Жо Байден, Си Жиньпинтэй хоёр цаг ярьж Орос Улсад бүү тусал хэмээн ятгасан хэдий ч амжилтыг эс олов. Эцэст нь хэрвээ ямар нэгэн байдлаар Оросод тусалвал та нарт ч гэсэн хориг тавих тухай сүрдүүлэх утга аястай сануулаад дүрстэй яриагаа өндөрлөв. Харин Си Жиньпин нэх тоосон ч үгүй хариуд нь мушилзан инээв. Америк долларыг үнэгүй цаас болгох бодлогогүй алхам хийсэн Жо Байден сандарч байна.
Дэлхийд хамгийн хямдаар их нефть олборлож, бас Хятадад ихийг нийлүүлдэг Саудын Араб юань-аар тооцоогоо хийхээр тохирч байна. ОХУ – БНХАУ хоорондоо хийдэг бүх төрлийн арилаагаа рубль ба юань-аар хийдэг болоод зургаан жил болж байна. Сая Энэтхэг Улстай Оросууд рубль болон рупигээр хоорондоо худалдаа хийхээр тохиролцож эхэллээ. Мөн Турк Улс ч гадаад худалдаагаа доллараар биш өөр валютаар хийдэг болно гэж АНУ-ыг сандаргаж байна.
Мөн саяхан Евра Аз-ийн таван орон хоорондох худалдаандаа долларын оронд хэрэглэх тусгай нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх болсоноо зарлав. Ингээд дэлхийн хүн амын 3-ны 2 хувийг эзэлдэг том гүрнүүд доллараас татгалзаж эхэллээ. Дэлхийн олон орнууд ч валютын нөөцөө доллараар хадгалахаасаа татгалзаж эхлээд байна.
Мөн Жо Байден, Си Жиньпин нарын ярианы сэдэв мэдээж Украинд Оросоос явуулж буй дайны ажиллагаа байв. Энэхүү ярианы явцад "Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэлд Хятад улс ямарваа материаллаг дэмжлэг үзүүлбэл ямар хорт үр дагаварт хүрч болохыг ерөнхийлөгч Хятадын талд тайлбарласан” гэж Цагаан ордноос мэдээлжээ. Уг үр дагавар зөвхөн Хятадад төдийгүй, дэлхий нийтэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэхийг энэ үеэр онцолсон гэв.
Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч энэхүү дайныг дуусгахад Путинд нөлөөлөх ямар нэг хүсэлт Си Жиньпинд тавиагүй гэж Цагаан ордон мэдээллээ. "Ерөнхийлөгч Хятадын талд ямар нэг тодорхой хүсэлт тавиагүй. Тэр нөхцөл байдлыг яаж дүгнэж байгаагаа болон Хятадын талаас Путиныг дэмжих үйлдэл гаргавал ямар үр дагавартай болохыг тодорхой тайлбарласан. Хятад улс шийдвэрээ өөрөө гаргах ёстой гэж бид үзэж байгаа” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Тэгвэл Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг төрийн тэргүүнүүдийн хооронд "илэн далангүй, гүн гүнзгий” яриа болж өнгөрснийг тэмдэглээд Украин дахь нөхцөл байдал Хятад улсын хүсч, төсөөлж байгаагүй хэмжээнд хүрсэн болохыг Си Жиньпин дарга АНУ-ын ерөнхийлөгчид илэрхийлсэн. Тэр бас дайныг дуусгах талаар Хятад улс ямар нэг үүрэг гүйцэтгэх санал хэлээгүй.
"Барын хүзүүнд хонх зүүсэн хүн өөрөө хонхыг салгах ёстой” гэсэн зүйр үгээр АНУ болон НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа Си Жиньпин дарга илэрхийлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, Украиныг НАТО-д элсүүлэхийг оролдсон нь Оросын талтай сөргөлдөх үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаа юм байна. Хятадын төрийн тэргүүн бас Тайванийн асуудлыг яриандаа хөндсөн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
"АНУ дахь зарим хүмүүс Тайванийг тусгаар тогтнуулах зорилготой хүчнийхэнд буруу дохио өгч байгаа нь маш аюултай үйлдэл юм. Хэрвээ Тайванийн асуудлыг зөв зүйтэй аргаар шийдэхгүй бол хоёр улсын харилцаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” гэж Си Жиньпин анхааруулсан байна. "Хятад улс хаана зогсох, түүхэнд ямраар үлдэхээ өөрсдөө шийдэх ёстой” гэж Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэв.
Ерөнхийлөгч нарын хүсэлтээр хоёр улсын албаны төлөөлөгчид ойрын өдрүүдэд хэлэлцээ хийх бөгөөд Байден ирэх долоо хоногт Бельгийн нийслэл Брюссельд болох НАТО-гийн ээлжит бус чуулганы үеэр барууны бусад удирдагчидтай Хятадын тухай хэлэлцэхээс өмнө тус улсын удирдагчтай ийнхүү цахим уулзалт хийсэн аж.
Ч.Пүрэвсүрэн
http://tatap.mn/19117.html?fbclid=IwAR0FKSTwAatppLHH-JzAaHDKWxZh7jWuYUoRoRGAar4xzVsVWxLhy9gve8g
Сэтгэгдэл