- Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын албанд томилогдсоноос хойш лав л Рио Тинто Монгол дахь удирдлагын багаа сэлгээд амжлаа. Тэд Монголын шинэ Засгийн газрын хариу хандлагыг хүлээж байгаа нь тодорхой ч албан ёсны арга хэмжээнээс урьтаад "Монголын тал хувиа зарж мэднэ” гэсэн цуу тодорхой хүрээнд газар авсныг Ерөнхий сайд мэдэж байгаа болов уу-
"Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өнгөрсөн сарын сүүлээр "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Армандо Торресийг томилох шийдвэрийг гаргасан. Чухам ямар учраас ийм шийдвэр гаргах болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч аливаа бизнесийн зарчим ёсоор өмнөхөөс нь дээрдүүлэх зарчим барьж буй нь ойлгомжтой болов уу.
2014 оноос эхлэн Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эндрью Вүдлэй ажиллах хугацаанд толгой компани болох Рио Тинтодоо төдийлэн өндөр ашиг орлого өгч чадаагүй нь зэсийн ханш уналтад орсон, дэлхийн эдийн засаг хаа хаанаа сайнгүй байснаас төдийгүй Монголын дотоодын нөхцөл байдал, улс төр, эдийн засгийн учир шалтгаантай холбогдох билээ. Ардчилсан нам засгийн эрх барьж байсан өнгөрөгч жилүүдэд ажилласан захирлыг МАН эрх барьж эхлэхтэй зэрэгцэн сольж байгаа нь ч учиртай байж мэднэ.
Тэгэхээр улс төрийн талаас нь тунгааж харвал Рио Тинто шинэ Засгийн газартай хамтын ажиллагаагаа цоо шинэ уур амьсгалд эхлүүлэхийг эрмэлзэж байна ч хэлж болох. Армандо Торресийн хувьд дэлхийн уул уурхайн хамгийн үйлдвэрлэгчийн нэг Австралийн уул уурхайд олон жил хүч үзсэн эрхэм. Рио Тинто группийн хөнгөн цагааны салбарыг хариуцсан "Rio Tinto Alcan”-д олон жил удирдах алба хашсан бөгөөд Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн захирал байсан, Бразил, Испани дахь Риогийн ашиг сонирхлыг ч төлөөлж байсан туршлагатай. Ажлаа аваад жил болоогүй байгаа Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өөрт оногдсон үүрэг хариуцлага дотроо Монголыг онцгойлон онилдог гэдгээ нуудаггүй. Оюутолгойтой холбоотой ажлын намтар, туршлага бүхий Рио Тинтогийн босс Монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн онцлогийг бараг монголчуудаас илүү мэддэг гэдгээрээ тодорхой хүрээнд зартай. Мөн хатуу байр суурьтай гэгддэг. Монголчуудын эмзэг хийгээд давуу талыг хэнээс ч илүү мэддэг түүнтэй хэл амаа ололцож чадвал тэр хэрээрээ сайн, тэгж чадахгүй бол төдий хэрээр хатуурхаж болзошгүй гэж дотоодын шинжээчид үнэлэх юм билээ.
Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдгийн хувьд энэ утгаараа Риогийн эрх ашиг манай үе үеийн Засгийн газрын сонирхол, эрх ашигтай давхцаж баймааж төслөөс хэн хэн нь ашиг хүртэнэ. Гэвч тиймгүй цаг үе байсан нь саяхных. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Рио Тинто олон улсын арилжааны банкуудаас зээл авч, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын эхлүүлсэн нь нэг талаар төслийг урагш хөдөлгөх түлхүүрийг олсон гэхэд болно. Мөн нөгөө талаар Оюутолгойн ордын лицензүүд тэдгээр зээл олгогч банкуудын барьцаанд очсон учраас цаашид нэмж зээл татах асуудал цоожлогдсон.
Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд түүндээ ногдох хөрөнгө оруулалтыг гаргах үүрэгтэй боловч өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалтад оруулсан 10 тэрбум ам.долларын өөрт оногдох хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байгаа. Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Рио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л "Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад байгаа.
Ингээд Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банкинд зээлтэй болчихсон гэсэн үг.
Монголын эдийн засагт зүтгүүр хийгээд хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэх найдлага нь Оюутолгойн төсөл байж болох ч цаашид энэ төслөөс ямар ирээдүй хүлээж байгаа, Рио Тинтотой хамтын ажиллагааны байр суурийн талаар шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоогоор ямарваа хандлага илэрхийлээгүй байгаа юм. Түүнийг Ерөнхий сайдын албанд томилогдсоноос хойш лав л Рио Тинто Монгол дахь удирдлагын багаа сэлгээд амжлаа.
Тэд Монголын шинэ Засгийн газрын хариу хандлагыг хүлээж байгаа нь тодорхой ч албан ёсны арга хэмжээнээс урьтаад "Монголын тал хувиа зарж мэднэ” гэсэн цуу тодорхой хүрээнд газар авсныг ч Ерөнхий сайд мэдэж байгаа болов уу.
Сэтгэгдэл