Евро, ам.долларын ханш өсөж, төгрөг “цаас” болох уу


Евро, ам.долларын ханш өсөж, төгрөг “цаас” болох уу

 

Валют арилжааны "Найман шарга” төв эзгүйрчээ. Тус төвд үйл ажиллагаа эрхэлдэг цөөн ченж тогтсон цагтаа ажиллаж, олонх арилжааны газар хэсэг хугацаанд хаалгаа барьсан байх аж.

-МОНГОЛБАНКНЫ ЕВРОГИЙН ХАНШ 3150 ТӨГРӨГ, "НАЙМАН ШАРГА”-Д 3190 ТӨГРӨГ БАЙНА-

Монголбанкны долдугаар сарын 19-ний өдрийн валютын ханшаар ам.доллар 3,153.70 төгрөг, евро 3,230.02 төгрөг, рубль 56.44 төгрөгийн үнэтэй байсан. Энэ долоо хоногт төгрөгтэй харьцах еврогийн ханш 3250 төгрөгт тэнцсэн нь өнгөрсөн долоо хоногоос 47.88 төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ.

Харин валют арилжааны "Найман шарга” захад ам.доллар 3190 төгрөг, евро 3250 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь Монголбанкнаас зарласан ханшаас 20-43 төгрөгөөр төгрөгөөр илүү үзүүлэлт юм.

ЧЕНЖҮҮД: Евро 4000 төгрөг давж, төгрөг "цаас” болох нь

"Баяр наадмын дараахан ердөө долоо хоногийн хугацаанд "Найман шарга”-аар үйлчлүүлэгчдийн тоо эрс өсөж, рубль, еврогийн эрэлт ихэссэн” талаар тус төвд үйл ажиллагаа эрхэлдэг О хэлж байна.

                       Тэрбээр "Одоо залуус ч гадаад хэл сураад өөр орон руу л зугтахаа боддог болжээ. Хэрэв энэ байдал үргэлжилсээр ам.доллар, евро 4000 төгрөг давбал төгрөгийн ханш үнэгүйдэх нь байна. Төгрөг цаас болох нь” гэв. "Найман шарга”-ын ченжүүд бараг бүгд шахуу валютын ханш цаашид өсөх төлөвтэй байгааг хэлж байлаа.

-"ШАГ”-ЧИД ЕВРОГ 115 ТӨГРӨГӨӨР ТАТУУ ҮНЭЭР АВЧ БАЙНА-

"Найман шарга” төвийн гадна гар дээр солилцоо хийдэг валютын "шаг”-чид зах доторх болон Монголбанкнаас зарласан ханшаас татуу үнээр валют авч байх аж. Жижиг цүнхээ мөрөвчилсөн шорт, углааштай залуугаас евро хэдэн төгрөгөөр авч байгаа талаар асуухад "Евро 3160 төгрөгөөр авч байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт арай үнэтэй байхад нь авсан болохоор 3275 төгрөгөөр зарж байна” гэсэн юм.

А.ӨЛЗИЙ-ОРШИХ: Төгрөгтэй харьцах еврогийн ханшийн өсөлт богино хугацаанд үргэлжилнэ

Төгрөгтэй харьцах еврогийн ханш сүүлийн долоо хоногт олон хувиар өсөж, ам.долларын ханшийг давсан байна. Улмаар "Еврогийн ханш өсөн өссөөр цаашид 4000 төгрөг давах вий” гэсэн "айдас” олон нийтийн дунд төрж байгаа талаар иргэд цахим сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлж байгаа юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор цаашид еврогийн ханш хэрхэх, төгрөгт ямар нөлөө үзүүлэх талаар "Мандал капитал маркетс” үнэт цаасны компанийн эдийн засагч А.Өлзий-Оршихоос тодрууллаа. Тэрбээр "Төгрөгтэй харьцах еврогийн ханш өөр хоёр ханшаас шууд хамаардаг. Нэгдүгээрт, төгрөг ам.доллароос. Хоёрдугаарт, ам.доллар еврогоос хамаарах юм.

                        Өнгөрсөн гурван сарын хугацаанд төгрөгтэй харьцах еврогийн ханш буурч байсан. Тэр үед еврогийн ханш буурсан нь олон улсын зах зээл дэх ам.доллар, еврогийн хослол буурсантай холбоотой. Харин хоёр валютын хослол зах зээл дээр амьсгаа авч, дахин сэргэсэн нь сүүлийн долоо хоногт еврогийн ханш өсөхөд нөлөөлсөн.

 

Цаашид төгрөгтэй харьцах еврогийн ханшийн өсөлт богино хугацаанд үргэлжилнэ гэж харж байна. Ерөнхий зургаар нь хараад үзвэл, тун удахгүй еврогийн ханш буурч, 3100-3200 төгрөг болох хандлагатай байгаа юм.

АНУ-ын Холбооны нэгжийн банк өөрийн бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаа нь олон улсад ам.доллартой харьцах еврогийн ханш унахад нөлөөлж байна. Харин манай орны хувьд төгрөгтэй харьцах еврогийн ханш буурсан нь импортод ашигтай ч, экспортод алдагдалтай” гэв.

 

Г.ХЭРЛЭН

https://ergelt.mn/news/55/single/23320



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.