“Омикрон” омог Европт COVID-19 цар тахлын халдварын дээд түвшинг тогтоож эхэлжээ


“Омикрон” омог Европт COVID-19 цар тахлын халдварын дээд түвшинг тогтоож эхэлжээ

 

Коронавирусын COVID-19 “Омикрон” омог дэлхий даяар тархаж байна. Тэр дундаа Европын олон оронд коронавирусын халдварын тохиолдол ихэсч, дээд түвшиндээ хүрч байгааг Европын хэвлэлүүд бямба гаригт бичжээ. Зул сарын баяраар халдвар авсан тохиолдлоор Их Британи дээд амжилт тогтоож, 122 мянга гаруй хүн коронавирусээр өвчилсөн байна. Үүнтэй холбогдуулан Их Британид өвчтэй иргэд болон тэдэнтэй холбоо тогтоосон 600 мянга гаруй хүнийг тусгаарлажээ.

 

Германд сүүлийн өдөр халдварын 22.2 мянган шинэ тохиолдол илэрч, 157 хүн нас баржээ. Гэхдээ эдгээр тоо өмнөх өдрийнхөөс бага буюу улсын хэмжээнд 35.4 мянган хүн халдвар авсан байна. Португалд “Омикрон” омог давамгайлж байгаа бөгөөд ихэнх шинэ тохиолдлуудад илэрчээ. Арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар нийт тохиолдлын 61.5 хувь нь энэ омгийн халдварыг тээжээ. Тус улсад халдварын 12.9 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн дээд амжилт болж байгаа юм.

 

Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард коронавирусын халдварын үзүүлэлтүүд энэ хэмжээнд хүрч байжээ. Үүнтэй холбогдуулан Португалид 12-р сарын 25-наас эхлэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сургууль, баар, цэнгээний газрууд 1-р сарын 10 хүртэл хааж, иргэн, ААН-үүдээ гэрээсээ ажиллахыг уриалж, гэртээ ч амны хаалт зүүхийг зөвлөжээ.
Ирландад халдварын 13.7 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 2.5 мянгаар илүү байна. Мөн тохиолдлын 83% -ийг “Омикрон” омог хэмээн таамаглаж байгаа аж. Өмнөх өдөр нь Франц улс халдварын дээд амжилтыг эвдсэн бөгөөд Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр 94 мянга гаруй хүн COVID-19-ийн эерэг шинжилгээ авчээ.

 

Өнгөрсөн баасан гаригт ДЭМБ-аас гаргасан тайланд 110 оронд “Омикрон” аль хэдийнэ тархсан хэмээн мэдээлсэн юм.
“Омикрон” омгийг 11-р сард Өмнөд Африкт илрүүлсэн ч халдвар тээгчдэд үзүүлэх сөрөг нөлөө нь бага хэмээн үзэж байгаа. Гэсэн хэдий ч “Омикрон” омог тархалтын хурдаараа бусад омгийг тэргүүлж эхэлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.