106 мянган ажлын байр хадгалсан “ХОЁР ИХ НАЯД”-ын зээл үргэлжилнэ


 

106 мянган ажлын байр хадгалсан “ХОЁР ИХ НАЯД”-ын зээл үргэлжилнэ

 

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр” баталж, хэрэгжүүлж байгаа. Харин үүнээс хоёр их наядыг нь ажлын байрыг хадгалах зээлд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аж ахуйн нэгжүүддээ жилийн гурван хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээлийг банкны системээр дамжуулан олгосон анхны тохиолдол болж байгаа юм. Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан бага хүүтэй зээлийн онцлог нь хүүгийн хөнгөлөлтийг төрөөс төсвийн дэмжлэгээр арилжааны банкуудад олгож байгаа явдал.

 

Харин банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нь нэмэгдүүлж байгаа гэдгийг албаныхан онцолдог. Өнгөрсөн жил гаруй хугацаанд үргэлжилсэн идэвхгүй байгаа эдийн засагт ажлын байрыг хамгаалах бага хүүтэй зээл, репо санхүүжилт, ипотекийн зээлийн сувгийг тэлж нээснээр идэвхжлийг эрс нэмэгдүүлж өгч байна.

 

Энэхүү жилийн гурван хувийн хүүтэй зээл бол жинхэнэ ажил хийдэг, бизнес эрхэлж ажлын байрыг бий болгодог хүндээ үнэхээр нүдээ олсон том дэмжлэг болж чадаж байгааг олон арван аж ахуйн нэгж, хувь хүмүүс нотлон харуулж байгаа. Зээл хүссэн ЖДҮ эрхлэгчдийн 44.5 хувь нь барьцаа хөрөнгөгүй гэх шалтгаанаар татгалзсан хариу сонсдог гэх судалгаа бий.

Тэгвэл ажлын байрыг дэмжих бага хүүтэй зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сан арилжааны банканд батлан даалт гаргаж өгдөг. Ингэхдээ зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн 30-60 хувийг нь батлах даах боломжтой ажээ. Харин ирэх жил Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хувиараа бичил бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид зээлийн батлан даалт гаргадаг болгохоор болжээ.

Мөн зөвхөн нэг тэрбум хүртэлх төгрөгийн зээлд батлан даалт гаргадаг байсан бол ирэх жилээс энэ тоог хоёр тэрбум болгон нэмэгдүүлэхээр судалж байгааг Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэлж байна.

 

Зээлийн батлан даалтын сан энэ онд 220 гаруй зээлдэгч, ААН-ийн 70 орчим тэрбум төгрөгийн зээлд 34 орчим тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргажээ. Тухайлбал, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй 58 тэрбумын зээлэнд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.

 

Ажлын байрыг хадгалах зээлд хамрагдсан олон, олон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг болох "Silk Road Magic” ХХК 400 сая төгрөгийн зээл авчээ. Харин үүнийх нь 60 хувийг Зээлийн батлан даалтын сан батлан даасан байна. Тус компанийн захирал Я.Энхээ "Нийтийн хоолны орлого цар тахлын үеэр 80 хувь буурсан. Гэсэн ч бид гурван хувийн хүүтэй зээлийг нийтийн хоолны  үйлдвэрлэлдээ биш бяслагийн үйлдвэрлэлдээ авсан юм. Тус үйлдвэр маань хөл хорионоос шалтгаалж  хүнд байдалд орсон. Учир нь хот хоорондын хөдөлгөөн зогссоноос  шалтгаалж сүү нийлүүлдэг малчид, иргэд маань хөл хорионд орж, түүхий эд тасалдаж төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй болж байлаа.

Өөрөөр хэлбэл, түүхий эдийн хомсдолоос шалтгаалж үйлдвэр үндсэндээ зогссон. Би бяслагаа 2008 оноос бага багаар хийсээр өнөөдрийг хүртэл 13 жил болж байна. Үйлдвэр 2019 оноос ажиллаж эхэлсэн учраас нөөц хөрөнгө бүрдүүлж чадаагүй байсан. Зээлд хамрагдахын тулд бид шаардлагатай бичиг баримтаа л гаргаж өгсөн. Нэг их чирэгдэл болоогүй. Ажлын 14 хоногт багтаад гарсан. Энэ зээл бидний хувьд төрөөс үзүүлсэн том дэмжлэг байв. Хөнгөлөлттэй  зээл байгаагүй бол манайх шиг олон компани дампуурах байлаа. ЖДҮ-ийн газрынхан ч  биднийг байнга  дэмжиж ажиллаж байсны үр дүн гарсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Тэгвэл "Малчин” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан "Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих зорилгоор олгож буй гурван хувийн хүүтэй зээл цаг үеэ олсон бодит дэмжлэг, оновчтой шийдвэр болж байна. УИХ-аас 2012 онд батласан "Зээлийн батлан даалтын сан”-гаар дамжуулан олгож буй тул нөхцөлийн хувьд ч боломжийн санагдсан. Манай компани 500 сая төгрөгийн зээл авсан юм. Уг сангаар зээлийн барьцааны  тодорхой хувийг батлан даалгасан. Энэ нь манай байгууллагын хувьд бодит дэмжлэг  юм.

 

Олон шат дамжлага, цаг хугацаа шаардахгүй, чирэгдэл, хүндрэл багатай байснаараа давуу талтай байсан. Авсан зээлээ сүүлийн үеийн технологид суурилсан, малчдын эрэлт хэрэгцээ, судалгаанд тулгуурласан шинэ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, зарим бүтээгдэхүүний татан авалтад зарцуулж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж, улмаар ажлын байрыг хадгалж үлдэхэд зээлийг зарцуулж байна” гэлээ.

 

Үүнээс гадна энэхүү зээлд хамрагдсан олон газар бий. Ингэж хэцүү цагт ажлын байрыг хадгалж үлдэнэ гэдэг нь цаанаа асар олон хүний амьдралын нөхцөл байдлыг боломжийн хэмжээнд нь хадгалж үлдэнэ гэсэн үг. Тийм ч учраас цар тахалтай амаргүй цаг үед бага хүүтэй, хугацаа урт зээлийг олгосон нь хамгийн үр дүнгээ өгсөн хөтөлбөр болсон бөгөөд нийт 106 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн гэж Сангийн яамнаас мэдээлсэн.

 

Үнэхээр ч "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн байдлаар 24,867 зээлдэгчид зээл олгожээ. Үүний 5,501 нь аж ахуйн нэгж, 19,361 хувь иргэн байгаа юм. Тэгвэл яг л ингэж ажлын байрыг хадгалан үлдэх, шинээр бий болгохын тулд ирэх жилд ч уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.