МАН-ын зуны цэцэг шиг амлалтууд


МАН-ын зуны цэцэг шиг амлалтууд

 

2020 оны сонгуулиар УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН улс төрийн тогтвортой байдлыг юун түрүүнд амлаж байсныг уншигч та санаж байна уу.

1.

Монголын гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн гол дайсан бол улс төрийн тогтворгүй байдал гэх пиарыг МАН хангалттай хийсэн. Тийм ч учраас ард түмэн тогтвортой төр засаг хүсч У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ыг үнэмлэхүй дэмжиж,  Төрийн ордонд залсан. Гэвч яг үнэндээ энэ бол МАН-ын цэцэг шиг "гоё" амлалтын нэг нь байсныг МАН-ын Засгийн газрын өнөөгийн дүр төрхөөс харж байна. 2020 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-д тангараг өргөж томилогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газар ердөө зургаан сарын дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

У.Хүрэлсүх болон МАН-ын нийтэд ил цацсан мэдээллээр төрсөн эмэгтэйг таавчигтай нь эмнэлгээс эмнэлэгт шилжүүлж хариуцлага алдсан Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдаа чөлөөлөхөөс татгалзаж, танхимаараа огцорсон. Гэхдээ энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "гоё” төрхтэй харагдах гэсэн өнөөдрийн Ерөнхийлөгчийн пиарын багийн хийсэн "тоглолт”. За ингээд У.Хүрэлсүхийн сонгуулийн багийн ажиллагаа хэрхэн өрнөснийг хэн бүхэн мэднэ. Цэц бол МАН юм гэдгийг тухайн үед мэргэжлийн хуульчид, улс төрчид байтугай энгийн иргэд ч мэдэрсэн. Гэхдээ өмнөх Ерөнхийлөгчөөс салах гэж их хүсэл улстөрийн хүрээнд байсан учраас "алга ташаад” өнгөрсөн.

2.

Ингээд МАН-ын нэг Засгийн газар унасан. Дараагийн Засгийн газрын тэргүүн бол нэгэнт бэлэн байсан. МАН-ын залуу боловсон хүчин Л.Оюун-Эрдэнийн хувьд хэдхээн жилийн өмнө "хэн нэгэнд” хэлсэн "Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь үүр” гэх үгээ санах цаг нь ирсэн. Өөрийнх тэмцэж, ярьж явснаар сонгуульд ялсан намын дарга бол Ерөнхий сайд байх ёстой. Гэвч өөрт үйл явдал арай өөрөөр тохиосон. Ерөнхий сайд сонгуульд ялсан намын дарга болох ёстой болсон. Ийнхүү МАН 100 жил болсон ч шинэчлэгдэж чаддаг гэх "гоё” үгээр тэр намын даргын эрх мэдлийг  атгасан.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Алсын хараа-2050” гэх "гоё” зохиол тэвэрсээр, авлигатай тэмцэж, дээд дунд шатны авлигачдыг зайлуулах тухай ярьсаар... 30 жилийн алсыг харсан хөгжлийн бодлого бол энэ Засгийн газрын үед цааснаас буухгүй нь ойлгомжтой. Засгийн газрын дэвшүүлсэн гурав, дөрвөн жилийн бодлого ч биелсэн нь хэд билээ. Тиймээс "Алсын хараа-2050”-д ач холбогдол өгч уншсан МАН-ын гишүүн хэд бол гэдэг эргэлзээтэй. Энэ бол ердөө л МАН-ын ээлжит "гоё цэцэг”.  Авлигын тухайд бол Хөгжлийн банк гэх бэлэн үзүүлэнг гаргаж тавьсан төдий.

Харин намынхаа их хурал дээр "Шинэ сэргэлтийн бодлого” гэх хөгжлийн тухай дараагийн "гоё үлгэр" сугавчилж ирээд ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе хэмээн уриалсан. Гэвч тууз хайчилж, цай булаад яваа ч гэсэн их бүтээн байгуулалт өрнөөд байна уу гэвэл худлаа. Харин ч төсвөөс бүтээн байгуулалтын цөөнгүй ажлыг хасч танасан. Хэдийгээр статистик мэдээнд цөөнгүй нэмэхтэй үзүүлэлт дурдагдаж байгаа ч бодит байдал дээр ард түмний амьдрал хасах руу уруудсаар. Ам.доллар 3000 давж, гар дээр авдаг хэд нь амьдралд хүрэхгүй болов. Авлигатай хэрхэн тэмцэж байгааг "40 саяар торгосон гэх” бэлэн жишээнээс харж болно.

Гэтэл МАН Засгийн газрын ажил урагшлахгүй байгааг "танхимын сайд нар зангараггүй учраас УИХ-д ажлаа танилцуулж батлуулж чадахгүй байна” гэх тайлбараар дараагийн ээлжнийхэнд "жан” хүртээхээр зэхэж байна. Үүний тулд Үндсэн хуульд ахин засвар хийхээр болов.

Уг нь, УИХ-аар 2019 оны 11 дүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд УИХ Засгийн газрын гишүүн бүрийг хэлэлцэн томилох эрхээсээ татгалзан, Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгсөн. Энэ өөрчлөлтийг МАН өөрөө л хийсэн. Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн барьцаанд ажлаа хийж чадахгүй байна гэх "гомдлын мөрөөр” Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ Монголын парламентын өнөөгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран ажиллахад тодорхой тоон хязгаарлалт байх нь зүйтэй гээд Засгийн газрын  танхимд УИХ-ын гишүүн буюу өнөөдрийн ярьдгаар "давхар дээлтэй” сайд дөрвөөс илүүгүй байхаар квот тогтоосон.

Харин, МАН өөрсдийнхөө эрхийг хязгаарласнаа гэнэт ухаараад ердөө гурван жилийн өмнө "зассан” Үндсэн хуулиа, Үндсэн хуулийн манаачаар нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргууллаа. Өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө үгүйсгэвэл "муухай”учраас Н.Ганибал, Ш.Адьшаа мэтийг урдаа барьсан. Хэрэг болбол тэдэнд ахиад ч ийм "нөхөд” олдоно. Ирэх долоо хоногт УИХ ээлжит бус хурлаараа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах нь тодорхой боллоо.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд өөрийн сонгосон, өөрийн танхимын гишүүдээсээ татгалзах нь.

3.

Нийгмийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн "гоё цэцгийн” нэг нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн Хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмээ цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх. Гэтэл хувийн хэвшлийг хаасан боосон шийдвэрүүд ар араасаа гарч байгаа. Торгууль, хаалгыг нь барих, хөрөнгийг нь хураах гэдэг нэр томъёо сүүлийн нэг жил хамгийн олон сонсогдох болсныг иргэд ч анзаарч байгаа. Ерөнхий сайд ч 50 саяар торгоё, хууль гаргаад л шийдчихье, ядах юм алга хэмээн хэвийн зүйл мэт ярих боллоо.

Олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичсэнийхээ төлөө залуус байцаагдаж эхлэв. Цар тахлын үед Засгийн газрын гаргасан шийдвэрүүд энгийн иргэдэд, МАН-ын дарга нарт өөр өөрөөр үйлчиллээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд "2021 онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ” гэх баримт ч байна.

МАН-ын нийтэд цацсан "гоё цэцгүүд” ийн ганцхан зуны ч аяыг даасангүй. Харин бид үхсэн цэцгийн үнэрт нь "мансуурсаар” суух уу.  

http://hardnews.mn/22375/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.