Мах, гурил, шатахууны үнийн өсөлтийг Засгийн газар хянана


Мах, гурил, шатахууны үнийн өсөлтийг Засгийн газар хянана

 

УИХ-ын өчигдрийн чуулганаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Улмаар хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Энэ хууль батлагдсанаар Засгийн газраас мах, гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид нөлөөлөх гол нэрийн бүтээгдэхүүнд  зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдэх юм. Энэ хуулийн төсөлтэй холбоотой онцлох байр суурийг хүргэж байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
 
-ОХУ зөвхөн рублиэр тооцоо хийнэ гэсэн учраас дөрөвдүгээр сарын нэгж өртөг манайхаар 1000 төгрөгөөр огцом нэмэгдэж байна. Одооноос арга хэмжээ авахгүй бол цаашлаад огцом өснө. Тиймээс эхний ээлжинд шатахуун, мах, гурилтайгаа байх  хэрэгтэй. Хууль батлагдсанаар энэ гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийхээс биш ид шидийн мэт үнийг нь барина гэж байхгүй. Гэхдээ гурван гол бүтээгдэхүүн дээрээ анхаарлаа төвлөрүүлье гэж шийдвэрлэсэн. Хурцадмал байдал өнөөдөр маргаашдаа шийдэгдэхгүй. Он дуустал хэвээр үргэлжилнэ.  Намжлаа гэхэд эдийн засгийн хориг цаашдаа үргэлжилнэ. Ниргэсэн хойно нь  хашгирч байхаар наана нь бэлтгэл ажлыг хангах зөв гэж үзсэн учраас Засгийн газраас энэ хуулийн төслийг  оруулж ирсэн.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар:
 
-Валютын ханш төлбөрийн тэнцлээс шалтгаална. “Оюутолгой” ХХК-иас дөрөвдүгээр сард 450 сая  ам.доллар, “Тавантолгой” ХК-иас 350 сая ам.долларын гэрээний мөнгө орж ирнэ. Мөн бусад эх үүсвэрүүдээс тэрбум ам.доллар орж  ирэх учраас валютын ханш хиймлээр өсөх үндэслэл байхгүй. Үүн дээр Монголбанк, Засгийн газар, Сангийн яам онцгой анхаарч байна. Рублийн ханш ч гэсэн тогтворжиж байгаа учраас эерэг өөрчлөлт гарах хүлээлттэй байна.
 
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:
 
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012-2016 он хүртэл хэрэгжүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 4.8 их наяд төгрөгийн зээл олгосон. Энэ зээлийг зориулалтын бусаар ашигласан хэдэн аж ахуйн нэгж байгаа вэ. Улс төрийн нөлөө бүхий этгээд зээл авсан баримтыг би ШӨХТГ-ын дарга байхдаа олж мэдсэн. Өмнөх хөтөлбөрийг дүгнэсний дараа энэ хуулийг батлах нь зөв.
 
Сангийн сайд Б.Жавхлан:
 
-Хуульд гурил, мах, шатахууныг тусгасан учраас уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн сайдад  нэмэлт төсөв шаардагдана. Бусад бараа бүтээгдэхүүний үнэд анхаарна гэвэл хавтгайрсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөв даахгүй. Хязгаараа даваад мөнгө хэвлэх байдал руу орох эрсдэлтэй. Тиймээс төсвийн чадах хэмжээнд буюу стратегийн топ гурван бүтээгдэхүүн дээр анхаарахаар тогтсон. ОХУ гадаад төлбөр тооцоогоо  рублиэр хийнэ гэдгээ зарласан. Он дуустал тэрбум орчим ам.доллартай тэнцэх рубль, төгрөгийн солилцоо хийвэл валютын нөөцийн дарамт буурна. Гадагш төлж байгаа нэг ам.доллар бүр эргээд бидэнд нэг ам.доллар 20 центийн дарамт болж ирж байна. Боломжоороо зах зээлээс мөнгөө эргүүлэн татна. Үүнтэй төсвийн бодлого уялдана. Гэхдээ хамаагүй хутгалдаж болохгүй. Зааг хязгаараа барина. Төв банк мөнгө хэвлэхгүй.
 
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
 
-Монголбанк баялаг бүтээгч биш. Өөрийн гэсэн мөнгө байхгүй. Тэгэхээр мөнгөний эх үүсвэрийг хэвлэхээс өөр аргагүй. Гэвч  хэвлэх нь хуулиар хориотой. Мөнгө хэвлэлээ гэж бодоход тэр мөнгө хаанаас гарах юм. Улсын төсвөөс гарахгүй гэвэл Монголбанкаас гарч таарна. Тиймээс мөнгө хэвлэхээс өөр аргагүй. Өөр гаргалгаа үүн дээр харагдахгүй байна. Мөнгө хэвлэхээр ханш өснө. 2012-2016 оны алдааг дахин давтах гээд байна. Угтаа бол зээлийг арилжааны банкууд мөнгө өгөөд хүүгийн зөрүүг нь төсөвт суулгасан бол зөв болох байлаа.  Бичиж оруулж ирсэн хуулийн төсөл дээр мөнгө хэвлэнэ гээд байна. Энэ заалтаа засах хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
 
 -Чөлөөт эдийн засаг руу “гар дүрж” үнийг баръя гэж байгаа нь хэцүү ч үүнээс өөр аргагүй. 2022 оны гуравдугаар сард шатахууны хомсдол үүсэхэд АНУ зэрэг 30 улс нийлээд 60 сая баррель нефтийг стратегийн нөөцөөсөө дэлхийн зах зээлд гаргасан. Үнийг барихын тулд дахиад стратегийн нөөцөөсөө нефть гаргах хэдэн улс байх вэ, бүү мэд. Тиймээс газрын тосны үнэ нэмэгдэх магадлалтай байна. Хоёрдугаарт, ОХУ, Украин дэлхийн улаан буудайн 30, наранцэцэгийн тосны 80 хувийг экспортолдог. Эндээс үнэ өсөх нь тодорхой гээд дэлхийн улс орнууд өөрсдийн тактикийг боловсруулж байна. Биднээс үл хамаарч дэлхий нийтээрээ ийм зүйл болж байгаа нь үнэн. Үүнд бэлтгэлтэй байх үүднээс ийм арга хэмжээ авах нь зөв. Энэ бол төр засгийн хийх ёстой ажил. Бараа бүтээгдэхүүний үнэ зургаан сар, жилийн дараа өссөний дараа ард иргэд “Яагаад арга хэмжээ аваагүй вэ” гэж асуувал юу гэж хэлэх вэ. Тиймээс төр оролцож, үнийг барихаас өөр аргагүй болж байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.