Сурвалжлага: Хэлбэр хөөсөн туйлширсан хэрэглээ


Японы Киотогийн Их сургуулийн хэсэг эрдэмтэд коронавирусийг мэдрээд гэрэлтдэг амны хаалт бүтээснээ танилцуулжээ.

Хэрвээ уг амны хаалтын гадаргууд коронавирус байгаа бол хэт ягаан туяа тусгахад гэрэлтэх юм байна.

Эрдэмтэд шинэ амны хаалтыг бөөнөөр үйлдвэрлэж, худалдаанд гаргах зөвшөөрлийг засгийн газраасаа авахаар ажиллаж эхэлжээ. Хэрвээ зөвшөөрөл олговол ирэх онд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Амны хаалтад байрлуулдаг шүүлтүүрийг бүтээхдээ эрдэмтэд тэмээн хяруулаас гаргаж авсан эсрэг биетийг ашиглажээ.

Тэмээн хяруулын биед гаднын вирус нэвтрэхэд дархлааны систем нь хэд хэдэн төрлийн эсрэг биет ялгаруулдаг онцлогтой юм байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард эрдэмтэд тэмээн хяруулын биед идэвхгүй болгосон коронавирус халдаах замаар өндөгнөөс нь их хэмжээний эсрэг биет гаргаж авч чаджээ.

 

Амны хаалтад суулгасан шүүлтүүрийг ийм эсрэг биеттэй будгаар шүршсэн юм байна. Ийм амны хаалтыг коронавирусийн халдвартай 32 хүнд 10 хоногийн турш зүүлгэж туршихад бүгд вирусийг илрүүлж чадаж байжээ.

Одоо эрдэмтэд 150 хүнийг оролцуулан туршихаар бэлдэж байгаа гэнэ. Уг ажлыг ахалж байгаа Киотогийн Их сургуулийн ерөнхийлөгч Ясухиро Цукамото туршилтын амны хаалтыг хэрэглэж байх үедээ коронавирусийн халдвар авснаа мэдэж байжээ.

Амны хаалт нь хэт ягаан туяаны дор гэрэлтэхэд тэр халдвар авснаа мэдэж, дараа нь PCR шинжилгээгээр баталгаажуулсан юм байна.

"Бид тэмээн хяруулын эсрэг биетийг хямд зардлаар, бөөнөөр үйлдвэрлэх боломжтой болсон. Уг амны хаалтыг би хэн ч хэрэглэж болох хамгийн хялбар халдвар илрүүлэгч болгохыг зорьж байна” гэж Цукамото ярьжээ.

Эх сурвалж: Kyodo News

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.