-Нэг залуу 200 гаруй охинтой чаталж, нүцгэн зургийг нь барьцаалсан байна-
“...Таван жилийн өмнө найз бид хоёрын ундаанд мансууруулах бодис хийж, буудалд аваачиж хүчиндсэн. Улмаар нүцгэн зургийг маань авч тэнд ирэхгүй бол сургуулиар чинь зурагнуудыг тараана гэж сүрдүүлдэг байсан. Тэр дарамтнаас болж найз маань нэгдүгээр хорооллын байрнаас унаад амиа хорлосон. Харин би одоо ч гэсэн миний зураг гарч ирэх болов уу гэсэн үргэлжийн айдастай явдаг” хэмээн хохирогч Э ярьжээ. Яг ийм нөхцөл байдалд орсон охид Монголд олон бий. Үүнийг хууль хяналтын байгууллагаас гаргаж буй дүн мэдээ, нийгэмд тулгамдсан нийтлэг асуудлаас бэлхнээ харж болно.
Өсвөр насныхны амиа хорлолт, цахим хэрэглээний цадигаа алдсан гэмт хэргүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ бүхний ард ирээдүй болсон үр хүүхдүүд маань өртөж байна гэж бодохоор өр өвдмөөр. Хэдхэн хоногийн өмнө Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэл өглөө. Бүр тодруулбал, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэргийн тухай цочирдмоор тоо баримт, гэмт үйлдлийг таницуулсан юм.
Тэрбээр “Улсын хэмжээнд 2015-2021 онд цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101 бүртгэгджээ. Бүртгэгдсэн тоон мэдээллийг харвал жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн 2022 оны эхний улиралд хоёр холбогдогчтой есөн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, цахим орчинд хуурамч хаяг үүсгэсэн гэмт этгээдүүд насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, хүүхдийг өөртөө дасгах, заналхийлэх байдлаар бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг, зураг явуулах зэргээр насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж байна. Хүүхдүүд ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа хэлдэггүй. Бусдад гадуурхагдахаас айж нуун дарагдуулах, өөрөө хохирогч болсноо мэддэггүй зэргээс шалтгаалж энэ гэмт хэрэг нуугдмал байдалд оршиж байна.
Бага насны хүүхдэдээ тавих эцэг эхийн хараа хяналт, анхаарал халамж сул, хүүхдийнхээ юу хийж хэнтэй нөхөрлөж байгаад санаа тавьдаггүй, гэр бүлийн хүрээнд архидалт хавтгайрсан, гэрлэлт цуцлалтын дараа хүүхдээ асрамжилж байгаа эцэг эх болон хойд эцэг эх нь хамгаалах үүргээ биелүүлдэггүй зэрэг шалтгааны улмаас бага, өсвөр насны хүүхэд сэтгэл санааны болон бие махбодоороо энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Жишээлбэл, иргэн А нь 2020 онд фэйсбүүкийн хуурамч аккаунт үүсгэн, өсвөр насны 84 охинтой танилцан харилцаа тогтоож, тухайн охидыг айлган сүрдүүлэх, ятгах, гуйх зэрэг байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, бичлэгийг нь хийлгүүлэн авч улмаар уулзаж, тухайн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, барьцаалж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлсэн. Мөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэргээр удаа дараа ял шийтгэгдсэн гэмт этгээд цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна" гэв. Үнэхээр аймшигтай.
Гэмт этгээдүүд гэнэн итгэмтгий хүүхдүүдийг хуурч мэхлэн, хүчирхийлэх болсон гол суурь бааз нь цахим орчин болсон нь аюулын харанга хаяанд буйг илтгэж буй юм. Та бод доо. Сүүлийн үеийн судалгаанаас харахад өсвөр насныхан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь элбэгшсэн. Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Улмаар гурван хүүхэд тутмын нэг нь хоёроос дээш цагаар интернэт ашигладаг болохыг судлан тогтоожээ. Түүнчлэн арван хүүхэд тутмын найм нь зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авч, таван хүүхэд тутмын нэг нь танихгүй хүний хаягийг бүртгэн, фэйсбүүк, цахим орчноос ёс бус агуулгатай зурвас хүлээн авдаг болохыг ЦЕГ-ын судалгаагаар тогтоосон байна.
Иймд хүүхдүүд цахим орчинд хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл мөлжлөгт өртөх бодит эрсдэлд хүрч байгаа юм. Интернэт болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл бусад гэмт хэргийн хохирогч болох явдал гаарсаар байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаанд 11-17 насны 2240 хүүхэд хамрагджээ.
Тэдгээр хүүхдийн 92 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн байна. Европт 25 залуугийн нэг нь интернэтэд холбогдоогүй, Африк тивд таван залуу тутмын гурав нь холбогдоогүй бол манай улсын хувьд 92 хувьтай байгаа нь интернэт хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Иймээс ч Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн нүцгэн зургийг үнэ тохирч авах, зөвшөөрөлгүй байршуулах зэрэг гэмт хэргийн тохиолдлууд бүртгэгдсээр байгаа аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор хүүхдүүдийн цахим хэрэглээ улам нэмэгдэж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох магадлал өсөж байгаа гэсэн үг.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нийт гэмт хэрэгтэй шууд холбоотой байдгийг мөрдөн байцаагч нар онцолдог. Манай улсын ерөнхий боловсролын сурагчдын 94 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Интернэт хэрэглээг зүй зохистой хэрэглэхгүй бол цахим гэмт хэрэгт холбогдож, хохирогч болсоор байна. Сурагчдын хувьд анги, сургууль, хамаатан садан гээд 100-200 хүнтэй найз байдаг бол одоо цахим орчинд 3000 орчим найзтай болдог болсон талаар албаныхан анхааруулж байв.
Хоёр жилийн өмнө нэг залуу 200 гаруй охинтой удаан хугацаанд чат бичин нүцгэн зургийг нь авч, эргээд барьцаалсан тохиолдол хүртэл гарч байв. Үүнийг эцэг, эх нь мэдээгүйн улмаас тэр охид дарамт шахалтад орж, хаана хандахаа мэдэхгүй хохирсон хэрэг цагдаа дээр шалгагдсан байдаг. Энэ мэтчилэн цахимаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаар дурдаад байвал багагүй цаг орно. Иймээс дээр дурдсан гэмт хэргийн жишээнүүдээс сэрэмж авч, өсвөр насны хүүхдүүдээ төдийгүй өөрсдийгөө цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл