ЖҮЖИГЧИН АМАРАА “ГАНЦХАН ШҮДЭНЗ ЗУРААД Л” ЭГЧИЙГЭЭ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛГОХ УУ


ЖҮЖИГЧИН АМАРАА “ГАНЦХАН ШҮДЭНЗ ЗУРААД Л” ЭГЧИЙГЭЭ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛГОХ УУ"Мэргэжлийн" Засгийн газар байгуулна гэсэн чамин уриа, лоозонг өмнөө барьсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрэн бүрэлдүүнээрээ томилогдож ажлаа эхлүүлэхэд бараг л бэлэн боллоо. Наадмын дараахан сайд нараа УИХ-аар томилуулсан бол өчигдөр томилогдоогүй үлдээд байсан гурван дэд сайдаа засгийн хуралдаанаар томиллоо. Мөн өчигдөр зарим агентлагуудын дарга нарыг томилсон юм.

МАН-ынханд одоо яамдуудын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох хариуцлагатай ажил үлдлээ. Тэгвэл өчигдрөөс уг томилгоотой холбоотой сонирхолтой мэдээллүүд зарим хэвлэлүүдээр гарч эхэллээ. Тодруулбал, төрийн нарийн бичгийн дарга нарт намаас "зүтгүүлж"  буй хүмүүсийг урьдчилсан байдлаар ил болгов. Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийг иргэд янз бүрийн байр сууринаас л хүлээн авч байна. Арга ч үгүй биз. Анх сонгуульд ялалт байгуулахдаа "Мэргэжлийн" Засгийн газар байгуулна гэж амласан МАН-ынхан сайд нар болон дэд сайдуудын томилгоонууд дээр маш олон "оноо" алдсан. Тэр ч утгаараа иргэд одоо тэднийг томилгоо бүр дээр өөнтөглөж байгаа.

Гэтэл МАН-ынхан улс орны хамгийн чухал салбар болох Боловсрол, соёл, шинэлэх ухаа, спортын яамны төрийн нарийн бичгийн даргад Б.Баярсайхан гэгч эмэгтэйг томилохоор ярилцаж эхэлсэн нь олны анхаарлыг өчигдөр зүй ёсоор татлаа. Фэйсбүүк, твиттерээр "Ийгл" телевизийн захирлаар ажиллаж байсан энэ эмэгтэйтэй холбоотой асуудал ёстой л шуугиан тарьж байна. Учир нь тэрбээр жүжигчин Б.Амарсайханы эгч юм байна.

Тиймээс иргэд түүнийг "ганцхан шүдэнз зуруулаад л төрийн нарийн бичгийн дарга болох нь" гэх зэргээр ярилцаж байна. Мөн "Жүжигчин Амараагийн эгч Ийглийн захирал асан Баярсайхан Яамны Төрийн нарийн болж байна #Сонгууль2016 төлбөр!?",  "Ганц шүдэнз зураад л төрсөн эгч нь БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга 160 мян гишүүнтэй МАН-ын мэргэжлийн томилго"... зэргээр байр сууриа илэрхийлж байна. Хамгийн хачирхалтай нь Б.Баярсайхан гэх энэ эмэгтэй өмнө сэтгүүлчээс өөр ажил хийж үзээгүй гэнэ. Тэр тусмаа төрийн ажил огт хийж үзээгүй нэгэн. Тэр ч байтугай намын нөхөд нь түүнийг хэзээ МАН-д элссэн эсэхийг ч мэдэхгүй байгаа аж. Учир нь түүнийг твиттер хуудсанд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албыг тэргүүлж явсан нэгэн "түрүүчийн парламентын АН-ын бүлгийн ажлын албанд орохоор анкетээ өгөөд явч байсан шдээ" хэмээн бичсэн нь иргэдийн дургүйг бүр ч хүргэж, улам дэвэргэж байна. Тэр тусмаа МАН-ын гишүүд дэмжигчид ингэхийн тулд бид зүтгэсэн гэж үү хэмээн ярьж хэлж байна.

Ямартаа ч төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй. Дээрээс нь нэмээд тун саяханыг хүртэл АН-ыг "бараадаж" явсан, дүү нь энэ сонгуулиар МАН-ын рекламыг "амьлуулсан"-ы шагнал гэх хардлага зэрэг олон олон шалтгаануудыг харгалзан үзээд МАН-ын Удирдах Зөвлөл төрийн нарийн бичгийн дарга нараа томилох бодолцох хэрэгтэй. Хэрэв үгүй бол итгэлийг нь алдахад бэлэн болоод буй сонгогчдоо бүр мөсөн өөрсдөөсөө түлхэнэ гэсэн үг. Дараагийн сонгуулиар 65 суудал байтугай 6 суудал ч авч чадахгүй байх магадлалтай шүү.

Төрийн алба бол төрийн л алба байх ёстой. Улс төрийн томилгоогоо энэ хоёрыгоо ялгаж салгах хэрэгтэй. МАН өнгөрсөн дөрвөн жилийн турш АН-ыг муулж, өдөр шөнөгүй хэвлэлээр "нүдэж" байсан "төрд туршлагагүй хүмүүс болон мөнгө болон танил талаа харж томиллоо" гэх шүүмжлэлээсээ олонх болсон даруйдаа буцаж байна. Тэдний ярьж ирсэн төрийн залгамж халаа, мерит чанар зэрэг нь яагаад хоёр ч хүрэхгүй сарын дараа үгүйрэн алга болчихов. МАН үнэхээр ийм боловсон хүчингүй болчихсон юм уу.

Намрын их ажил эхэлж, өвлийн бэлтгэл болон хичээл сургууль эхлэх дөхсөн өдрүүдэд төрийн албыг хууль журмынх нь дагуу тун яаралтай томилж төрийн мерит чанарыг хадгалан үлдэх ёстой. Эсвэл ганцхан шүдэнз зураад л төрийн нарийн бичгийн даргын суудал авчихдаг бол ирэх сонгуулиар хэн дуртай нь хайрцаг шүдэнз зурах биз. Одоо ядаж төрийн нарийн бичгийн дарга нар дээр л дүрэм журмаа хадгал. Үгүй бол иргэд хэрхэн хариуцлага тооцож, дүнгийн тавьдаг вэ гэдгийг өнгөрсөн сонгууль хангалттай харуулсан биз ээ.

www.uls.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Amaraa | 2016/08/12 00:39
-ta nar ken yum bee?
- bid nar turiin nariin bichig nar shoo !!!