Монгол Улс өнгөрсөн 2021 онд 21,302.9 мянган тонн нүүрс олборлосон бол экспорт оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,941.7 мянган тонн болсныг УУХҮЯ-наас мэдээлсэн.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар буурсан үзүүлэлт. 2021 оны төсөвт 28.7 сая тонн нүүрс экспортлохоор тусгасантай харьцуулахад, 13 орчим сая тонноор тасалдсан үзүүлэлт болохыг манай сайт өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл УУХҮЯ-наас өчигдөр өгсөн мэдээлэлдээ, Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүллээ хэмээн тодотгон мэдээлэв.
Нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,853.3 тэрбум төгрөг буюу 37 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 4,114.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,441.0 тэрбум төгрөг буюу 53.9 хувиар өссөн гэж мэдэгдлээ.
Дашрамд, Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2021 оны 12 сарын байдлаарх экспортын инфографик мэдээллийг хүргэе.
Сануулахад, УИХ-аас энэ оны улсын төсвийг батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.3 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.5 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан юм. Эдгээрээс нүүрсний экспортын тооцоолол шүүмж дагуулж буй нь эхэнд дурдсан экспортын тасалдалтай холбоотой. Ковидын эрсдэл өндөр, нүүрсний экспортын үндсэн худалдан авагч БНХАУ-ын тал хил боомтоо эргэн хэвийн байдалд оруулах хугацаа тодорхойгүй байгаа учраас эдийн засагчид, судлаачдын зүгээс хэт өндөр төсөөлөл байна гэж шүүмжилж буй юм.
Сэтгэгдэл