Түүхэнд бичигдэх хоёр бүсгүйн амжилт дэлхийг шуугиулж байна


Эмэгтэйчүүдийн 100м-ийн чөлөөт сэлэлт маш сонирхолтой явагдав. Энэ төрөлд 2 аварга төрсөн юм. Нэрсийг нь харахад л сүрдмээр 8 амьтан нэрийг нь хэлэн орилох үзэгчдийн шуугиан дунд алдар суугаа дуудуулсаар цэнгэлдэхэд орж ирсэн.

Лондонгийн олимпоор энэ төрөлд олимпийн рекорд тогтоон түрүүлж байсан Холландын Раноми Кромовижожо, дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн Кэйт Кэмпбелл, түүний эгч, дэлхийн аварга Бронтэ Кэмпбелл, олимп, дэлхийн аварга, Шведийн Сара Шөстрөм гээд л амжилтаараа ч тэр, үзэсгэлэн гоогоороо ч тэр дэлхий дахинд шагшигдсан гайхалтай бүсгүйчүүл шил шилээ даран гарч ирэхийг харахад өөрийн эрхгүй огшин байлаа.

Харин Пенни Олексиак хэмээх энэ олимпийн өмнө огт танихгүй байсан хөөрхөн охин, дэлхийн аваргаар буухиад орон түрүүлж байсан Симонэ Мануэл гэдэг хар арьст бүсгүйг хэн ч тооцоонд оруулаагүй болов уу.

 

 

Хар арьстангууд сэлэлтээр амжилт гаргах нь тун ховор. Уржнан богино зайн(25м урттай зам) дэлхийн аваргаар Ямайкын Аткинсон хэмээх хар арьст бүсгүй түрүүлж байхад тун ч хачирхалтай санагдаж байж билээ.

Дэлхийн аваргаар мөн энэ олимпоор буухиад орон түрүүлсэн Америкийн Абби Вайтцайл, энэ зайн Шанхайн дэлхийн аварга Данийн Жеанетте Оттесен нарын хатуу самруудыг ч тооцооноос хасч боломгүй байлаа.

Уралдаан анхнаасаа эгч Кэмпбеллийн давамгайллаар эхэлсэн. Хагас шигшээд олимпийн рекорд тогтоон түрүүлж, 4-р замаар сэлэх эрхтэй болсон Кэйт эсрэг хашлагандаа буцаад эргэх үед бусдаасаа бараг бүтэн бие тасраад байлаа.

Гэвч тэр тактикийн алдаа гаргажээ. Хүчээ нөөж байсан бусад нь эргэсний дараа финишийг үнэхээр гайхалтай хийсэн. Ялангуяа Америкийн Мануэл илт давуу байдалтай болоод ирсэн.

Түүнийг хариугүй түрүүлэх нь үү гэтэл наагуур нь Канадын Олексиак хаанаасаа тийм их хүч гаргав аа гэмээр шуугиулаад орох нь тэр. Энэ үед тв-ийн  камераар америк бүсгүй дээр олимпийн рекорд гэж заасан хэрнээ канад охин дээр 1-ийн тоог зааж, үзэгчдийг төөрөгдөлд оруулж орхив.

2 тамирчин 2-уулаа баярласнаа дараа нь царайны хувирал нь өөрчлөгдсөн. Гэтэл 2-уулаа 52,70 сек уралдсан юм санж ээ. Кэйтийн рекордыг 1 долиор ахиулсан нь энэ. Өөртөө итгэлтэй байсан Кэйт цочирдсон нь илт.

Хүрэл дээр энэ 2-ынхоо дэргэд бол хашир бурхи гэгдэж болох Сара буужээ. Түүний төгсгөл мөн л гайхамшигтай байсан ч "дүү нараа” барсангүй ээ.

 

 

 

Ийнхүү түүхэнд бичигдэх нэгэн уралдаан өндөрлөсөн юм. 2 хүн зэрэг алт авсан, тэр тусмаа оргил төрөл дээр шүү. Мөн Мануэл олимпийн аварга болсон анхны хар арьст эмэгтэй сэлэгчээр нэрлэгдсэн төдийгүй олимпийн медал хүртсэн анхны афро-америк(африкаас гаралтай америкийн иргэн) эмэгтэй болсон юм

Бас нэг дурсагдах үйл явдал нь шинэ зуунд төрсөн тамирдаас ганцаарчилсан төрөл дээр медал авсан анхны хүнээр Олексиак нэрлэгдэв. Лондонд Кэйти Ледеки 15 настайдаа аваргалж байсан ч тэр өмнөх зуунд төрсөн.

Олексиакын хувьд энэ жил дөнгөж 16 настай. Ердөө жилийн өмнө хүүхдийн тэмцээнд орж байсан түүний хувьд мөрөөдлийн гэмээр олимп болж байна.

Тэр 100м-ийн эрвээхий сэлэлтэд мөнгө авснаас гадна буухиа төрлөөр 2 хүрэл медал авчихаад байсан бол ийнхүү алтан медалийг ч мөн хүртэв. Бүр олимпийн рекорд хийгээд шүү.

4 хүүхэдтэй айлын хамгийн отгон нь болох түүний ах Жэйми Олексиак НХЛ-ийн Даллас Старз багийн хамгаалагч хийдэг ажээ.

Ирэх жилийн дэлхийн аваргын энэ зай улам ч ширүүн болох нь тодорхой болов. 2 том од мэндэлчихлээ шүү дээ. Усанд сэлэлтийн спорт бол гайхамшиг билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.