Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) коронавирусын омикрон омгийн дэлхий даяар тархах магадлалыг өндөр гэж үнэлэв. Энэ тухай тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт дурдсан байна. Одоогоор COVID-19-ийн омикроноор нас барсан тохиолдол гараагүй гэж ДЭМБ тэмдэглэв. Үүний зэрэгцээ шинжээчид вирусын шинэ хувилбарын шинж чанараас хамаарах өвчний дэгдэлтийн ноцтой үр дагаврыг үгүйсгээгүй.
ДЭМБ-ын баримт бичигт коронавирусын омикрон омогтой холбоотой эрсдэл маш өндөр байгааг дурджээ. Үүнтэй холбогдуулан тус байгууллага улс орнуудад хүн амын вакцинжуулалтын түвшинг нэмэгдүүлэхийг уриалж, орчин үеийн вакцинууд өвчний шинэ хувилбараас тодорхой хэмжээгээр хамгаалж байгааг онцоллоо. Вакцин хийлгэсэн иргэд халдвар авах боломжтой ч цөөн тоогоор халдварладаг болохыг тэмдэглэжээ. Түүнчлэн ДЭМБ улс орнуудад COVID-19-ийн тархалттай тэмцэх эпидемиологийн арга хэмжээг бэхжүүлэхэд бэлэн байхыг зөвлөжээ.
Өмнө нь ДЭМБ-аас коронавирусын халдвар авсан хүмүүсийн омикрон омгийн халдвар авах эрсдэл өндөр байж болзошгүй гэж мэдэгдэж байсан. Гэхдээ энэ талаарх мэдээлэл хязгаарлагдмал байгааг тэмдэглэсэн.
Шинэ омгийн халдвар нь бусад төрлийн хувилбартай харьцуулахад илүү хүнд өвчин үүсгэх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Сэтгэгдэл