Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед төр үрэлгэн байгаа талаар иргэд их шүүмжилж байгаа. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэмнэлтийн талаар хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд танилцуулав.
Тэрбээр "Төсвийн хэмнэлтийн тухай асуудлыг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Үүнд төсвөөс цалинждаг бүх байгууллагууд хамрагдана" гэлээ.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхыг хуулиар зохицуулна.Цагдаа, онцгой, цэрэг зэрэг төрийн тусгай албан хаагчид дүрэмт хувцас өмсөнө. Харин нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй.
Зарим дүрэмт хувцасны мөнгийг төсвөөс гаргадаг, заримыг нь өөрсдийнхөө мөнгөөр авдаг зэрэг асуудал бий. Иймээс хуулийн дагуу цэгцэлнэ" гэлээ.
"Дүрэмт хувцсанд зориулан жил бүр 3 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгадаг. Энэхүү шийдвэр гарснаар одоо зарцуулаагүй байгаа 2.5 тэрбум төгрөгийг танана" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан нэмж хэллээ.
Сэтгэгдэл