Өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний 336-р ангийн ахлагч өөрийгөө шатааж, амь насаа хохироохыг завджээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 13-ны өдөр "Дорноговь аймгийн Зүүнбаян суманд хүн өөрийгөө шатаасан байна” гэсэн мэдээлэл хоёрдугаар сарын 13-ны үүрээр цагдаагийн байгууллагад иржээ.
Уг мэдээллийг шалгахад, 19 настай, эрэгтэй О нь дээрээсээ бензин асган, өөрийгөө шатаасан байжээ. Хохирогчийн биеийн 90 хувь нь түлэгдсэн ба одоогоор Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хохирогч эрэгтэй нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хөгжмийн салаанд ажилд ороод нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн гэх бөгөөд цэргийн ангиас гарч яваад ийнхүү өөрийгөө шатаасан байна.
Алба хаагч ямар шалтгааны улмаас амь насаа хохироохыг завдсан талаар цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж эхэллээ.
Цэргийн ангид дарамт, шахалт байсан эсэхийг тодруулахын тулд ангийн алба хаагчдыг ангийн захирагч болон бусад хүмүүстэй уулзахыг хориглоод байгаа аж.
Сануулахад, одоогоос гурван жилийн өмнө мөн дээрх ангид алба хаагч цаг бусаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Энэ хэрэгт тус ангийн салаан дарга болон захирагч нарын гурван хүнийг эрүүгийн хэрэгт татан шалгасан.
Улмаар шүүхээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч агсан Б.А-тай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ билүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсан, дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэсний улмаас байлдагчийн амь насыг болгоомжгүй хохироосон гэж үзэн ял оноосон байдаг.
Сэтгэгдэл