тэднээс биш биднээс  шалтгаалсан.

 

Засгийн газар 2022 онд 36.7 сая тонн нүүрс Хятадад нийлүүлэхээр төлөвлөсөн. Өнөөгийн бодит байдлаа харвал энэ нь хэт өөдрөг төсөөлөл юм. Төмөр замгүйн улмаас урд хөрш рүү нүүрсээ машинаар зөөдөг Монгол Улсын хувьд ганцхан жилийн дотор нүүрсний экспортоо хоёр дахин нэмэгдүүлэх нь бараг боломжгүй. БНХАУ-д нүүрсний хомсдолоос үүдэлтэйгээр эрчим хүч тасалдахад хүрсэн.

Үүнээс үүдэлтэйгээр Бээжингийн зүгээс Австралид тавьсан хоригоо цуцлах уу гэдэг асуудал хүчтэй өрнөж байгаа  тухай олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. БНХАУ Австралид хориг тавьсан  үед 20 сая тонн нүүрс гаргаж чадаагүй  бидэнд 30 сая тонн давна гэдэг  боломжгүй мэт.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.