Тив дэлхийд Монгол Улсын нэрийг гаргаж байгаа тамирчдаа ч бодохгүйгээр бид үгээгүй ядуу, гуйлгачин улс боллоо хэмээн зарлаж орхисноороо мөнгөнд дурласан шүүгч нарын өгөөш болж хувирсан. Олон улсын хэвлэлээр монголчууд олимпийн тамирчдынхаа мөнгийг өгч чадахгүй болтлоо эдийн засаг нь доройтож, ядуурсан гэх мэдээлэл ар араасаа гарч эхэллээ. Энэ лав сайны тэмдэг биш. Монголбанкны валютын нөөц дуусч буйг Төв банкны Ерөнхийлөгч нь олонд зарлаж дуулиан дэгдээв. Араас нь Сангийн сайд нь цалингаа тавьж чадахгүйд хүрснээ зарлаж, Ерөнхий сайд нь цалин хасах тухай мэдэгдэл хийхээс өөр муу зүйл хаана байх билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Олон улсын санхүүгийн үнэлгээний Standard&Poor’s agency Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж B-ээс хасах B болголоо.
Мөн эдийн засгийн өсөлтийн төлвийг ч бууруулжээ. Ингэснээр олон улсад итгэл хүлээдэг улс орны тооноос үндсэндээ хасагдаж байна. Улсынхаа нэр хүндээр бонд босгох байтугай, зээл авах боломж ч хаагдах магадлалтай. Эрх баригчдын хүсээд буй "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд гадныхан бидний юу хийхийг, ямар зүйлд зарцуулахыг тогтмол хянаж, улсын дотоод нууц гэж байхгүй болно. Мөнгө санхүүтэй холбоотой бүх зүйлд гадны хяналт орж ирнэ гэсэн үг.
Тиймээс олимпийн медалиа луйвардуулсан олны бухимдал төд удахгүй улсаараа хямарсан, өр зээлд баригдсан, дампуурлаа зарлаж, зээлийн дарамтад орсон нийгмийн тэмцэл болон хувирч мэдэх нь. Нөгөө талаар өнөө жил монголын эдийн засагт, ард түмний амьдралд хамгийн том цохилтыг арилжааны банкууд өгөх нь тодорхой болж байна. Тодруулбал, арилжааны банкууд зээлээ хумих, хаах боломжийг Төв банкны захирлуудын зөвлөл бүрдүүлж бодлогын хүүг 15 хувь болгосон нь өндийх аргагүй цохилт болов. Банкууд зах зээлд баталгаагүй, найдваргүй зээл гаргаж азаа үзэх үү, эсвэл Төв банкинд мөнгөө өндөр хүүтэй зээлүүлж, хав дарчихаад суух уу гэдэг сонголтыг энэ өдрүүдэд хийх нь. Ингэснээр цалин, тэтгэврийн зээлийн хүү буурах бус өсч, ипотекийн зээл зогсонги байдалд орох нь тодорхой.
Тэд хэзээ ч эрсдэлтэй алхам хийдэггүй. Тиймдээ ч өнгөрсөн гурван сард ар араасаа өрнөсөн эдийн засгийн энэ бүх шокийн мэдээллүүд ард түмний нуруунд хамгийн хүнд ачаа болж очих нь тодорхой болж байна. Банкууд зээлээ хумих бодлого хэрэгжиж эхэлснээр хөл дээрээ босох гэж чадан ядан зүтгэж буй олон зуун аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж дампуурна. 2015 оны сүүл, 2016 оны эхээр гэхэд л 2000 гаруй аж ахуйн нэгж, компани ямар шалтгаанаар гэдэг нь тодорхой бус байдалтайгаар үүд хаалгаа барьжээ.
Эдгээр компаниудын цаана хэдэн мянган хүний ажлын байр, амьдралын баталгаа яригдаж байсныг энд нурших нь илүүц биз. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн шийдвэрээ Төв банк арилжааны банкуудыг дампуурлаас аврахын тулд, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалж, үнэ цэнэтэй болгохын тулд хэмээн тайлбарласан. Гэвч арилжааны банкууд өнөөдөр дампуурах гэхээс илүү харин ч даам гарчихаад байгааг нуух юун. Уул уурхайн хөрөнгө оруулалт багассан, улс орноороо бүсээ чангалсан өнгөрсөн өдрүүдэд хамгийн ашигтай ажиллаж чадсан нь банкууд. Шинэ баригдсан барилга болгоны буланд тэд салбараа нээж буй.
Дэлгүүр, үйлчилгээний төв болгонд хэдэн сая төгрөгийн үнэтэй бэлэн мөнгөний машин жирийтэл нь өрж баярхацгааж байна, тэд. Хэрвээ зах зээлд шударгаар өрсөлдөж, бүх банкны картнаас ижил шимтгэл авдаг байдлаар бэлэн мөнгөний машинаа тохируулсан бол өчнөөн хөрөнгө үрж хэдэн арван машин нэг газар байрлуулж баярхах шаардлага байхгүй. Тэр мөнгөөр үйлчилгээгээ сайжруулах, хүүг бууруулах талаас ажиллаж болох байлаа. Хамгийн багадаа л гурван машин нэг газарт байрлах нь хангалттай баймаар. Хажууханд нь Худалдаа хөгжлийн банкны бэлэн мөнгөний машин хүнгүй байхад ХААН банкнаас мөнгөө авахын тулд уртаас урт оочер үүсгэж зогсоно гэдэг луйвар биш өөр юу байх билээ.
Цахим үйлчилгээний төлбөр буурах бус харин ч нэмэгдчихэж. Хамгийн сүүлд гэхэд л ХААН банкны АТМ-ээс бэлэн мөнгө авахын тулд 100-г биш 200 төгрөг төлөхөөр болжээ. Банк хооронд данснаасаа гүйлгээ хийхийн тулд 3000 төгрөг төлдөг буруу жишгийг ч тэд тогтоолоо. Гэтэл дэлхий дахинд зээл авах нь хүртэл автомат болох хэмжээнд хүрчихэж. Шинээр үүд хаалгаа нээж байгаа аж ахуйн нэгж зөвхөн банк. Хямралтай цаг үед хэдэн давхар өндөр хаус, барилга барьж байгаа ганцхан аж ахуйн нэгж нь банк гэдгийг худлаа гэж хэлэх хүн гарахгүй биз.
Тэр ч байтугаа дампуурч байгаа банкууд маань том ордын хувьцаа эзэмших гэж улайрч, сонгуулийн өмнөхөн Эрдэнэтийн хувьцаагаар шуугиан тарив. Энэ нь дампуурлаа зарлаж буй банкны хийдэг ажил биш баймаар. Банкуудын жилийн цэвэр ашиг нь жилдээ 830 тэрбумаар тоологдож буйг Төв банкны цахим хуудаснаас бэлхэн харж болно. Төв банкийг өнгөрөгч жилүүдэд удирдаж байсан удирдлагууд иргэдийнхээ санхүүгийн боловсролд анхаарах үүднээс шинэ хөтөлбөр эхлүүлсэн.
Өөрөөр хэлбэл, зээл авах, зээлийн эргэн төлөлт, бэлэн мөнгөөрөө хэрхэн хуримтлал үүсгэх тухай мэдлэг, боловсролтой иргэдийг бэлтгэх үндэсний хэмжээний том хөтөлбөр эхлүүлсэн билээ. Үүнд хамгийн чухал үүрэгтэй оролцох газар бол банк. Хөрөнгийн бирж, хувьцааны талаар төдийлөн ойлголтгүй иргэд өнөөдөр зөвхөн банкнаас л зээл авах, банкинд хадгаламж, хуримтлал үүсгэх байдлаар харьцдаг учраас тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэ ажлыг гардан хийх учиртай.
Харамсалтай нь тэдэнд тийм хүсэл алга. Үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх талаар ажил эхлүүлсэн банк ганц нэгээр л тоологдоно. Тэдгээр хөтөлбөр нь мөнгийг нь хэрхэн банкиндаа авах вэ гэдэг хөтөлбөр болохоос та хэдэн төгрөгийн зээл авч, юунд зарцуулах, хүү нь хэрхэн бодогддог талаар мэдлэг олгож байгаа газар нэг ч байхгүй. Иргэд санхүүгийн мэдлэггүй, зээлийн хүү хэрхэн бодогдох ёстойг мэдэхгүй байх тусмаа л тэдэнд ашигтай учраас цаашдаа ч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хуруу гараа хөдөлгөх банк цөөхөн байх нь. 20 жилээр үл хөдлөх хөрөнгийн зээл авсан иргэн эхний 15 жилд зөвхөн банкны хүүг төлдөг улс манайхаас өөр байхгүй.
Сарын 700.000 төгрөгийн цалин авдаг атлаа банкнаас 1.5 сая төгрөгийн цалингийн зээл авч доромжлуулдаг ард түмэн биднээс өөр үгүй. Хадгалуулсан мөнгөө авахын тулд хураамж төлдөг, цахим үйлчилгээ авсан ч, цалингаа авахын тулд ч мөнгө төлдөг хүлцэнгүй хүмүүс зөвхөн монголчууд. Ард түмнээс хууль бус мөнгө хураах нь зөв хэмээж төртэйгээ шүүхдэж даам гарсан банк ганцхан манайд л байгаа. Дотоодын банкны эзэд гэгдэх хэдхэн гэр бүлд бүхэл бүтэн улсынхаа эдийн засгийг атгуулчихаад банкны эздийн хүсэл таашаалаар ажиллаж, хөдөлж, бодлогын хүүгээ дээш доош болгож, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдээ биш арилжааны банкуудын төлөө шийдвэр гаргадаг төртэй улс ганцхан манайх. Бусад улс оронд санхүүгийн зах зээл хэтэрхий өндөр хөгжсөн.
Тэр хэрээр гадны олон ч банк, санхүүгийн байгууллага чөлөөтэй үйл ажиллагаа явуулж, өрсөлдөөнийг бий болгодог. Иргэд хамгийн бага хүүтэй, уян хатан нөхцөлтэйг нь сонгож үйлчилгээ авдаг болчихоод байна. Гэтэл бид ломбардны зарчмаар ард түмнээ дарамталсан 14 банкны эздэд төртэй, түмэнтэйгээ дарамтлуулчихаад сууж байгаа юм. Гаднаас банк орж ирэхийг төр нь биш тэд л шийдэж сууна. Улстөрчдийн амыг ард түмнийг шулж олсон мөнгөөрөө таглачихаад дотооддоо монополь эрх дархыг бий болгочихлоо.
Бид дампуурах гээд байна бодлогын хүүгээ өсгө, иргэдэд зээл өгөхгүй, аж ахуйн нэгж дампуурах нь бидэнд хамаагүй, орон сууцны зээл гаргахгүй байх нь бидний эрх, цалингийн зээл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахгүй хэмээн пээдийж байна. Арга ч үгүй. Ах дүү амраг садан нь бүгд улс төрд орчихсон учраас яалтай билээ. Зах зээлд шилжсэн 26 жилийн хугацаанд бид ийм л замаар явж ирлээ. Цаашдаа ч ингээд яваад байх уу.
Ажлын цалингаар барьцаалж ард түмнийг шулдаг биш үндэсний хэмжээний бүтээн байгуулалт санхүүжүүлдэг, иргэдийн бодит орлогыг зөв үнэлж, үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлдэг, үйлдвэрлэлийг дэмждэг, эд хөрөнгийг нь бус оюун ухааныг нь төсөл хөтөлбөрийг нь барьцаалж зээл олгодог банк ус агаар шиг хэрэгтэй байна. Түүнийг дотоодоосоо эрээд ч хэрэггүй биз. Тиймдээ ч чөлөөт өрсөлдөөн бий болгож, банк санхүүгийн салбарт салхи оруулах цаг нь хэдийнэ болжээ.
Тэр тусмаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар одоо гараа хөдөлгөх цаг нь болсон байна. Алийн болгон ломбардад дарлуулж суух билээ. Ард түмэн ядахдаа санхүүгийн талаар мэдлэгтэй болж, авсан зээлээ асуудалгүй төлж сууг. Бизнесийн зээлээ бага хүүтэй авч, банкны цахим үйлчилгээг ядахдаа мөнгө төлөхгүй аваг. Дэлхийн банк санхүүгийн томоохон тоглогчид болох "Standart Chartered”, "Mitsubishi”, "ING”, "Mitsui”, "Sumitomo” зэрэг банкны төлөөлөгчийн газар Монголд байгуулагдсан ч банкны салбарын ноёрхол, эздийн хязгааргүй шунал хүслийг мэдэх учраас өнөө хэр салбар байгуулсангүй.
Хятадын төв банк орж ирэх нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэх үзэл суртлын дайныг тэд л явуулж ирлээ. Цаашдаа ч явуулна. Гэвч алийн болгон монголчууд жалгын үзлээр сэтгэж, эх орондоо хайртай хэмээн олсон хэдэн төгрөгөө шулуулж суух билээ. Тиймээс салхи оруулж, өөрчлөлт хийх цаг болсон байна. Эс тэгвээс чөтгөрийн тойрог шиг дампуурлын тухай яриа, зээлийн хүү өндөр байна гэсэн эцэс төгсгөлгүй гомдолтойгоо дахиад ч нэг зууныг туулах биз.
Эх сурвалж: mminfo.mn /Өнөртогтох/
Сэтгэгдэл